Дэргэд минь байж

Уучил намайг, чиний сэтгэл
Навч биш цэцэг нь байж дээ чи минь
Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд
Амраг минь, чи байсныг мэдсэнгүй таньсангүй ээ
Халуухан байж дээ чи минь
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцэгсийн хүрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгүй ээ

Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй, мэдсэнгүй

Уучил намайг, чиний сэтгэл
Урсгал биш, ундарга нь байж дээ чи минь
Өнгийн цэцгийн хүрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангүй

Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайгаа уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй мэдсэнгүй


Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Ч. Чулуунбат
Дуучин Ч. Чулуунбат
2002.10.26. 23 цаг 18 минут

Цааш унших...

Догь байгаа биз

Чи минь наашаа ирж яваа би мэдэж байна
Чин сэтгэлээсээ яарч яваа би итгэж байна
Аниргүйн дунд ганцаараа чи минь алхаж яваа
Амрагийн дуу аяланхан гүйж яваа би мэдэж байна

Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз

Хайрт минь наашаа ирж яваа би мэдэж байна
Халуун сэтгэлээсээ яарч яваа би итгэж байна
Хавирган сарын нумартал чи минь харуулдан яваа
Хайрын дуу аяланхан гүйж яваа би мэдэж байна

Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз

Тэр минь наашаа ирж яваа би мэдэж байна
Тэнгэрийн дор яарч яваа би итгэж байна
Сэтгэлийн уянга цацруулан чи минь эгшиглэж яваа
Сэргэлэн нүдээ тормолзуулан исгэрч яваа би мэдэж байна

Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Г. Жаргалсайхан
Дуучин Т. Ариунаа


2002.05.30 17 цаг 25 минут
Нью-Йорк хот. Манхайтен дүүрэг.
Зүүн 88-р гудамж. 205-р байр.
11-ийн “ж” тоот хаалга

Цааш унших...

Чи миний амьдрал

Өчнөөн жил ханилсан ч
Өчигдрийн бороо шиг шинэхэн
Өнгө тунамал зүрхэн, хайр минь
Үлгэрийн цэцгэн шивнээ
Үнэнч миний амраг
Үзэсгэлэнт чи миний, хайрын домог
Хайрын алтан завъяа
Хань минь чи наддаа ганцхан
Үдлээд буух энэхэн орчлонд
Үрийн тэнгэртэй хайрын домог
Чи миний амьдралын минь баяр жаргал

Чи миний хайр, ертөнцийг харах гэгээн мэлмий
Би чиний, амьдралд тэмүүлсэн зүрхний уянга
Бидэн хоёрын хайр, ханьсахын жаргал амьд домог
Бие биедээ ууссан, өглөөний шүүдрийн мөнгөн дусал

Олон жил ханилсан ч
Оройн болзоо шиг шинэхэн
Омог бардам зүрхэн, хайр минь
Онгодын минь ундарга
Огторгуйн солонго
Орчлонд чи миний, хайрын оргил
Хорвоогийн ховорхон заяа
Хонгор минь чи наддаа ганцхан
Шүүдрийн дусал, ариухан чи минь
Шүтээн бүхний хайрын оргил
Чи миний амьдралын минь гэгээн гуниг

Чи миний хайр, ертөнцийг тольдох гэгээн мэлмий
Би чиний, амьдралд тэмүүлсэн зүрхний чинь уянга
Бидэн хоёрын хайр, ханьсахын жаргал амьд домог
Бие биедээ ууссан, өглөөний шүүдрийн мөнгөн дусал

Насаараа ханилсан ч
Намрын сар шиг шинэхэн
Намуун уянга зүрхэн, хайр минь
Алхам ч холдохын зайгүй
Аз жаргалын шувуухай
Амраг чи миний, тэнгэрийн сахиус
Гэрийн минь бүтэн заяа
Гэгээн чи минь, наддаа ганцхан
Зүрхэнд шингэсэн дурлалын бурхан
Зөөлөн тэврэх чиний минь үнсэлт
Чи миний амьдралын минь хайрын шүтээн

Чи миний хайр, ертөнцийг тольдох гэгээн мэлмий
Би чиний, амьдралд тэмүүлсэн зүрхний чинь уянга
Бидэн хоёрын хайр, ханьсахын жаргал амьд домог
Бие биедээ ууссан, өглөөний шүүдрийн мөнгөн дусал


Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Ч. Чулуунбат
Дуучин Т. Ариунаа

2003.03.19. 20 цаг 15 минут Чукагийн гэрт.

Цааш унших...

Гар утас ертөнцийг атгуулна

Миний гар утсаар
Мессеж зөндөө ирдэг
Заримдаа залхуу хүрээд
Уншиж ч амжилгүй устгачихдаг
Харин тэгтэл ойрын үед
Хаанаас ч юм, хэнээс ч юм нэгнээс
Хайрын үгтэй мессеж
Хагацаж салахаа болилоо

Гар утас амраг сэтгэлийн болзоо болж
Хайр сэтгэлийг минь авчирсан
Хайрын минь алтан зууч

Миний гар утсаар
Мессеж зөндөө ирдэг
Заримдаа залхуу хүрээд
Уншихгүй арилгадаг
Харин тэгтэл ойрын үед
Хаанаас ч юм, хэнээс ч юм нэгнээс
Хайрын үгтэй мессеж
Хагацаж салахаа болилоо
Чиний гар утас руу
Зүрхний зураг явууллаа
Хайрын үгсээ чамруу илгээе
Хариу надад бичээч

Гар утас хайр сэтгэлийн гүүр болж
Гар утас хаана ч явсан солонго шиг дагана
Гар утастай байхад ганцаардахгүй
Гар утас миний гарт ертөнцийг атгуулна

Миний гар утас руу
Хүмүүс зөндөө ярьдаг
Харин чамтай ярихад
Хамгаас илүү жаргалтай
Чамайг ярихгүй зөндөө удахаар
Чамайг үгүйлэн гар утастайгаа ярина
Гар утас амраг сэтгэлийн болзоо болж
Хайр сэтгэлийг минь авчилсан
Хайрын минь зууч

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Д.Болд
Дуучин Камертон
Цааш унших...

Би монгол хүн

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин Камертон

Би монгол хүн

Хөх тэнгэрийн дуудлага
Хөх толботой төрсөн - би монгол хүн
Уртын дууны уянгалаг шуранхайд нь
Уярч мэлмэрдэг уяхан - би монгол хүн

Аргалын цэнхэрхэн талдаа
Адуунд эрэмгий өссөн - би монгол хүн
Наадмын торгон дэвжээнд
Наран мэт баясдаг – би монгол хүн

Эх орон газар нутаг таныгаа
Ээж аавтайгаа зүйрлэдэг – би монгол хүн
Азийн элгэнд нүүдэлчин удмынхан би
Ариухан тэр ард түмнийг монгол гэдэг юм
Би тэнгэрлэг монголчууд

Энгэр цагаан үүлний нүүдэл шиг
Эрх дураараа жаргасан - би монгол хүн
Эсгий цагаан монгол гэртээ
Эрхлэж торнин өссөн - би монгол хүн
Мөнх тэнгэрийн зарилгатай монголчууд
Мөрөөдөл дүүрэн заяатай монголчууд

Азийн элгэнд нүүдэлчин удмынхан би
Ариухан тэр ард түмнийг монгол гэдэг юм
Би тэнгэрлэг монголчууд

2002.08.20. 20 цаг 00 минут

Цааш унших...

Нарны хаан хүүхэд

Нарны гэрэл хүүхэд насыг цэцэг шигээ хайрлая
Наашлах цагийн замыг товчлон цэнгэлийн дуугаа өргөе
Газрын хаан хүүхдийн хүслийг гал шигээ дээдлэе
Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Ариухнаас ариун хүүхэд чамайгаа алгаа тосон хайрлая
Айсуй цагийн тэнгэрт залбирч ардын дуугаа өргөе
Дэлхийн хаан хүүхдийн хүслийг дээдэс шигээ хүндлэе
Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Өдлөн нисэх хүслийн шувуухайг өглөө шигээ хайрлая
Ирэх цагийн аясыг зөгнөн итгэлийн дуугаа өргөе
Нарны хаан хүүхдийн хүслийг нандигнан дээдлэе
Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин Т.Ариунаа
2001.08.09. 01 цаг 03 минут
Цааш унших...

Эрх саран


Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин С.Сэрчмаа

ЭРХ САРАН

Оддын дунд зугаалах эрх саран
Орой бүр хайрын үлгэр ярина
Ханашгүй тэр үлгэрийн
Хан хүүг би зүүдэлнэ
Яг дэргэд минь байгаа юм шиг
Ялгуун саран эрхэлнэ

Үйтэн хуар шиг толбот эрх саран
Үдэш бүхэн чиний тухай ярина
Зүйрлэшгүй тэр жаргалын
Зөн совингийн аялгуу
Дэргэд минь байгаа юм шиг
Тэргэл саран эрхэлнэ

Хайрт минь тэр сарыг хар даа
Хайрын тэргэл сартай ярь даа
Дулаан уруул шиг дурлалын саран
Дунд минь наадна
Дуу шиг энэ их хорвоод
Эрх саран эрхэлнэ ээ

Бодлыг минь аргадах ухаант эрх саран
Болор жүнз мэт дарсны тухай дуулна
Хайрын тэр дарсны
Халуун илч зүрхэнд цутгана
Миний саран хүлэг
Сэтгэлийг минь илчлэнэ

Хайрт минь тэр сарыг хар даа
Хайрын тэргэл сартай ярь даа
Дулаан уруул шиг дурлалын саран
Дунд минь наадна
Дуу шиг энэ их хорвоод
Эрх саран эрхэлнэ ээ

2001. 08. 13.

Цааш унших...

Миний хайртын төрсөн өдөр

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин Чинбат

МИНИЙ ХАЙРТЫН ТӨРСӨН ӨДӨР

Намуун аялгуут цэцгийн тухай дуугаа чамдаа би дуулна аа
Надтай учрах гэж чи минь төрсөн
Хаврын яргуй цэнхэртэн дэлгэрэх тэр цагаар би
Ханашгүй жаргалаа зүүдэллээ
Чандын холоос хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Чамтай учрах гэж би ирсэн
Бүлээн уруулаас дурлалын үгийг сонсох тэр цагаар би
Бүхнийг мартан чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Хайрын бороо сэтгэлд шивэрнэ ээ

Тэнгэрт түгэх оддын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Тэврэлдэн учрах гэж гэж чи минь төрсөн
Тэргэл сартай алтан наран ихэрлэх тэр цагаар би
Тэнүүн жаргалаа би зүүдэллээ
Ятгын эгшиг хайрын тухай дуугаа чамдаа би дуулна аа
Янагхан чамайгаа гэж би ирсэн
Ялгуун талын усан зэрэглээ үелзэх тэр цагаар би
Ялдам сайхан чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Зуу зуун солонго зэрэг солонгорно оо
Миний хайртын мэндэлсэн өдөр
Зуны бороо сэтгэлд шивэрнэ ээ

Насны заяа ханийн тухай дуугаа чамдаа би дуулна аа
Намайг уяраах гэж чи минь төрсөн
Үүрийн гэгээ манхайн цайх тэр цагаар би
Үгүйлэхийн жаргалаа зүүдэллээ

Дуулаад дуусашгүй дурлалын тухай дуугаа чамдаа дуулна
Дурлаж дурлуулах гэж чи минь ирсэн
Учрах л гэж чамтайгаа учирсан тэр цагаар би
Ухаангүй хайртай гэж чамайгаа зүүдэллээ

Миний хайртын төрсөн өдөр
Гайхамшигт аялгуу эгшиглэнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ
Миний хайртын мэндэлсэн өдөр
Мянган сарнай цэцэг дэлгэрнэ ээ
Миний хайртын төрсөн өдөр
Ганцхан чамдаа хайраа шивнэнэ ээ
Ү. Хүрэлбаатар
2001. 05. 07. 23 цаг 15 минут. Л. Балхжавын гэрт.


Цааш унших...

Би хэнтэй ч учирч болох байсан

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Н.Халиун
Дуучин Камертон

Би хэнтэй ч учирч болох байсан

Би хэнтэй ч учирч болноо
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан
Би чамд хайртай гэж анх тэвэрсэн
Бид хоёр тэр үгээ сэтгэлээсээ хэлсэн
Орчлон хагарсан ч бид хоёр хагацахгүй
Оройжин бид ингэж ярьсан

Шөний саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээх салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал

Нэг л мэдхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий үлдсэн
Аяны зам дэндүү олон салаатайг
Амьдралд хөл тавиад мэдсэн
Салж нийлдэг хорвоо ийм л байдаг
Санаагаар болдогүй амьдрал тийм л байдаг
Хайрын орчлонд авах гээх юм зөндөө ч
Анхны хайраа насан туршдаа хайрлана

Шөний саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээх салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал

Инээх уйлахын завсар
Ирээд буцсан анхны минь хайр
Нэг л мэдэхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий үлдсэн

Шөний саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээх салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал
2000 он

Цааш унших...

Шивнэх үгс

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Б.Эрдэнэбат
Дуучин Камертон

Шивнэх үгс

Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзъя

Салхи нь саатам намуухан дөлгөөн үдэш минь
Саран шингэтэл хүлээгээч
Сар жилээр бодогдох түүний минь царай
Сайхан нь үргэлж тодроод байх юм

Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэргэлээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биенд минь үүрд шингэн уусаач

Шөжингөө хамтдаа зугаалсан үүрийн цолмон минь
Шивнэх үгийг минь сонсооч
Насаараа хамтдаа аялах орчлон дэлхий минь
Надтай бодлыг минь хуваалцаач

Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзъя

Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэргэлээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биенд минь үүрд шингэн уусаач

Хэлээч хайрт минь хэлээч
Хэн нэгнийх биш зөвхөн чинийх гэж хэлээч
Хайрт минь зөвхөн чинийх гэж шивнээч наддаа
Биенд минь шингэн уусаач

Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэргэлээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биенд минь үүрд шингэн уусаач
2000 он

Цааш унших...

Дөрвөн цагийн зурлага

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Балхжав
Дуучин Камертон

ДӨРВӨН ЦАГИЙН ЗУРЛАГА

Алсын уулс цэнхэртэн униартахад
Аягатай тарагнаас яргуй үнэртэнэ
Аялгуут дуу сэтгэлд минь нялхрахад
Ангир уурагандаа янзага тэмүүлнэ

Хурдан морины уяа сойлго таарахад
Хулан тахийн шинж нь бүрдэнэ
Хулсан хусуур сувдран хөлрөхөд
Хултай айрганд уруул чимчигнэнэ

Ай хавар, зуны улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэр шүтсэн монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ

Хүүхэд залуус эрдмийн аянд мордоход
Хүн бүрийн сэтгэл дүүрэн
Намар цагийн салхин зөөлөн үлээж
Намайг чамайг даллах шиг санагдана

Ай намрын сайхан улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэр шүтсэн монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ

Үлэмж ариун цагаан цасан ширхэг
Үлээх салхи түүх хүүрнэнэ
Хүйтний эрч чангарах тусам
Хөх чонын жавхаа нэмэгдэнэ

Ай өвлийн сайхан улирал минь
Алтан нарны бичээс билээ
Тэнгэр шүтсэн монгол түмний минь
Тэгш дөрвөн зурлага билээ
2000 он

Цааш унших...

Надруу яриач

Чамайг ярих болов уу гэж
Цаг харан удаан хүлээлээ
Үнэнч сэтгэлийг минь шалгах гэсэн мэт чи минь
Үдшийн бүрий үүрийн гэгээ намайг нөмөрлөө

Чамайг ярих болов уу гэж
Утас чагна удаан хүлээлээ
Чанд холын одод гүн тод гялалзаад
Уйтгар гунигийг минь баяр жаргалтай тэцүүлж
Амьдрал хайрыг минь хуваалцаач
Өдийд чи минь хаана явна
Өдрийн бодол шөнийн зүүд минь
Өр зүрхэнд чинь миний зай байна уу үгүй юу
Өлгийн дуу шиг орчино уу үгүй юу
Чамайг ирэх болов уу гэж
Хаалга чагнан шөнөжин харуулдлаа
Үүрийн гэгээ манхайн цайж
Үгүйлэх сэтгэлийн хэцүүг
Үүрийн гэгээтэй хамт би чинь ухаарлаа
Хувь заяг минь хуваалцаач

Чамайг ярих болов уу гэж
Утас чагна удаан хүлээлээ
Чанд холын одод гүн тод гялалзаад
Уйтгар гунигийг минь баяр жаргалтай тэцүүлж
Амьдрал хайрыг минь хуваалцаач

Өдийд чи минь хаана явна
Өдрийн бодол шөнийн зүүд минь
Өр зүрхэнд чинь миний зай байна уу үгүй юу
Өлгийн дуу шиг орчино уу үгүй юу

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Л. Ган-Эрдэнэ
Дуучин Камертон
2000 он
Цааш унших...

Сар шиг холын нутагт

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоор орхисон нутгаа санахгүй яах вэ

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсэн юм
Харийн хүмүүс наанаа инээвч цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсэн юм
Зоосны нүхээр хорвоог хараагүй
Зорьсноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн юм

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоор орхисон нутгаа санахгүй яах вэ

Агуу түүхтэй нутгаа би алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би амин зүрхэндээ тээж явна
Дээд тэнгэрээс заяат нутгаа дэлхийн цээж гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би тээж явна сэтгэлдээ

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Хэрсүү ухаандаа нутгаа бодсон юм
Ийм л амьдрал үзэх гэж би тэмүүлсэн юм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна аа

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоор орхисон нутгаа санахгүй яах вэ

Агуу түүхтэй нутгаа би алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би амин зүрхэндээ тээж явна
Дээд тэнгэрээс заяат нутгаа дэлхийн цээж гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би тээж явна сэтгэлдээ

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зон монголынхоо зоригийг дуулахгүй гээд яах вэ

Шүлгийг Ү. Хүрэлбаатар
Хөгжмийг Г. Жаргалсайхан
Дуучин Лхагвасүрэн
Цааш унших...

Эх оронч үзэл- Даяаршлийн үеийн дархлаа

Улс үндэстний оюуны дарлааны нэг нь эх оронч үзэл, эх оронч хүмүүжлийн төлөвшил юм. Тиймээс “Соёмбо” сонин энэ эрхэм сэдвийг ончлон сонгож “Эр оронч үзэл, хүмүүжил гэж юу вэ?” гэсэн цуврал нийтэлж байна. Манай энэ цувралын анхны зочноор Түгээмэл дээд сургуулийн захирал, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, яруу найрагч, сэтгүүлч Үржингийн Хүрэлбаатар уригдлаа.

Эх оронч үзэл гэж таны бодлоор юуг хэлэх вэ?
Тагнайд анх амтагдсан ангир уураг гэж хэлж болно. Ижийн анх амлуулсан ангир уургаас өмнө эх орны агаар энэхэн биед минь уушиг тэлэн орж ирсэн бус уу. Ангир уураг, эх оронч үзэл хоёр миний анхны амьсгаа авах часхийн чарлах дуунаар ийн исэлдэж хүний төрөлх чанар болох хувирах тэр гайхамшигт эгшинг би хувь хүний эх оронч үзлийн эхлэл гэж боддог. Тиймээс эх оронч үзэл бол хүний ой санамжийн таримал бус төрмөл чанар юм. Товчхоноор хэлэхэд эх оронч үзэл бол зөн билгийн ой санамж юм.

Зөн билгийн ой санамж гэдэг сонин санаа байна. Та үүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?
Орчлонгийн амьдрал үргэлжилж байна. Тэгэхээр нэг нь төрж, нөгөө нь үгүй болох энэ явц дунд нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах нэгэн далд хүчин, шидэт увидас тэр бүхнийг хөглөөд, хөтлөөд байгаа юм шиг санагдаж байгаа биз. Үүнийг л зөн билгийн ой санамж гэж хэлж байна л даа. Хүн хэмээгч энэ аугаа зөн билэгтэн ой санамждаа олон зүйлийг кодлон хадгалан дараа үедээ дамжуулахдаа чухамхүү эх оронч үзлийг л удамшуулаад байх шиг санагддаг. Яагаад гэвэл ижийдээ хайргүй хүн гэж энэ орчлонд байхгүй. Ижий минь миний хувьд эх орон минь юм. Эх орон минь миний хувьд эх дэлхий минь юм. Орчлонг хайрлах их ухаан холоос бус бүр ойроос, ижийн минь ангир уураг, зөөлөн энгэр, бүүвэйн дуунаас эхтэй. Ижийгээ хайрлаагүй хүн эх орноо хайрлана гэж үгүй. Эх орноо хайрлаагүй хүн эх дэлхийгээ хайрлана гэж бүр үгүй.

Манай сонин эх оронч үзэл, хүмүүжлийн талаар цуврал нийтлэл бэлтгэж анхны ярилцлагаа хийж байна. Тэгэхээр эх оронч, хүмүүжил гэсэн энэ ойлголтыг юу гэж үзвэл зохилтой вэ?
Одоо чинь дэлхий бөөрөнхий биш хавтгай болчихсон цаг. Мэдээлэл, технологийн дэлхийн цунамийн цохилтон дунд монголоор нь авч үлдэх цорын ганц “цөмийн зэвсэг” нь энэ эх оронч үзэл, хүмүүжил гэж бодож байна. Хүний амьдрал гэгч уйлж авсан анхны амьсгалаас уйлуулж гаргасан сүүлчийн амьсгал хоёрын дунд л оршдог. Эх орон гэгч зөн билгээрээ учирч зөнд нь орхин буцсан ижий минь юм. Миний эх орон минь мөнхөд оршиж дараагийн үед өвлөгддөг. Тиймээс энэ ой санамжинд буй эх орон минь мөнхөд оршиж дараагийн үед өвлөгддөг. Тиймээс энэ бие зуурдынх, эр орон үүрдийнх юм. Тэгэхээр эр оронч үзэл, эх оронч хүмүүжил гэх ойлголтыг үзэл суртлын үеэс тэс өөрөөр харах, сурталчилах нь зөв байх. Үл анзаарагдам ч үлэмж хүчирхэг ийм сэдвийг ингэж хүчтэй гарган тавьж байгаа танай сонины нийтлэлийн бодлогод талархаж байна.

Эх оронч үзэл, хүмүүүжил төрөлх чанартай юм бол түүнийг яаж дэлгэрүүлэх вэ?
Хамгийн гол зүйл нь энэ. Хүн төрөлх чанараасаа холдох тусам араатан шинж рүү ойртдог. Магадгүй ийм шинж ажиглагдаж эхэлсэн бол эх оронд минь аюулын харанга дэгдлээ гэсэн үг. Хэдийгээр шинэ үеийнхэн эх орон гэдэг олйголтыг бидний үеийнхэн шиг төрөлх чанар гэж ойлгож авахгүй мэт байжл байгаа. Тиймээс нэгдүгээрт, тэр төрөлх чанар болон кодлогдсон төрөлх эх оронч үзлийг сэрээх хэрэгтэй. Энэ нь монгол сэтгэлгээгээр монголынхоо уул, ус, ургамал амьтан, алт эрдэнэс, аав, ижий, анд нөхдөө хайрлах зөн билгийн зөөлөн бороог урин дуудна гэсэн үг. Хоёрдугаарт, нэгэнт сэрж мэдэрсэн, сэтгэж ургасан тэр эх оронч үзлийг эх оронч хүмүүжил болгон хувиргах хэрэгтэй. Энэ нь өвгөдийн ухаан өнөөгийн бие хүнд уусан шингэж дараагийн үед зөн билгийн мэдрэмж болон зочлоно гэсэн үг. Гуравдугаарт, эх оронч үзэл, хүмүүжлийг хувь хүний төлөвшил төдийн жижиг ойлголтоос ангижирч даяаршлын үеийн үндэсний дархлаа хэмээн үзэж төрийн хар хайрцагны бодлого болгон авч явах учиртай.

Эх оронч үзэл, эх оронч хүмүүжил хоёрыг салгаж ойлгож болох уу?
Энэ чинь алганы ар өвөр хоёрыг салгаж ойлгож болох уу гэсэнтэй агаар нэгэн юм.

Хүүхэд залуучуудыг эх оронч үзэл, хүмүүжлээр хэрхэн төлөвшүүлэх вэ?
Эх оронч үзэл, хүмүүжлийн төлөвшилтийг үндэстний хэмжээний цогц асуудал болгон авч үзэх нь зүйтэй юм. Хүүхэд залуучууд түүний онцгой нэгэн бүс мөн боловч тэднийг тусгайлан онцлох нь их бодлогод тустай зүйл биш. Үнэндээ эх оронч үзлийг хөгшчүүд ярьж залуучууд хэрэгжүүлдэг юм. Ярьдаг, хэрэгжүүлдэг хоёрт яг адилхан хандмаар санагддаг. Хэрэв хүүхэд залуучуудын энэ талын хүмүүжил, ой санамж бүдэг байна гэж үзвэл түүнд ахмад үеийнхэн, аав ижий нь л буруутай. Хүүхэд залуучуудыг эх орноороо бахархах омог бардам бахархалтай болгох хэрэгтэй. Энэ нь улс орны хөгжил, хувь хүний амьдралын сэтгэл ханамжийг мөрөөдлийн түвшинд биш юмаа гэхэд бодит боломжийн хэмжээнд хүргэх шаардлагатай байна гэсэн үг. Төрийн бодлогын зөв мэргэнийг сонгуулийн амлалтаар бус согтуу эрхэмийн амнаас унах эх орноо хайрлах сэтгэлээс харж болох байх шүү. Эх оронч үзэл, хүмүүжлийн төлөвшилтийн эцсийн хэмжүүр нь энэ ч байж мэдэш.

Өнөөгийн залуучуудын эх оронч үзлийн түвшин хэр байна гэж та боддог вэ?
Үе үеийнхэн өөр өөрийн эх оронч үзлийн түвшинг үүсгэж байдаг. Хүн бүр л өөрийнхөө үеийг мундаг гэж залуу үеэ гоочилдог. Тиймээс өөр хооронд нь харьцуулах хэрэггүй. Өнөө үеийн залуучуудын эх оронч үзлийг би өөдрөгөөр хардаг. Ерэн оны хувьсгалыг эх оронч залуучууд л хийсэн. Шинэ зууны шинэ монголын амьдралыг эх оронч залуучууд л босгож байна. Харамсалтай нь хамаг сайхан залуучуудаа харийн нутагт боолын хөдөлмөрт малийндаж байгаад л илгээж байна. Гадаадад сурах нэрээр монгол сэтгэлгээг харьжуулж байна. Эх орны хилийн дээс алхсан монгол хүн долоо хоноод л эх орон руугаа тэмүүлдэг. Энэ чинь л эх оронч үзэл, хүмүүжлийн оргил цэг шүү дээ. Гэтэл тэднийг эх орон руу нь эргүүлэн татах бодит хөгжлийн боломжтой нөхцөл өнөөдөр монголд алга. Тэд эх орондоо хайргүйдээ бус халагласандаа харь нутагт байзнасхийж байна. Тэгэхдээ яах вэ, монголын заяа их юм болохоор төр төлөвших цаг ирэх байлгүй.

Зэвсэгт хүчин, цэрэг арми эх оронч үзэл, хүмүүжлийг хамгийн ихээр олгодог байгууллага, орчин мөн үү?
Яахын аргагүй онцгой орчин мөн. Тиймээс танай сонин ийм цувралыг явуулж байгаа байх. Эр цэрэг эх орондоо тангараг өргөдөг. Эх орон гэдэг чинь өнөөх л ижий сэтгэл шүү дээ. Яагаад эцэг орон гэхгүй эх орон гэдэг юм бэ? Аминаас тасарсан амь болохоор л тэлж нэрлэдэг байхгүй юу. Яараагд улс оронд зэвсэгт хүчин байдаг юм бэ? Ижий эх оронтой болохоор л тэр байхгүй юу. Тэгэхээр цэрэг арми тэр аяараа эх оронч үзэлд л тангараг өргөдөг гэж хэлж болно. Учир нь эх орон гэдэг гагц газар шороо бус, аав ижий, амраг хань төдийн бус монгол эх оронч үзэл санаа юм. Эх оронч үзэл, хүмүүжлийн үнэ цэнэ үүнд л оршино.

Ярилцсан Г.Баатарнум
2009.11.10


Цааш унших...

Гурван мөртийн дөмөг тайлал

Хаврын өдөр
Намрын шинж орох нь
Чи байж

Нүүдлийн шувуу тэмүүлэн ирдэг хаврын өдөр шувуу буцдаг намрын жихүүн салхи сэвэлзэх нь буцах үйлийн дохио мэт санагдана. Тэр нь миний хайрлаж, магадгүй ханилж явсан бүсгүйн дотоод сэтгэлийн гутрал байх. Төрхөмдөө буцахаар дотор сэтгэлтэйгээ тэр яриад ч байх шиг, эсвэл хэн нэгэнд сэтгэл алдарч нууцхан хайрын шаналалд автан гиеүүрч ч байгаа юм шиг. Ийм нэгэн ирэх цагийн өнгөн дээр буцах цагийн амьсгал орсон үйлийг ухаарсан миний цочир сэтгэлийн илэрхийлэл энэ байх.

Гол утга нь: Сэтгэлийн цалгиа, хүслийн цагаачлал юм.


Цааш унших...

Соннет – 42

О. Дашбалбарт

Дашбалбарын тухай Сүрэнжавын ярих нь домог мэт
Дан цагаан цамцтай хүү уурга унан гүйх мэт
Наран булгийн усан нар нэвчитэл урсах мэт
Намрын шаргал өдрүүдэд намайг чамайг дуудах мэт

Амьддаа амьдыгаа хайрлах зүрхэн тарнийг чинь
Амны уншлага болговч аанай л мартсан хэвээрээ
Үр ачдаа үлдээсэн өвөг буурал монгол чинь
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан янзаараа

Дашбалбарын тухай хүмүүсийн ярих нь үлгэр мэт
Дашмагтай усаа сарвайн сүүлчийн амьсгаа авах мэт
Эгэл борог өвс чийг тэмтчин амилах мэт
Энэ цөвүүн цагт чи минь хаана явна вэ ?

Дашбалбаргүй он жилүүд дэндүү уйтгартай
Давчуу энэ орчлон дахиж хэзээ морилох вэ ?


Ү. ХҮРЭЛБААТАР

2007.03.20. 16 цаг 30 минут


ЗҮҮЛТ ТАЙЛБАР:
Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Дэлхийн Соёл Яруу найргийн Академи, “Дашбалбар сан” хамтарч энэ өдөр Төрийн шагналт яруу найрагч О. Дашбалбарын “Оюун санааны яруу найраг” номын нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Улаан гэр” галерейд хийсэн юм. Мөн энэ өдрүүдэд О. Дашбалбар агсаны 50 насны ойд зориулж Богд хан ууланд “Үлэмжийн орчлонд удаан амьдарна” авиралт хийж, “Яруу найраг-бичиг соёл” үзэсгэлэн нээж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна.


Цааш унших...

Соннет – 46

Б. Н. Ельцин

Цал буурал Борис Николаевич унтаж байна
Цаг нь ирэхээр сэрэх юм шиг тайван нойрсож байна
Цагаан цамц, хар пиджак нямбайлан өмсчээ, тэр
Цаанаа л нэг ихэмсэг, шазруун төрхөө үл гээжээ

Эцэг Буш, Клинтон цэнхэр зангиа зүүжээ
Энэ цагийн дэлхийн удирдагчдын ихэнх нь иржээ
Хаврын урь орж Новодевичье Кладбишед мод гөлөглөжээ
Хагацлын дуу эгшиглэн хүмүүс эмгэнэж байна

Аврагч Кристийн сүмийн найрал дуучид ирчихсэн
Анхны ерөнхийлөгчийнхөө сүнсийг аргадаж байна
Магнай нь илж, нүдийг нь үнссэн бэлэвсэн эхнэр нь
Мартагдашгүй харцаар сүүлчийн удаа үдэж байна

Оросын ардчилал Ельциний ачаар тэсч үлдсэн гэж
Орчлон даяар энэ өдрүүдэд эргэн нэг дурслаа


Ү. ХҮРЭЛБААТАР

2007.04.25. 21 цаг 45 минут

Цааш унших...

Соннет – 40

Н. Түмэнбаяр багшид

Улаанбаатарын нарлаг өдөр - намрын навч шиг
Улиангарын мөчирт сэргэлэн болжмор шиг жиргэнэ
Удахгүй хэдхэн хоромын дараа нисэн одох
Удвал цэцэг шиг Түмээ багш минь энд сууж байна.

Хас мөнгөн дуулга шиг өвлийн амьсгалт - цасан ширхэг
Хаан Богд уулсын магнай шүргэн шүхэрлэнэ
Халх нутгийн эрдэм оюунт хатан бүсгүй
Хаа холын Америкт Элчин зөвлөхөөр явах гэж байна.

Нулимсан дусал шиг ариунхан газар шороо минь
Нуман хөвчит эзэнт гүрэн - домогт Монгол минь
Цэцэг шиг ургах цэл залуухан энэ сайхан залуусаа
Цэнхэр тэнгэрийн сахиус шигээ хайрлахсан даа

Чингис хааны буудлаас мөнгөн онгоц хөөрөх гэж байна
Чин сэтгэлийн ерөөлөө сүүн цацалтай өргөе дөө


Ү. ХҮРЭЛБААТАР

2006. 11. 13. 11 цаг 45 минут

Цааш унших...

Багштай учирсан миний зам


БАГШТАЙ УЧИРСАН МИНИЙ ЗАМ
/Өөрийн учир/

Нэг

1973 оны зуны хэдэн сард Улсын багшийн дээд сургуулийн эзгүй ягаан байшинг эзэнтэй цагаан байшин болтол нь эргэж шинэхэн оюутны хөөрүү сэтгэлээр хичээл эхлэх мөчийг тэсэн ядан хүлээв. Тэгээд л хамгийн түрүүнд намрын ажилд дайчлагдаж ургацын эхний машины тэвшин дээр арван хэдүүлээ дүүлэн гарч билээ. Тэд цөм шинэ оюутан бөгөөд сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга Дэмбэрэл гэгч үзэг зууж, цаас барьсан цагаан залуу гарын арван хуруунд багтах биднийг нар зөв гурав дахин тоолсноо арай овортой нь би байсан юм байлгүй намайг зааж “За чамайг ахлагчаар томилоо. Оюунтуудаа аваад Батсүмбэрийн САА-руу марш” гэж билээ.
Тэр цагийн оюутны намрын ажил гэгч хожмын дурсамжийн алтан мөч байсан юм билээ. Биднийг Батсүмбэрийн САА-н арын ногоон толгойн даршин дээр хуваарилж, ахлах ангийн архаг оюутанууд ирсэн мэт эзэнгүй орхив. Бидний САА-гаас хариуцан байсан хүмүүсийн дотор Агваан гэж хүн байсан санагдана. Тэр хүн хөнгөн атлетикийн нэртэй тамирчин байсан гэнэ. Улсын рекорд амжилтын эзэн болсонд атаархсан нэг нь гүйлтийн хадаастай гутлаараа гуяыг нь цохисноос шөрмөс нь тасарч сүжлээ доглон болсон тухай сонсоод сэтгэл харанхуйлж билээ. Бид Агваан гуай, бас дарш гишгэгч тракторчин, үй зайгүй давхин ирэх жолооч нартай багш ч үгүй хэдэн шинэковууд нусаа хацартаа наатлаа ажиллав. Дөнгөж арав дугаар анги төгсч дээд сургуульд орж байгаа миний бие улсын энэ хариуцлагатай ажлыг Улсын багшийн дээд сургуулийн нэрийн өмнөөс хариуцаж хэрэндээ өөрөө өөртөө их шаардлага тавьж чарамхийн ажиллаж байлаа. Спортын гавьяат дасгалжуулагч, байт сурын гэх Жамъянсүрэн багш бараг сарын дараа бидэн дээр ирсэн бөгөөд тэр үед бид аль хэдийнэ ажлын дөртэй болж залуу цагийн аагаар ёстой нэг гялалзуулж байлаа.
Багштай болсон болохоор би назгайрч эхлэв. Жолооч нарын рейсийг бичдэг тул тэдэнтэй ихэд дотно болов. Тиймээс нэг орой шуудай төмс, байцаа авч ногоо ачсан тэргээр Улаанбаатар руу гэртээ очихоор сүнгэнэв. Маргааш нь үдийн хэрд эргэж очихдоо баахан сонин, талх, ганц нэг хайрцаг хөх пүүшиктэй очив. Манай ангийн Р. Чүлтэмсүрэн гэгч малигар шар хүү “Залуучуудын үнэн” сонины 100 дахь дугаарт биднийхээ тухай хөөрхөн сурвалжлага бичиж нийтлүүлсэн бөгөөд тэнд миний нэрийг хэд хэдэн удаа бичсэн байсныг дахин дахин уншихдаа нэрээ тоолон тоолон байж билээ. Тиймээс янз янзын сонин олныг авсан байлаа.
Өөрийнхөө хэддээ талх тариа, тамхиа тараачихаад сонин гарчиглаж суутал байтал Ч. Энхдалай гэдэг хүний бичсэн “Газрын дуун номын тухай” гэсэн шүүмж анхаарал татав. Учир нь САА-д анх ирэхдээ уран зохиолын хэдэн шинэ номтой ирсэн бөгөөд тэр дунд С. Лочингийн “Газрын дуун” гэдэг гайхалтай сайхан ном байсан юм. Хатуу хавтастай тэр жижигхэн номыг бид хамуутай даага шиг болтол нь ноолсон доо. Гэтэл тэр сайхан номыг салам шүүмжилж ёстой л будаа болгож өгч. Гэнэт миний сэтгэл үймрэв. Харваж буй нум сумын дүрс бүхий зураг дор шүүмж хэмээн тодотгон байж бичсэн зүйлс утга зохиол сонинд хааяа гарахад ихэд бишрэн уншихдаа түүнийг үнэний туйл гэж боддог байв. Гэтэл надад ер бусын сайхан санагдсан номыг маань ингэж муучилсанд ихэд цухалдав. Тэгээд шүүмж гэдэг чинь бас худлаа байдаг юм байна гэсэн хачин агдуу бодол орж ирэв. Хэдэн хоногийн дараа “Газрын дуун”-г дахин уншив. Бодол маань өөрчлөгдсөнгүй. Ажлын чөлөө цагаараа үзэг цаас нийлүүлж “Бичсэн болгон шүүмж болохгүй” гэсэн шүү юм бичив. Шүүмжийн шүүмж юм уу даа. Түүнийгээ бичих гэж хэдэн шөнө лааны бүдэг бадаг гэрэлд ихэд шимтан сууж байхыг манайхан янз янзаар л хүлээн авч байсан байх. Зарим нь гэрэлтэйд унтаж чадахгүй төвөгшөөж байсан байх. Ийнхүү нэгдүгээр ангийн оюутны хэлбэршиж амжаагүй бичгийн хэвээр анхны шүүмж маань Батсүмбэрийн САА-д бичигдсэн юм. Уран зохиолын шүүмж хэмээх адармаатай албанд өөрөө өөрийгөө сайн дураар томилж, утга зохиолын их өргөөний хаалгыг анх тогшиход тосч авах багш хэдийнэ бэлэн байсан юм билээ. Мөнхөө багштай учрах анхны шан ингэж татагдсан билээ.

Хоёр

УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн нэгдүгээр курсийн хичээл эхлэв. Миний цүнхэнд мөнөөх шүүмжийн гар бичмэл явах бөгөөд түүнийг хэнд үзүүлэх, хэнээс зөвлөгөө авах талаар төсөөлөл алга. Дашдорж багшийн удирддаг утга зохиолын дугуйланд хэдэн удаа суусан боловч дан шүлэг уншсан хүүхдүүд байсан болохоор нөгөөхөө хэлж зүрхэлсэнгүй. Тэгсээр нэг хэсэгтээ мартагнав.
Степент буусан өдөр ах ангийнхны жишгээр ангийнхаа оюутан Пүрэвсүрэнгийн Болд /манай анги Архангайн хоёр Болдтой байсан юм/, Баян-Өлгийн Хумарбектэй Улаанбаатар ресторанд орж хуйцайтав. Ихэд тансаглаж байгаа нь тэр. Тэгээд намрын ажлын талаар буу халж суухдаа нөгөө хоёр маань миний намаржин бичсэн зүйлийн талаар асууж байна. Би цүнхнээсээ нугалаасаараа цоорсон шүүмжээ гаргаж үзүүлж түүнийг хэрхэх тухай тэр хоёроос асуув. Базаалттай ч тогтож уншаагүй боловч “Утга зохиол, урлаг” сонинд өг гэж байна. Нэгдүгээр ангийн хаалгаар дөнгөж хөл нь цухуйж буй бид гурав бас том том юм ярьцгаав. Намайг зоригжуулж байгаа нь тэр байж л дээ.
Тэгээд хэд хоногийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн байшинг заалгаж Билигсайхан гэдэг хүний нэр тогтоон давхиж очив. Тэр хүн л хэвлэх эсэхийг нь мэддэг юм гэнэ. Эрэгтэй ч хүн юм уу, эмэгтэй ч хүн юм уу бүү мэд. Жижүүр гурван давхарт гэж хэлэв. Өрөөний хаалганы дугаар хэлсэнгүй. Тэгээд гурван давхрын нэг хаалгыг татвал долгионтсон тас хар үстэй цагаан залуу ширээний хажууд ганцаараа зогсч байх юм. Би тэр хүнээс “Билигсайхан гуай хаана суудаг юм” гэж их итгэлгүй бүдэг дуугаар бүрэг асуув. Тэр хүн намайг цочмог хажуулдан харснаа “Яахнав. Ороод ир” гэж байна. Билигсайхан гэдэг нь тэр хүн бололтой. Өөрөөс нь өөрийг нь асуусандаа балтаар цохиулсан мэт нугдасхийв. Би угийн бүрэг, бас их хөлсөрхөг тул хамаг бие чийхрав. Нүүр маань цас улайсан байх. Харуу оргиод явчихав. Буцаад алхах гэх гээд урдаас нь алхчихав. “Би үүнийг үзүүлэх гэсэн юм” гэж цагаан цаасан дээр шинээр хуулж бичсэн шүүмжээ сарвайв.
Тэр цагаан залуу ширээн дээрээ очиж миний бичсэнийг хайш яайшхан уншихдаа “Дөнгөж нэгдүгээр ангид орж байж яасан их эр вэ. Ийм юмыг ингэж бичдэггүй юм” гэж загнаж байна. Би бүр ч шалдаа бууж бушуухан гарахын түүс болж зогсов. Гэтэл хаалга сэвхийж тэвхгэр тэгш мөртэй, дөрвөлжин духтай, хамар дээрээ мэнгэтэй, цэнхэр пиджактай нэгэн эрхэм орж ирээд сонины тухай хэдэн юм асуунгаа мөнөөх шүүмжийг гарчиглах мэт гүйлгэн уншингаа намайг халт харснаа чимээгүйхэн гараад явчихав. Би ч Билигсайханы ширээний өнцөгт эв хавгүйхэн түлхэн тавьсан хэдэн хуудас шүүмжээ хамж аваад шалавхан гарав. “За дахин үүгээр орохгүй” гэсэн бодол Зохиолчдын хорооноос сургуульд иртэл салсангүй. Нөгөө хоёртоо “Та хоёр намайг алах шахлаа” гэж тунирхав. Дахин шүүмж бичих дэврүүн бодлоо тасар татан хаяж, тархиа зүлгэн зүлгэн арчив.
Нэг их удаагүй санагдана “Зохиолчдын хорооноос хүн ирээд байна” гэж хичээл дээрээс намайг диканы нарийн дуудав. Нөгөөх гайт шүүмж бодогдоод “За баларлаа” гэж сандрав. Манай хоёр намайг өрөвдөнгүй харцаар үдэж гаргав. Коридорт гартал хүн байсангүй. Нарийн бичгийн дарга доош нь зааж “Хоёр давхарт байгаа” гэж байна. Доош буутал тэнд хар бор харааны шилтэй махлаг бор залуу намайг тосч уулзаж өөрийгөө Хэлний хүрээлэнгийн Сампил хэмээн танилцуулж “Зохиолч Лочин явууллаа. Сонинд өгсөн шүүмжийг чинь үзмээр байна” гэв. Намайг Лочин зохиолчийг таньдаг гэж бодож л дээ. Би тэр хүний зүсийг ч үзээгүй нэгэн билээ. Би эргэлзэв. Тэгэхдээ тэр хүн өгөх үү яахав гэдэг утгаар бус “Нөгөөх маань хаана байгаа билээ, урчихаагүй, хаячихаагүй бил үү” гэж эргэлзсэнийх юм. Золоор хичээл завсарлаж би цүнхнээсээ нөгөөх шинээр хуулснаа өгч яс амрав. Миний шүүмжийг Билигсайханы ширээнээс авч уншсан дөрвөлжин духат нь утга зохиолын шүүмжлэгч Барын Цэдэв байсан бөгөөд тэр С. Лочинд хэлж, тэрээр над руу Х. Сампилдэндэвийг илгээсэн нь энэ аж. Миний анхны энэ шүүмж тухайн үедээ “үгээ хэл, үүргээ гүйцэтгэсэн” хэдий ч өнөө хэр хэвлэгдээгүй бөгөөд зохиолч С. Лочингийн хувийн архивт байдаг юм билээ. Ингэж би Мөнхөө багшийнхаа ажиллаж амьдарч байсан Зохиолчдын хорооны саарал байшинд утга зохиолын шүүмжийн шүүмж сугавчлан анх алхан орсон билээ.

Гурав

Нэг мэдэхэд Мөнхөө багшийн өрөөний байнгын сахиул болов. Багш маань намайг орох тоолонд бичиж байгаа юмаа албатай юм шиг хойш нь түлхэж, эсвэл бичсэн зүйлээ нэг их сүрхий тэгшлэн байж нямбайлан тавиад тамхиа баагиулан сандалаа налан тухална. Тэр туранхай биенээс гарамгүй баригаа хоолойгоо хүчлэн цөөн үгээр учирлан ярих бөгөөд үе үе үгээ таслах нь өөрийнхөө яриаг өөрөө сонсон шинжиж байна уу гэлтэй санагдана.
1979 оны хавар Ц. Мөнхөө багш маань намайг өрөөндөө дуудаж “Би Лувсанвандантай ярьчихсан. Энэ бичгийг аваачиж өгөхөөр долоо хоногийн чөлөө өгнө. Соёлын яамны жүжиг, кино зохиолын хэлтэс, Зохиолчдын хорооноос жүжгийн зохиолчдын семинар зохион байгуулж байгаа юм. Театр судалж байгаа хүнд хэрэгтэй” гэж байна. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт С. Лувсанвандан багшийн удирдлагын дор театр судлаачаар ажиллаж байсан юм. Юугаа ч мэдэхгүй улаан нялзрай намайг жүжгийн зохиолын судлал руу алхам алхмаар татан оруулж байсны нэгэн алхам нь энэ байсан юм.
Жүжгийн зохиолчдын семинарт С. Лувсанвандан, Э. Оюун, Ч. Чимид, С. Удвал, С. Дашдондог тэргүүтэй олон хүн хичээл зааж, жүжгийн зохиолчид ер бусын идэвхтэй оролцож билээ. Зөвлөлтөөс уригдаж ирсэн хоёр мэргэжилтний лекцийг С. Удвал, Э. Оюун гуай хоёр ээлжлэн орчуулж, бас Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэн, Зохиолчдын хорооноос эрдэмтэн, судлаач шүүмжлэгчид санал бодлоо ярьж, маргалдан мэтгэлцэж байж билээ. Тэр халуун дулаан, цагаан мөрт яриа хөөрөө намайг урьд байгаагүйгээр хөглөж утга зохиол, урлагийн шүүмжийн ертөнцийн гоо сайхан, итгэл үнэмшил, эр зоригийн нэгэн далд утас намайг аргамжин авах шиг санагдаж билээ. Семинар Зохиолчдын хорооны нэгдүгээр давхарт байх хурлын зааланд болсон тул хичээлийн өмнө хойно, завсарлагаанаар Мөнхөө багшийн өрөөнд давхин орно. Ер нь би Зохиолчдын хорооны бусад өрөөнд бараг орж байсангүй. Багш маань “За хичээл сайн уу” гэж нэг их шамдан асууна. Тэгээд зарим зүйлийг лавлана. Угтаа намайг түншиж, бас урамшуулж байсан нь тэр байх.
Би долоо хоногийн дараа бөөн мөрөөдөл тээсэн амьтан ажилдаа давхин очив. Юуны өмнө өөрийн ажилдаа ихэд шүүмжлэлтэй хандав. Мэдэхгүй чадахгүй юм хэрээс хэтэрсэнд бас гунив. Долоо хоногт дээд сургуулийн дээд курсийн хэмжээний мэдлэг олж авсан санагдаж өдөр хоног гэгч ямар их багтаамжтайг гайхав. Тэр үед С. Лувсанвандан багшийн Урлаг судлалын сектор монголын урлагийн түүх бичлэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан бөгөөд миний хувьд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажлын орон тооны ганц хүн нь байлаа. Энэ номын зохиогчоор Э. Оюун, С. Дашдондог, Х. Нацагдорж, С. Зориг бид тав томилогдсон байсан юм. Тэгээд театрын түүх бичлэгийн төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилмөөр санагдав. Чухам яаж өөрчлөхөө бас мэдэхгүй. Манай секторын хийж буй кино, дүрслэх урлаг, хөгжим, театрын түүхийн төлөвлөгөө дэндүү нэг загварын санагдаж, даа ялангуяа хэт намтарчилсан байдалтай, уран чадварын асуудал орхигдсон мэт байх тул секторын эрхлэгч С. Лувсанвандан багшдаа саналаа хэлэв. Багш бид нар нэг өрөөнд хамтдаа суудаг байсан юм. Багшийн нүүр улас хийснээ “Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан юм, наадах чинь” гэж билээ. Одоо бодоход Лу багш маань тэр бүхнийг зохион байгуулж, арга зүйг нь бүтээсэн байх тул би шууд утгаараа багшийгаа шүүмжилсэн хэрэг байж. С. Лувсанвандан бол миний хир халдаамгүй өмөөрөн явдаг шүтээн багш нарын маань нэг яах аргагүй мөн бөгөөд улсад биеийн хүчин үнэлж ажилд ороход анх өлгийдөж авсан ачтан билээ. Сонин хэвлэлд кино, номын хэдхэн шүүмж нийтлүүлсэн шалдар оюутан намайг төгсүүт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт суга татан авсныг би одоо хүртэл бурхны томилолт байсан байх гэж боддог юм. Би С. Лувсанвандан багштай уулзаж байгаагүй, зүс үл таних тул надад итгэж, намайг татаж авсан нь Ц. Мөнх багшийн маань санал, Дү. Мягмарсүрэнгийн идэвхтэй зуучлал тус болсон гэж бодож явдаг аа. Бурхан хоёр багшийнхаа ачаар насан туршийнхаа туурвил бүтээлийн чиг замыг олж, өөрийгөө авьяас чадварыг нээж, эцэж цуцашгүй хөдөлмөрлөх эр зориг, эрч хүчийг олж авсан маань миний хувьд хамгийн том нээлт байлаа.

Дөрөв.

Жүжгийн зохиолчдын долоо хоногийн семинарын дараа ер бусын хөөрөлд автсан миний бие хэдэн шөнө нойргүй сууж 60 нас хүртэлх амьдрал, ажил үйлс, эрдмийн ажлын төлөвлөгөөг гаргав. Хорин хэдтэй залуугийн мөрөөдөл дэндүү дэврүүн байв. Тэр их эрдмийн ажлын төлөвлөгөөний цаана гарахын тулд юуны өмнө хувийн амьдралаа цэгцлэх, эхнэр авч үр хүүхэд орон сууцтай болох, ээжийгээ асран тойлох, өнчин дүү нараа хоолонд хүргэх зэрэг амьдралын нэн тулгар олон асуудал нуруун дээр минь овоорсон байгааг ойлгов. Тэр бүхнийг Хэл зохиолын хүрээлэнгийн ганц хүний тогтмол цалингаар хэрэгжүүлэх боломж байхгүй тул ажлаа өөрчлөх, эсвэл ирээдүйн их эрдэмтэн болох горьдлого тээн бусад бүх асуудлыг “золиослох” сонголт намайг хүлээж байв. Ийм ацан салаа бодол тээн С. Лувсанвандан багшийн удирдлаганд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажил дээр чарамхийн ажиллав.
Хэл зохиолын хүрээлэнд гэршиж, эрдэм шинжилгээний ажилд гаршиж оюуны шинжээчийн их өргөөнд буйраа хэдийнэ засч амжсан боловч миний хувийн амьдралын асуудалд доривтой ахиц ер гарсангүй. Хүрээлэнгээс гарч өөр ажилд шилжих тухай миний саналыг Мөнхөө багшаас өөр хэн ч дэмжсэнгүй. Мөнхөө багш маань ч эхлээд таатай хандаагүй боловч миний үлгэр шиг төлөвлөгөөг сонсч зөөлөрсөн юм. Би тэр дороо л өргөдөл бичиж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв рүү Ч. Догсүрэн гуайг оруулж ятгуулж, Улаанбаатар хотын намын хорооноос бичиг ирүүлж байж “Улаанбаатарын мэдээ” сонинд утга зохиолын ажилтнаар шилжив. Намайг оюутан байх үеэс тус сонины нөлөө бүхий ажилтан, сэтгүүлч Ч. Дашдорж сониндоо авна гэдэг байсан бөгөөд уг сонин Улаанбаатар хотын намын хороо, захиргааны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан тул миний амьдралын түшигт тулгуур болох нь тодорхой байв.
1981 оны хавар “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болж намар нь хуримаа хийв. Хурим маань сайхан болов. Ардын жүжигчин Д. Чимид-Осор ууц таллаж, С. Лувсанвандан багш тэргүүтэй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн, Ц. Мөнх тэргүүтэй шүүмж судлаачид, “Улаанбаатарын мэдээ” сониныхон, УБДС, арван жилийнхэн, хамаатан садан гээд л тухайн үедээ хөлтэй хурим болсон юм. Хүүхэд залуучуудын паркад эхэлж Зайсангийн аманд гурван хоног үргэлжилсэн хуримын чимэг нь төдийгүй баталгаа нь болсон эрдэмтдийн цугларалтыг чухамдаа Ц. Мөнхөө багш шууд гардан зохион байгуулсан юм. Энэ тухай хожим нь Ч. Билигсайхан “Мөнхөө багш чамайг уран зохиолын шүүмжлэгчээр авч үлдэх гэж хуримыг чинь хүртэл зохион байгуулсан” гэж билээ. Тэр үнэн ажгуу. Хуримын үеэр надад бэлэглэсэн “Шог хошин зохиолын дээж” /УБ., 1981/ номын дотор хавтсанд “Ү. Хүрэлбаатар, Л. Эрдэнэ нарт. Уран бүтээл эрдэм судлалын ажилд тань их амжилт хүсье. Амьдрал чинь үргэлж цэцэглэн явахын ерөөл дэвшүүлье. Ц. Мөнх, Б. Ганбат, Д. Өлзийбаяр, Ч. Билигсайхан, Б. Цэдэв, С. Лувсанвандан, С. Лочин, Жамбалсүрэн 1981.10.17” гэж бичсэн нь миний амьдралын мартагдашгүй мөчийн тод тамга болон үлдсэн юм.
Мөнөөх өмнө тулгамдсан хувийн асуудлууд ийнхүү дэс дараалан шийдвэрлэгдэж эхлэв. Мөнхөө багштай улам дотносож уран бүтээлийн гэхээсээ илүүтэй амьдралд тохиолдож байгаа асуудлаа илэн далангуй ярьдаг болов. Багш шавийн харьцаа гүнзгийрч эцэг хүүгийн харьцаа мэт болж ирэв. Мөнхөө багш маань хар багаасаа хэлмэгдлийн хар шуурганд өртөж байсан хүний хувьд ардчилалд их ойрхон байсан юм билээ. Тиймээс алив зүйлд голч шударга хандахыг эрмэлздэг төрөлх гэмээр үндсэн чанар нь утга зохиолын шүүмжийг хөгжүүлэх насан туршийн нь тэмүүлэл болсон санагддаг. Тэр зөвхөн өөрөө шүүмжлэгч байгаад зогсоогүй монголын утга зохиолын үе үеийн шүүмжлэгчдийн бүхэл бүтэн давхаргыг бэлтгэсэн юм. Тэгээд л харц гаралт өчүүхэн намайг тэр их бодлогын хүрээнд бүртгэн авч басхүү цагийн цагт зүглүүлэн чиглүүлж чирч гулдарч, урамшуулан түшиж явсанд би үнэнхүү талархаж явдаг юм. Багш хүн гэдэг зөвхөн номын багш бус амьдралын багш байдаг юм билээ. Энэ хоёр чанарыг төгс нэгтгэж ямагт дотроосоо гэрэлтэж явсан нь Мөнхөө багшийг үлэмжийн төгөлдөр болгосон гэж боддог.

Тав.

“Улаанбаатарын мэдээ” сонины утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр арваад жил ажиллаад ерээд онтой золгов. Нийгэм тэр аяараа бужигнаж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхлэв. Ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо бодит зүйл болсон тул “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ” зэрэг нам, захиргааны давхар харьяалалтай сонинууд задарч эхлэв. Манай сонин хоёр хуваагдаж Улаанбаатар намын хороо “Нийслэлийн сонин бичиг”, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа “Улаанбаатар” сонинтой болов. Ингэж монголын хэвлэлийн түүхэнд орон нутаг буюу нийслэлийн төрийн захиргааны байгууллага анх удаа бие даасан тогтмол хэвлэлтэй болсон юм. “Улаанбаатар” сонины эрхлэгчээр миний бие тохиоон томилогдов.
Намайг шүүмжлэгч, судлаач болгох гэсэн Мөнхөө багшийн зүтгэл улам бүр алсарч байгааг би хааяа хааяахан бодож эхлэв. “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллахдаа сэтгүүлч болох гэж, бас хүү амьдралд хөлөө олох гэж хэрэндээ хичээн зүтгэсэн. Одоо Монгол Улсын нийслэлийн төр захиргааны төв хэвлэлийг удирдаж буй тул шүүмж бичих зав гарсангүй гэж өөрийгөө зөвтгөж явжээ. Мөнхөө багш минь миний ажил дээр ирэмтгий болов. Тэгэхдээ зүгээр явна гэх буюу ямар нэгэн ажлын завсар чөлөө, наана цаана яваа гэх. Тэр нь юу ч байсан ялгаагүй надад бол багшийн маань амьд сануулга болж байв. Тиймээс утга зохиолын шүүмж судлалын ажлаа үе үе сэргээн санаж, номын санд сууж, архивын материалаа цэгцэлж битүүхэндээ бэлтгэж эхлэв. Багшийгаа баярлуулах ямар нэгэн юм хийе, юутай ч шүүмжийн нэг сайхан түүвэр гаргая гэж бодсон хэрэг. Тиймээс хуучин хэдээ бичээчдээ өгч машиндуулахын зэрэгцээ шинээр ганц нэг юм хийх санаатай сүүлийн үеийн зохиол бүтээлүүдийг уншиж эхлэв.
Нэгэн нартай сайхан өдөр Мөнхөө багш маань хаалга сэвхийн татаж, шав хийн орж ирэв. Урт савхин дээлээ намируулж, хоолойгоо эрээн алчуураар ороочихсон нь угийн цэмцгэр хүнд зохисон гэдэг нь жигтэйхэн. Би ямар нэгэн баяр ёслол болсон юм болов уу гэж бодов. Багш маань мэнд ус мэдсэний дараа надаас огтын ч санал асуулгүйгээр “Та нар /шүүмжлэгч шавь нараа хэлж байна/ бүгдээрээ эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэй. Чи үлдчих гээд байна. Би Сампилтай ярьсан. Намдагийн тухай материал чамд их байх ёстой. Намдагаар хамгаалвал яасан юм” гэж тус тас хэлэв. Нээрээн ч юмаа янзалж байхад Намдаг багшийн гэрийн сургуулийн лекцээс авахуулаад элдэв бусын тэмдэглэл, ном зохиол надад түлхүү байсныг багш яасан сайн мэдэж байх юм гэсэн бодол орж ирэв. Шүүмжийн түүвэр эн тэрхэн ойрын зүйл бодож явсан надад багшийн энэ санал дэндүү ланжгар санагдсан тул “Багшаа би чадах болов уу” гэж би сулхан хэлэв. Багш маань намайг ингэж хэлэхийг сайн мэдэж байсан бололтой, намайг тохуутай гэгч мушийн харснаа “Чадна гээд л би ирж байна” гэхэд миний дотор нар мандах шиг болж билээ.
Нэг сэдэвт зохиолоо бичих гэж Нийслэлийн Засаг дарга Ж. Наранцацралтаас хоёр сарын чөлөө авав. Тэгээд Мөнхөө багшийн гэрт долоо хоног сууж төлөвлөгөө гаргаж чөлөөний хугацаандаа ажиж дисертацаа бичиж дуусав. Багш маань үе үе утсаар явцыг нь асуух бөгөөд бичсэн зүйлээ эхнээс нь үзүүлж байя гэхэд “тэгж цаг аваад яахав” гээд хөдөлсөнгүй. Харин эхний бичлэг дууссаны дараа Д. Цэнд багштай ирж хоёулаа бүтэн өдөржин миний бичсэнийг дамжуулан уншиж шууд л гардан засч, алтан сайхан зөвлөгөө сургамжаа хайрлаж билээ. Багш маань надад итгэж, бас өөрөөр минь сэтгүүлж, зүтгүүлнх гэсэн хэрэг байсан юм билээ. Тэгээд л Хэл зохиолын хүрээлэнд “Д. Намдагийн туршиц туурвил зүй” /жүжгийн зохиолын жишээн дээр/ сэдвээр эрдмийн зөвлөлийн гишүүдийн зуун хувийн саналаар хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалж тэр оройдоо Улаанбаатар зочид буудалд хүлээн авалт хийсэн юм. Тэр үдэш надад бэлэглэсэн нандин бэлгийн нэг нь Б. Ганбатын “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” /Пусан.,1998/ ном байсан бөгөөд түүн дээр “1998.05.22-ны бэлгэтэй сайн өдөр. Хэл бичгийн ухааны дэд доктор Ү. Хүрэлбаатарт. Үзэг, үйлс нэгт эрхэм нөхөр Ү. Хүрэлбаатар чинийхээ эрдмийн зэрэг хамгаалсан баярт өдрийн дурсгал болгож энэхүү номыг бэлэглэе. Доктор болохын бэлгэтэй ерөөлийг дэвшүүлье” гээд Ц. Мөнх, Д. Цэнд, Б. Ганбат, Х. Сампилдэндэв, С. Лочин, Л. Хүрэлбаатар, Ш. Цэнд-Аюуш, Г. Болд, Ш. Цэнд-Аюуш, С. Дулам … нар гарын үсгээ зурсан байж билээ.

Ү. ХҮРЭЛБААТАР

Цааш унших...

Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”

2009.09.14. Даваа гариг

Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”

Өглөө долоо хагаст гуравдугаар эмнэлэгийн ард очив. Тэндээс талийгаачийг гаргах ёслолд оролцоод үлдэх ёстой байв. Очиход машин унаа зөндөө, бас олон хүн хэсэг хэсгээрээ байх нь энэ өдөр нэлээд хэдэн хүний оршуулга эндээс гарах нь тодорхой байв. Эхнэр бид хоёр Ариунаа болон Түгээмэл дээд сургуулийнхаа багш нарыг олох гэж тэр хүмүүсийн дундуур сүлжин явав. Харагдсангүй.
-Орчихсон юм биш байгаа
-Арай болоогүй баймаар юм
Бид хоёр ингэж ярингаа оршуулах ёслол хийдэг танхимд ортол урдаас гарч ирэв. Ариунаа багш маань уй гашуутай харагдана. Ханиа алдчихсан хүн биенийхээ талыг алдчихсан гэсэн үг. Аргаггүй ээ. Манай сургуулийнхан алга. Ариунаа багш хэнийг газар руу явуулах, хэнийг ар талд үлдээхээ шийдэх ёстой байсан. Чухам хэнтэй юу ярьж яаж зохицуулсаныг би мэдэхгүй. Одоо ямар асуултай нь биш. Мань хүн хичээлээ таслахгүйгээр шийдсэн нь тодорхой болов.
-Багш нар ирсэнгүй. Би явья даа. Яаж сургуулиас хүнгүй байхав гэхэд
-Явалгүй яахав. Арай нимгэн гарчихлаа, даарахгүй биз гэж эхнэр хэлж байна. Тэгээд л би улаан автобусанд орж явчихав.

Автобус маань өөр хүн суухыг хүлээсэн үү нэлээд азнаж байж хөдлөв. Энэ хооронд оршуулгын цуваа нэгэнт хөдөлчихсөн байв. Гуравдугаар эмнэлэгийн баруун талын замын хөдөлгөөн өтгөрч түгжрээ болохын наахана байх шиг санагдав. Автобус маань гийнан урагшилсаар төмөр замын гарам өнгөрөөд цуваатайгаа нийлж амжив. Гэхдээ дунд маань хэдэн машин хавчуулагдсан бололтой. Хорин хоёрын товчоо өнгөрөх үесэд замын зүүн талд бараан хээр зүсмийн баахан морьд урд шөнө энд тарж хоносон юм уу гэлтэй зогсох нь зогсч, хэвтэх нь хэвтэж байна. “Одооны морьд хонь шиг хотын захад хотолдог болоо юу” гэсэн бодол зурсхийв. Дээлээ зузаалан өмссөн идэр залуу хээр зүсмийн үрээ уначихсан адуун дээрээ сая ирсэн бололтой захалж яваа харагдана. Манай цуваа төмөр замын гарам гаталж Дарханы зам руу шуудран явав. Автобустай нийлээд долоон машин явж байгаа юм байна. Тэндээс холгүй баруун гар талд хул хонгор, зээрд зүсмийн цөөвтөр адуу энгэр арлан бэлчиж яваатай таарав. Өвөр талд юм болохоор бэлгэшээж “Энхбат маань хотоос гараагүй шахам байхдаа адуун сүрэгтэй хоёр ч удаа таарлаа. Адууны хийморьтой эр байж дээ” гэж уяран бодов. Замын туршид бас адуутай, үхэр, хонин сүрэгтэй хэд хэдэн удаа таарав. Өглөө мал бэлчих үе мөн боловч Энхбат хэмээх энэ идэрхэн эрийг сүүлчийн замд нь үдэх ер бусын тавилант цувааны сүүл мушгиж яваагийн хувьд монгол хүний сэтгэлээр тааралдсан юм бүхнийг эерүүлэн бодож явлаа.

“Жаран хоёрын гарам”-ын тэнд очно гэсэн болохоор 62 км газар юм байх даа гэж бодож байв. Гэтэл хотоос 48 км орчим ойрхон газар юм байна. Төмөр замын Рашаантын өртөө өнгөрөөд нэг нүдэн булаг бий. Түүний цаадах гүвээг давахад нэг хэсэг тэгш талын дундуур зурийсан зам байх бөгөөд жолооч нарын ид хурдаа авдаг газар юм. Харин бид нэгэн жигд хэмээр явсаар дараагийн гүвээ толгодын наахана цайран харагдах оршуулгын газарт хүрэв. Замын баруун талд тариалангийн хуучин талбайн хойморт тухайлан зассан сэрэгхэн цэмцгэр газар байдаг нь өдгөө өндөр цагаан суварга бүхий оршуулгын газар болжээ. Түүнийг нааш цааш явахдаа хэдэнтээ харж байсан боловч ийн хэрэг зориг болон очиж явсангүй.

Цэвэрхэн барьсан цагаан хашааны төмөр угалзан чимэглэлт хаалганы дээр “Нью Семетри” гэж бичсэн нь энэ газар хувийн эзэмшлийн болохыг илтгэнэ. Бид автобус, машины гадна талын цэлгэр зогсоолд эгнүүлэн байршуулж дотогш явган оров. Хашааны хойт тал хар, саарал өнгийн хөшөө, суварга бүхий оршуулгаар цөөвтөр эгнээ дүүргэсэн нь уг газар шинэвтэр болохыг харуулахын зэрэгцээ зохион байгуулалттай, цэгцтэй байдлыг шууд өгүүлнэ.

Хашааны арын уулын энгэрт хэсэг хонь, ямаа хоносон бололтой хэвтэртээ хэвээр байна. Хажууд нь намхан тэвшит машинд бас хүмүүс хоносон бололтой бүтээлэг энэ тэр болсон харагдана. “Газар мундсан биш. Оршуулгын газарт орж хонохдоо яахав дээ. Бас мориор бус машинаар малаа малладаг болоо уу даа” гэх бодол төрж байна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа арын тэр уул өөд харахад тэд алга болчихсон байлаа.

Арын уулын нэр нь “Шүлэг” гэдэг аж. Шүлэг уул. Ямар гайхалтай сайхан нэр вэ? “Нью Семетри” ХХК Сонгино хайрхан дүүргийн нутагт орших Шүлэг уулын энгэрт ийнхүү оршуулгын шинэ газар нээж орчин үеийн хэв загварт нийцсэн үйлчилгээ явуулж байгаа нь юутай их буянт үйлс вэ. Тэд тэр газраа эхнээсээ цэгцтэй эхэлж байгаа нь энэ бөгөөд хашаан доторхи газар нутгаа дээд зиндаа, эрдэмтэн доктор, улс төр, урлаг соёлын зүтгэлтэн, гэр бүл, энгийн иргэд гэхчилэн ангилсан нь анхаарал татаж байна.

Бид энд энэ өдөр эхэн болж очжээ. Бидний араас хоёр ч оршуулгын цуваа ирэв. Баруун талд ирсэн оршуулгыг луун торгон дээлт зайран удирдаж байгаа бололтой. Тэр дун үлээж, бяцхан тулганд гал асааснаа бөөлж эхлэв. Түрүүнээс хойш бидний дээгүүр хоёр хар хэрээ эргэлдэж тэнгэрт өөр хоорондоо ноцолдож, бас гуаглан байсан нь бөөгийн дунгийн дуунаар номхорч зэрэгцэн чимээгүйхэн илэн халин нисч эхэлснээ нэг нь зүүн тийш одож нөгөө нь арын шон дээр суун үлдэв. Түүний дараа хорь гучаараа сүрэглэсэн тагтаа өглөөний нарны гэрэлд далавчаа цахиртуулан зэрэг сэвэх мэт эргэлдэж байснаа хашааны дээр зэрэглэн суулаа. Хэсэг болжмор л харин хүүхэд адил шулганан дэрхийн нисч, торхийн бууж саваагүйтэж байв. Талийгаач Д. Энхбатын маань их овог “Хон хэрээ” юм. Тиймээс тэр хоёр хар хэрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн овог нэгтэнтэйгээ ямар нэгэн шижмээр холбогдож, өөрсдийн хэлээр уулгалан ярьж, харамсан гашуудаж, бас тэнгэрийн оронд түүнийг хүлээн авч байгаа мэт надад санагдаж байв. “Талийгаачийн нэрийг нь хөшөөнд бичих гэхээр нь овгийг нь заавал оруул гэсээр байгаад оруулчихлаа” гэж Т. Ариунаа ярьж байсан нь санаанд орж түүнийг зөв юм хийснийг дотроо талархан байв.

Хайрцаг сав бүхий шарилыг газарт хийж эх дэлхийд нь өлгийдөөд ёслолд оролцож буй хүмүүс ард байх жижиг сүмд орж зуун зул асаагаад ирэхэд оршуулгын газрын хүмүүс бүхнийг хийж дуусгаад цэмцийтэл нь янзалчихсан байв. Хөшөөний даавууг авсан байх бөгөөд түүнд “Хон хэрээдийн Д. Энхбат 1957-2009” гэж бичжээ. Зүүн талд нь Э. Сүлд-Эрдэнэ /2005-2009/, баруун талд нь С. Төртогтох /1943-2009/ гэсэн хүмүүс залагдсан нь надад сонин санагдав. Нэг нь нялх хүүхэд, нөгөөх нь Энхбатаас маань ах хүн байгаа нь гурван цагийн үргэлжлэл ч юм шиг. Тэгээд ч нэр нь хүртэл өөр хоорондоо дотоод чанадын гүн холбоотой ч юм шиг сонин сэтгэгдэл төрж байв. Доржийн Энхбат бол монголын уул уурхайн ховор мэргэжилтний нэгэн бөгөөд 1984 онд ОХУ-ын Донецк хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн уул уурхайн баяжуулагч инженер юм. Баяжуулагч инженер үнэхээр ховор мэргэжил тул тэрбээр Эрдэнэт, Бор-Өндөр, Монгол газар, Монгол алт, Багануур зэрэг монголын уул уурхайн төв цэгүүдэд ажиллаж ирсэн юм.

Би оршуулгын газарт залагдсан хүмүүсийн дундуур явж үзсэнгүй. Тэгэхдээ нүдэнд харагдах ойролцоох хөшөөний нэрсийг харж явав. Талийгаачийн баруун хойт талд нь Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Г.Хүрэлбаатар маань харагдана. Тэр 1959 онд төрж 2009 онд нас барсан юм байна. Дэлхийд монголын нэрийн өмнөөс босч барилдаж байсан залуусын нэг л дээ. Бид хоёр нэр нэгтэй болохоор тааралдахаараа мэнд устай явсан юмсан. Түүнийг дөчин есний сүүл нь ширэвчихэж дээ. Ер нь эр хүн дөчин есөн насыг туулахад хэцүү гэдэг юм. Майкл Жексэн нь бас л дөчин еснийхөө сүүлийг татаж авч чадаагүй юм шүү дээ.

Хашааны зүүн талын хэсэгт байх хэдэн эгнээний баруун урд талд “З. Гулиранз” гэсэн нэр зул өргөдөг сүмээс тод харагдахад сэтгэл сэрхийх шиг болов. УБДС-д надад орос хэл зааж байсан багш минь байв. Надад хичнээн сайн байсан гээч. Хаана л тааралдана намайг татаж ирээд л үнсэнэ, миний шавь гээд хажуу хавиргын хүмүүстээ магтаж гарна. Би зул өргөсний дараа багшийнхаа хөшөөнд очив. Хөшөөн дээр “З. Гулиранз 1945-2008. Багш та Хүнийг хүн болгоно Худлыг үнэн болгоно” гэж бичжээ.

Бид буцлаа. Тэнгэр цэв цэлмэг. Сүхбаатар чигийн зүүн уулсын дээгүүр хаямаг цагаан үүлс зурвас зурвасхан зулагдсан байхыг үл тооцвол үнэндээ бүртийх ч үүл алга. Чанх дээр нуман сар хэнз унаганы сэнжин тамга шиг сэмжрэн байна. Би Ариунаад тэр сарыг заав. Олон тайлбар ч хэрэг алга. Ойрын хэд хоног зэврүүндүү байсан тэнгэр өнөөдөр налайж байна. Намрын огтор шар нар уг нь ийм л байдагсан даа.
Зам зуур элдвийн юм сэтгэлд эргэлзэж дув дуугүй явав. Буцахад намайг Д. Ганболдын машинд суулгасан бөгөөд энэ эрхэм бид хоёр МУНН-д хүчин зүтгэж явсан журмын нөхөд бөгөөд тэрээр Хон хэрээдийн Д. Энхбатын төрсөн ах нь юм. Одоо МҮЭ-ийн Төв Зөвлөлд уул уурхайн салбарын захиралын алба хашиж байгаа аж. Надтай цуг Д. Энхбатын аавынх нь төрсөн дүү баавай хэмээх В. Дулам, түүний ээжийн нь хамаатан гэх Батсүх хэмээх хоёр настан хамт явав. В. Дулам гуайг ахан дүүс нь ихэд хүндэтгэх бөгөөд нэрт дуучин Оюунтүлхүүрийн эмээ нь юм байна.
“Хон хэрээдийн Д. Энхбат” гэсэн хөшөөний үг нүдэнд харагдаад болдоггүй. “Энэ талийгаачийн оршуулгыг миний муу найз сэтгүүлч, зохиолч Хон хэрээдийн Энхбаттай хүмүүс их андуурах юм байна даа” гэж бодно. Сонинд гарсан эмгэнэлийн зураг нь ч адилхан юм. Угаасаа энэ хоёр Энхбат нэг нутаг, нэг дор, нэг овогийнх бөгөөд их жанжин Сүхбаатарын ээж Хандын удмын улс гэлцдэгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй л дээ.

Төдий л удсангүй Улаанбаатарын замын түгжрэлт урсгалд орж явсаар Аса циркийн урд цайллага, будаалганыхаа газар ирлээ. Нэгэн сайхан хүнээсээ хагацан салах сүүлийн сүүн ёслол болох гашуудал тайлах цайллага дээр байх хугацаа мөн ч хүндхэн санагдана. Т. Ариунаа бид хоёр зэрэгцэн сууж ах дүүсийн нь тухай ойр зуурын юм явж байв. Түнтүүгийн Ариунаа бол Түгээмэл дээд сургуулийн Сургалтын албаны дарга бөгөөд Хон хэрээдийн Д. Энхбатын хань нь байсан юм. Д. Энхбаяр маань Арвис, Биндэр, Чингис хэмээх гурван хүүтэй бөгөөд Биндэр нь манай сургуульд багшилдаг юм. Яагаад Биндэр Хон хэрээд бус Ширмэндамдин гэдэг овог авсан юм гэж би түүнээс лавлав. Д. Энхбатын өмнөх эхнэр буюу Э. Биндэрийн ээж нь тэр талдаа холбоотой юм байна. Гадаад харилцааны сайд байсан Л. Эрдэнэчулууны ээж, Лувсан даргын авгай нэг их гоё хүүхэн байсан нь Ширмэндамдингийн охин байсан юмсанж.

Богд хаант Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, жонон бэйс Ширмэндамдин бол 1912 оны өвлийн дунд сард Монгол Улсын Гадаад хэргийг ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн хамт Петербург хотноо очиж Оросын II Николай хаанд бараалхан, Станиславын тэргүүн зэргийн эрдэнийн одонгоор шагнагдаж, Романовынхны угсаа хаан ширээнд суусны 300 жилийн ойн ёслолд оролцож, тухайн үеийн хэлэлцээрээр Хаант Оросын засгийн газраас 2 сая рублийн зээллэг авч монголын тусгаар тогтнолыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхэм билээ.

Би “Биндэрийн ээж нь энд байна уу” гэж асуув. Гэтэл тэр нь бас нэг оршуулгад явсан гэнэ. Чимид зангийн том хүү Балдан гэлэнгийн эмэгтэй дүүгийн ач хүү нь нэрт сэтгүүлч Пүрэвдоржийн Сандуйжав, Ардын жүжигчин П. Цэрэндавга нар юм. Тэр хоёрын ээж 93 настай Хорлоо гуай сая таалал төгсч ах дүү нар нь үндсэндээ хоёр хуваагдаж ажил явдлыг нь гүйцэтгэж байгаа юм байна. Тэгж суутал Т. Ариунаагийн утас дуугарав. Ярианы өнгөнөөс үзэхэд бас нэг хүн болохоо байчихав уу даа. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Милл хаус” компанийн гүйцэтгэх захирал Шархүүгийн Пүрэвсүрэн нас баржээ. Би түүнийг таних юм.
-Яасан гэж байна
-Зүрх нь хаагдчихаж

Хорвоогийн явдал зовлонгоор дүүрэн аж. Гагцхүү зовлонт ертөнцийг туулах гэж хүмүүн заяаг олох нь өөрөө зовлон бус уу. Тэгвэл тэр мөрөөдөл болсон жаргал гэж ер нь юу юм бэ. Нар юм уу, эсвэл зовлонгийн хэлтэрхий солирын үртэс юмсан уу. Би ингэж бодож суув. Сэтгэл нэг л сонин эмзэг болчихжээ.
-За би явья даа.
-Сургуулийн багш нар одоо ирэх байх.
Хэдэн хурмын дараа би ажлын зүг ганцаараа алхаж явав.

Цааш унших...