Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”

2009.09.14. Даваа гариг

Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”

Өглөө долоо хагаст гуравдугаар эмнэлэгийн ард очив. Тэндээс талийгаачийг гаргах ёслолд оролцоод үлдэх ёстой байв. Очиход машин унаа зөндөө, бас олон хүн хэсэг хэсгээрээ байх нь энэ өдөр нэлээд хэдэн хүний оршуулга эндээс гарах нь тодорхой байв. Эхнэр бид хоёр Ариунаа болон Түгээмэл дээд сургуулийнхаа багш нарыг олох гэж тэр хүмүүсийн дундуур сүлжин явав. Харагдсангүй.
-Орчихсон юм биш байгаа
-Арай болоогүй баймаар юм
Бид хоёр ингэж ярингаа оршуулах ёслол хийдэг танхимд ортол урдаас гарч ирэв. Ариунаа багш маань уй гашуутай харагдана. Ханиа алдчихсан хүн биенийхээ талыг алдчихсан гэсэн үг. Аргаггүй ээ. Манай сургуулийнхан алга. Ариунаа багш хэнийг газар руу явуулах, хэнийг ар талд үлдээхээ шийдэх ёстой байсан. Чухам хэнтэй юу ярьж яаж зохицуулсаныг би мэдэхгүй. Одоо ямар асуултай нь биш. Мань хүн хичээлээ таслахгүйгээр шийдсэн нь тодорхой болов.
-Багш нар ирсэнгүй. Би явья даа. Яаж сургуулиас хүнгүй байхав гэхэд
-Явалгүй яахав. Арай нимгэн гарчихлаа, даарахгүй биз гэж эхнэр хэлж байна. Тэгээд л би улаан автобусанд орж явчихав.

Автобус маань өөр хүн суухыг хүлээсэн үү нэлээд азнаж байж хөдлөв. Энэ хооронд оршуулгын цуваа нэгэнт хөдөлчихсөн байв. Гуравдугаар эмнэлэгийн баруун талын замын хөдөлгөөн өтгөрч түгжрээ болохын наахана байх шиг санагдав. Автобус маань гийнан урагшилсаар төмөр замын гарам өнгөрөөд цуваатайгаа нийлж амжив. Гэхдээ дунд маань хэдэн машин хавчуулагдсан бололтой. Хорин хоёрын товчоо өнгөрөх үесэд замын зүүн талд бараан хээр зүсмийн баахан морьд урд шөнө энд тарж хоносон юм уу гэлтэй зогсох нь зогсч, хэвтэх нь хэвтэж байна. “Одооны морьд хонь шиг хотын захад хотолдог болоо юу” гэсэн бодол зурсхийв. Дээлээ зузаалан өмссөн идэр залуу хээр зүсмийн үрээ уначихсан адуун дээрээ сая ирсэн бололтой захалж яваа харагдана. Манай цуваа төмөр замын гарам гаталж Дарханы зам руу шуудран явав. Автобустай нийлээд долоон машин явж байгаа юм байна. Тэндээс холгүй баруун гар талд хул хонгор, зээрд зүсмийн цөөвтөр адуу энгэр арлан бэлчиж яваатай таарав. Өвөр талд юм болохоор бэлгэшээж “Энхбат маань хотоос гараагүй шахам байхдаа адуун сүрэгтэй хоёр ч удаа таарлаа. Адууны хийморьтой эр байж дээ” гэж уяран бодов. Замын туршид бас адуутай, үхэр, хонин сүрэгтэй хэд хэдэн удаа таарав. Өглөө мал бэлчих үе мөн боловч Энхбат хэмээх энэ идэрхэн эрийг сүүлчийн замд нь үдэх ер бусын тавилант цувааны сүүл мушгиж яваагийн хувьд монгол хүний сэтгэлээр тааралдсан юм бүхнийг эерүүлэн бодож явлаа.

“Жаран хоёрын гарам”-ын тэнд очно гэсэн болохоор 62 км газар юм байх даа гэж бодож байв. Гэтэл хотоос 48 км орчим ойрхон газар юм байна. Төмөр замын Рашаантын өртөө өнгөрөөд нэг нүдэн булаг бий. Түүний цаадах гүвээг давахад нэг хэсэг тэгш талын дундуур зурийсан зам байх бөгөөд жолооч нарын ид хурдаа авдаг газар юм. Харин бид нэгэн жигд хэмээр явсаар дараагийн гүвээ толгодын наахана цайран харагдах оршуулгын газарт хүрэв. Замын баруун талд тариалангийн хуучин талбайн хойморт тухайлан зассан сэрэгхэн цэмцгэр газар байдаг нь өдгөө өндөр цагаан суварга бүхий оршуулгын газар болжээ. Түүнийг нааш цааш явахдаа хэдэнтээ харж байсан боловч ийн хэрэг зориг болон очиж явсангүй.

Цэвэрхэн барьсан цагаан хашааны төмөр угалзан чимэглэлт хаалганы дээр “Нью Семетри” гэж бичсэн нь энэ газар хувийн эзэмшлийн болохыг илтгэнэ. Бид автобус, машины гадна талын цэлгэр зогсоолд эгнүүлэн байршуулж дотогш явган оров. Хашааны хойт тал хар, саарал өнгийн хөшөө, суварга бүхий оршуулгаар цөөвтөр эгнээ дүүргэсэн нь уг газар шинэвтэр болохыг харуулахын зэрэгцээ зохион байгуулалттай, цэгцтэй байдлыг шууд өгүүлнэ.

Хашааны арын уулын энгэрт хэсэг хонь, ямаа хоносон бололтой хэвтэртээ хэвээр байна. Хажууд нь намхан тэвшит машинд бас хүмүүс хоносон бололтой бүтээлэг энэ тэр болсон харагдана. “Газар мундсан биш. Оршуулгын газарт орж хонохдоо яахав дээ. Бас мориор бус машинаар малаа малладаг болоо уу даа” гэх бодол төрж байна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа арын тэр уул өөд харахад тэд алга болчихсон байлаа.

Арын уулын нэр нь “Шүлэг” гэдэг аж. Шүлэг уул. Ямар гайхалтай сайхан нэр вэ? “Нью Семетри” ХХК Сонгино хайрхан дүүргийн нутагт орших Шүлэг уулын энгэрт ийнхүү оршуулгын шинэ газар нээж орчин үеийн хэв загварт нийцсэн үйлчилгээ явуулж байгаа нь юутай их буянт үйлс вэ. Тэд тэр газраа эхнээсээ цэгцтэй эхэлж байгаа нь энэ бөгөөд хашаан доторхи газар нутгаа дээд зиндаа, эрдэмтэн доктор, улс төр, урлаг соёлын зүтгэлтэн, гэр бүл, энгийн иргэд гэхчилэн ангилсан нь анхаарал татаж байна.

Бид энд энэ өдөр эхэн болж очжээ. Бидний араас хоёр ч оршуулгын цуваа ирэв. Баруун талд ирсэн оршуулгыг луун торгон дээлт зайран удирдаж байгаа бололтой. Тэр дун үлээж, бяцхан тулганд гал асааснаа бөөлж эхлэв. Түрүүнээс хойш бидний дээгүүр хоёр хар хэрээ эргэлдэж тэнгэрт өөр хоорондоо ноцолдож, бас гуаглан байсан нь бөөгийн дунгийн дуунаар номхорч зэрэгцэн чимээгүйхэн илэн халин нисч эхэлснээ нэг нь зүүн тийш одож нөгөө нь арын шон дээр суун үлдэв. Түүний дараа хорь гучаараа сүрэглэсэн тагтаа өглөөний нарны гэрэлд далавчаа цахиртуулан зэрэг сэвэх мэт эргэлдэж байснаа хашааны дээр зэрэглэн суулаа. Хэсэг болжмор л харин хүүхэд адил шулганан дэрхийн нисч, торхийн бууж саваагүйтэж байв. Талийгаач Д. Энхбатын маань их овог “Хон хэрээ” юм. Тиймээс тэр хоёр хар хэрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн овог нэгтэнтэйгээ ямар нэгэн шижмээр холбогдож, өөрсдийн хэлээр уулгалан ярьж, харамсан гашуудаж, бас тэнгэрийн оронд түүнийг хүлээн авч байгаа мэт надад санагдаж байв. “Талийгаачийн нэрийг нь хөшөөнд бичих гэхээр нь овгийг нь заавал оруул гэсээр байгаад оруулчихлаа” гэж Т. Ариунаа ярьж байсан нь санаанд орж түүнийг зөв юм хийснийг дотроо талархан байв.

Хайрцаг сав бүхий шарилыг газарт хийж эх дэлхийд нь өлгийдөөд ёслолд оролцож буй хүмүүс ард байх жижиг сүмд орж зуун зул асаагаад ирэхэд оршуулгын газрын хүмүүс бүхнийг хийж дуусгаад цэмцийтэл нь янзалчихсан байв. Хөшөөний даавууг авсан байх бөгөөд түүнд “Хон хэрээдийн Д. Энхбат 1957-2009” гэж бичжээ. Зүүн талд нь Э. Сүлд-Эрдэнэ /2005-2009/, баруун талд нь С. Төртогтох /1943-2009/ гэсэн хүмүүс залагдсан нь надад сонин санагдав. Нэг нь нялх хүүхэд, нөгөөх нь Энхбатаас маань ах хүн байгаа нь гурван цагийн үргэлжлэл ч юм шиг. Тэгээд ч нэр нь хүртэл өөр хоорондоо дотоод чанадын гүн холбоотой ч юм шиг сонин сэтгэгдэл төрж байв. Доржийн Энхбат бол монголын уул уурхайн ховор мэргэжилтний нэгэн бөгөөд 1984 онд ОХУ-ын Донецк хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн уул уурхайн баяжуулагч инженер юм. Баяжуулагч инженер үнэхээр ховор мэргэжил тул тэрбээр Эрдэнэт, Бор-Өндөр, Монгол газар, Монгол алт, Багануур зэрэг монголын уул уурхайн төв цэгүүдэд ажиллаж ирсэн юм.

Би оршуулгын газарт залагдсан хүмүүсийн дундуур явж үзсэнгүй. Тэгэхдээ нүдэнд харагдах ойролцоох хөшөөний нэрсийг харж явав. Талийгаачийн баруун хойт талд нь Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Г.Хүрэлбаатар маань харагдана. Тэр 1959 онд төрж 2009 онд нас барсан юм байна. Дэлхийд монголын нэрийн өмнөөс босч барилдаж байсан залуусын нэг л дээ. Бид хоёр нэр нэгтэй болохоор тааралдахаараа мэнд устай явсан юмсан. Түүнийг дөчин есний сүүл нь ширэвчихэж дээ. Ер нь эр хүн дөчин есөн насыг туулахад хэцүү гэдэг юм. Майкл Жексэн нь бас л дөчин еснийхөө сүүлийг татаж авч чадаагүй юм шүү дээ.

Хашааны зүүн талын хэсэгт байх хэдэн эгнээний баруун урд талд “З. Гулиранз” гэсэн нэр зул өргөдөг сүмээс тод харагдахад сэтгэл сэрхийх шиг болов. УБДС-д надад орос хэл зааж байсан багш минь байв. Надад хичнээн сайн байсан гээч. Хаана л тааралдана намайг татаж ирээд л үнсэнэ, миний шавь гээд хажуу хавиргын хүмүүстээ магтаж гарна. Би зул өргөсний дараа багшийнхаа хөшөөнд очив. Хөшөөн дээр “З. Гулиранз 1945-2008. Багш та Хүнийг хүн болгоно Худлыг үнэн болгоно” гэж бичжээ.

Бид буцлаа. Тэнгэр цэв цэлмэг. Сүхбаатар чигийн зүүн уулсын дээгүүр хаямаг цагаан үүлс зурвас зурвасхан зулагдсан байхыг үл тооцвол үнэндээ бүртийх ч үүл алга. Чанх дээр нуман сар хэнз унаганы сэнжин тамга шиг сэмжрэн байна. Би Ариунаад тэр сарыг заав. Олон тайлбар ч хэрэг алга. Ойрын хэд хоног зэврүүндүү байсан тэнгэр өнөөдөр налайж байна. Намрын огтор шар нар уг нь ийм л байдагсан даа.
Зам зуур элдвийн юм сэтгэлд эргэлзэж дув дуугүй явав. Буцахад намайг Д. Ганболдын машинд суулгасан бөгөөд энэ эрхэм бид хоёр МУНН-д хүчин зүтгэж явсан журмын нөхөд бөгөөд тэрээр Хон хэрээдийн Д. Энхбатын төрсөн ах нь юм. Одоо МҮЭ-ийн Төв Зөвлөлд уул уурхайн салбарын захиралын алба хашиж байгаа аж. Надтай цуг Д. Энхбатын аавынх нь төрсөн дүү баавай хэмээх В. Дулам, түүний ээжийн нь хамаатан гэх Батсүх хэмээх хоёр настан хамт явав. В. Дулам гуайг ахан дүүс нь ихэд хүндэтгэх бөгөөд нэрт дуучин Оюунтүлхүүрийн эмээ нь юм байна.
“Хон хэрээдийн Д. Энхбат” гэсэн хөшөөний үг нүдэнд харагдаад болдоггүй. “Энэ талийгаачийн оршуулгыг миний муу найз сэтгүүлч, зохиолч Хон хэрээдийн Энхбаттай хүмүүс их андуурах юм байна даа” гэж бодно. Сонинд гарсан эмгэнэлийн зураг нь ч адилхан юм. Угаасаа энэ хоёр Энхбат нэг нутаг, нэг дор, нэг овогийнх бөгөөд их жанжин Сүхбаатарын ээж Хандын удмын улс гэлцдэгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй л дээ.

Төдий л удсангүй Улаанбаатарын замын түгжрэлт урсгалд орж явсаар Аса циркийн урд цайллага, будаалганыхаа газар ирлээ. Нэгэн сайхан хүнээсээ хагацан салах сүүлийн сүүн ёслол болох гашуудал тайлах цайллага дээр байх хугацаа мөн ч хүндхэн санагдана. Т. Ариунаа бид хоёр зэрэгцэн сууж ах дүүсийн нь тухай ойр зуурын юм явж байв. Түнтүүгийн Ариунаа бол Түгээмэл дээд сургуулийн Сургалтын албаны дарга бөгөөд Хон хэрээдийн Д. Энхбатын хань нь байсан юм. Д. Энхбаяр маань Арвис, Биндэр, Чингис хэмээх гурван хүүтэй бөгөөд Биндэр нь манай сургуульд багшилдаг юм. Яагаад Биндэр Хон хэрээд бус Ширмэндамдин гэдэг овог авсан юм гэж би түүнээс лавлав. Д. Энхбатын өмнөх эхнэр буюу Э. Биндэрийн ээж нь тэр талдаа холбоотой юм байна. Гадаад харилцааны сайд байсан Л. Эрдэнэчулууны ээж, Лувсан даргын авгай нэг их гоё хүүхэн байсан нь Ширмэндамдингийн охин байсан юмсанж.

Богд хаант Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, жонон бэйс Ширмэндамдин бол 1912 оны өвлийн дунд сард Монгол Улсын Гадаад хэргийг ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн хамт Петербург хотноо очиж Оросын II Николай хаанд бараалхан, Станиславын тэргүүн зэргийн эрдэнийн одонгоор шагнагдаж, Романовынхны угсаа хаан ширээнд суусны 300 жилийн ойн ёслолд оролцож, тухайн үеийн хэлэлцээрээр Хаант Оросын засгийн газраас 2 сая рублийн зээллэг авч монголын тусгаар тогтнолыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхэм билээ.

Би “Биндэрийн ээж нь энд байна уу” гэж асуув. Гэтэл тэр нь бас нэг оршуулгад явсан гэнэ. Чимид зангийн том хүү Балдан гэлэнгийн эмэгтэй дүүгийн ач хүү нь нэрт сэтгүүлч Пүрэвдоржийн Сандуйжав, Ардын жүжигчин П. Цэрэндавга нар юм. Тэр хоёрын ээж 93 настай Хорлоо гуай сая таалал төгсч ах дүү нар нь үндсэндээ хоёр хуваагдаж ажил явдлыг нь гүйцэтгэж байгаа юм байна. Тэгж суутал Т. Ариунаагийн утас дуугарав. Ярианы өнгөнөөс үзэхэд бас нэг хүн болохоо байчихав уу даа. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Милл хаус” компанийн гүйцэтгэх захирал Шархүүгийн Пүрэвсүрэн нас баржээ. Би түүнийг таних юм.
-Яасан гэж байна
-Зүрх нь хаагдчихаж

Хорвоогийн явдал зовлонгоор дүүрэн аж. Гагцхүү зовлонт ертөнцийг туулах гэж хүмүүн заяаг олох нь өөрөө зовлон бус уу. Тэгвэл тэр мөрөөдөл болсон жаргал гэж ер нь юу юм бэ. Нар юм уу, эсвэл зовлонгийн хэлтэрхий солирын үртэс юмсан уу. Би ингэж бодож суув. Сэтгэл нэг л сонин эмзэг болчихжээ.
-За би явья даа.
-Сургуулийн багш нар одоо ирэх байх.
Хэдэн хурмын дараа би ажлын зүг ганцаараа алхаж явав.

No comments:

Post a Comment