Багштай учирсан миний зам


БАГШТАЙ УЧИРСАН МИНИЙ ЗАМ
/Өөрийн учир/

Нэг

1973 оны зуны хэдэн сард Улсын багшийн дээд сургуулийн эзгүй ягаан байшинг эзэнтэй цагаан байшин болтол нь эргэж шинэхэн оюутны хөөрүү сэтгэлээр хичээл эхлэх мөчийг тэсэн ядан хүлээв. Тэгээд л хамгийн түрүүнд намрын ажилд дайчлагдаж ургацын эхний машины тэвшин дээр арван хэдүүлээ дүүлэн гарч билээ. Тэд цөм шинэ оюутан бөгөөд сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга Дэмбэрэл гэгч үзэг зууж, цаас барьсан цагаан залуу гарын арван хуруунд багтах биднийг нар зөв гурав дахин тоолсноо арай овортой нь би байсан юм байлгүй намайг зааж “За чамайг ахлагчаар томилоо. Оюунтуудаа аваад Батсүмбэрийн САА-руу марш” гэж билээ.
Тэр цагийн оюутны намрын ажил гэгч хожмын дурсамжийн алтан мөч байсан юм билээ. Биднийг Батсүмбэрийн САА-н арын ногоон толгойн даршин дээр хуваарилж, ахлах ангийн архаг оюутанууд ирсэн мэт эзэнгүй орхив. Бидний САА-гаас хариуцан байсан хүмүүсийн дотор Агваан гэж хүн байсан санагдана. Тэр хүн хөнгөн атлетикийн нэртэй тамирчин байсан гэнэ. Улсын рекорд амжилтын эзэн болсонд атаархсан нэг нь гүйлтийн хадаастай гутлаараа гуяыг нь цохисноос шөрмөс нь тасарч сүжлээ доглон болсон тухай сонсоод сэтгэл харанхуйлж билээ. Бид Агваан гуай, бас дарш гишгэгч тракторчин, үй зайгүй давхин ирэх жолооч нартай багш ч үгүй хэдэн шинэковууд нусаа хацартаа наатлаа ажиллав. Дөнгөж арав дугаар анги төгсч дээд сургуульд орж байгаа миний бие улсын энэ хариуцлагатай ажлыг Улсын багшийн дээд сургуулийн нэрийн өмнөөс хариуцаж хэрэндээ өөрөө өөртөө их шаардлага тавьж чарамхийн ажиллаж байлаа. Спортын гавьяат дасгалжуулагч, байт сурын гэх Жамъянсүрэн багш бараг сарын дараа бидэн дээр ирсэн бөгөөд тэр үед бид аль хэдийнэ ажлын дөртэй болж залуу цагийн аагаар ёстой нэг гялалзуулж байлаа.
Багштай болсон болохоор би назгайрч эхлэв. Жолооч нарын рейсийг бичдэг тул тэдэнтэй ихэд дотно болов. Тиймээс нэг орой шуудай төмс, байцаа авч ногоо ачсан тэргээр Улаанбаатар руу гэртээ очихоор сүнгэнэв. Маргааш нь үдийн хэрд эргэж очихдоо баахан сонин, талх, ганц нэг хайрцаг хөх пүүшиктэй очив. Манай ангийн Р. Чүлтэмсүрэн гэгч малигар шар хүү “Залуучуудын үнэн” сонины 100 дахь дугаарт биднийхээ тухай хөөрхөн сурвалжлага бичиж нийтлүүлсэн бөгөөд тэнд миний нэрийг хэд хэдэн удаа бичсэн байсныг дахин дахин уншихдаа нэрээ тоолон тоолон байж билээ. Тиймээс янз янзын сонин олныг авсан байлаа.
Өөрийнхөө хэддээ талх тариа, тамхиа тараачихаад сонин гарчиглаж суутал байтал Ч. Энхдалай гэдэг хүний бичсэн “Газрын дуун номын тухай” гэсэн шүүмж анхаарал татав. Учир нь САА-д анх ирэхдээ уран зохиолын хэдэн шинэ номтой ирсэн бөгөөд тэр дунд С. Лочингийн “Газрын дуун” гэдэг гайхалтай сайхан ном байсан юм. Хатуу хавтастай тэр жижигхэн номыг бид хамуутай даага шиг болтол нь ноолсон доо. Гэтэл тэр сайхан номыг салам шүүмжилж ёстой л будаа болгож өгч. Гэнэт миний сэтгэл үймрэв. Харваж буй нум сумын дүрс бүхий зураг дор шүүмж хэмээн тодотгон байж бичсэн зүйлс утга зохиол сонинд хааяа гарахад ихэд бишрэн уншихдаа түүнийг үнэний туйл гэж боддог байв. Гэтэл надад ер бусын сайхан санагдсан номыг маань ингэж муучилсанд ихэд цухалдав. Тэгээд шүүмж гэдэг чинь бас худлаа байдаг юм байна гэсэн хачин агдуу бодол орж ирэв. Хэдэн хоногийн дараа “Газрын дуун”-г дахин уншив. Бодол маань өөрчлөгдсөнгүй. Ажлын чөлөө цагаараа үзэг цаас нийлүүлж “Бичсэн болгон шүүмж болохгүй” гэсэн шүү юм бичив. Шүүмжийн шүүмж юм уу даа. Түүнийгээ бичих гэж хэдэн шөнө лааны бүдэг бадаг гэрэлд ихэд шимтан сууж байхыг манайхан янз янзаар л хүлээн авч байсан байх. Зарим нь гэрэлтэйд унтаж чадахгүй төвөгшөөж байсан байх. Ийнхүү нэгдүгээр ангийн оюутны хэлбэршиж амжаагүй бичгийн хэвээр анхны шүүмж маань Батсүмбэрийн САА-д бичигдсэн юм. Уран зохиолын шүүмж хэмээх адармаатай албанд өөрөө өөрийгөө сайн дураар томилж, утга зохиолын их өргөөний хаалгыг анх тогшиход тосч авах багш хэдийнэ бэлэн байсан юм билээ. Мөнхөө багштай учрах анхны шан ингэж татагдсан билээ.

Хоёр

УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн нэгдүгээр курсийн хичээл эхлэв. Миний цүнхэнд мөнөөх шүүмжийн гар бичмэл явах бөгөөд түүнийг хэнд үзүүлэх, хэнээс зөвлөгөө авах талаар төсөөлөл алга. Дашдорж багшийн удирддаг утга зохиолын дугуйланд хэдэн удаа суусан боловч дан шүлэг уншсан хүүхдүүд байсан болохоор нөгөөхөө хэлж зүрхэлсэнгүй. Тэгсээр нэг хэсэгтээ мартагнав.
Степент буусан өдөр ах ангийнхны жишгээр ангийнхаа оюутан Пүрэвсүрэнгийн Болд /манай анги Архангайн хоёр Болдтой байсан юм/, Баян-Өлгийн Хумарбектэй Улаанбаатар ресторанд орж хуйцайтав. Ихэд тансаглаж байгаа нь тэр. Тэгээд намрын ажлын талаар буу халж суухдаа нөгөө хоёр маань миний намаржин бичсэн зүйлийн талаар асууж байна. Би цүнхнээсээ нугалаасаараа цоорсон шүүмжээ гаргаж үзүүлж түүнийг хэрхэх тухай тэр хоёроос асуув. Базаалттай ч тогтож уншаагүй боловч “Утга зохиол, урлаг” сонинд өг гэж байна. Нэгдүгээр ангийн хаалгаар дөнгөж хөл нь цухуйж буй бид гурав бас том том юм ярьцгаав. Намайг зоригжуулж байгаа нь тэр байж л дээ.
Тэгээд хэд хоногийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн байшинг заалгаж Билигсайхан гэдэг хүний нэр тогтоон давхиж очив. Тэр хүн л хэвлэх эсэхийг нь мэддэг юм гэнэ. Эрэгтэй ч хүн юм уу, эмэгтэй ч хүн юм уу бүү мэд. Жижүүр гурван давхарт гэж хэлэв. Өрөөний хаалганы дугаар хэлсэнгүй. Тэгээд гурван давхрын нэг хаалгыг татвал долгионтсон тас хар үстэй цагаан залуу ширээний хажууд ганцаараа зогсч байх юм. Би тэр хүнээс “Билигсайхан гуай хаана суудаг юм” гэж их итгэлгүй бүдэг дуугаар бүрэг асуув. Тэр хүн намайг цочмог хажуулдан харснаа “Яахнав. Ороод ир” гэж байна. Билигсайхан гэдэг нь тэр хүн бололтой. Өөрөөс нь өөрийг нь асуусандаа балтаар цохиулсан мэт нугдасхийв. Би угийн бүрэг, бас их хөлсөрхөг тул хамаг бие чийхрав. Нүүр маань цас улайсан байх. Харуу оргиод явчихав. Буцаад алхах гэх гээд урдаас нь алхчихав. “Би үүнийг үзүүлэх гэсэн юм” гэж цагаан цаасан дээр шинээр хуулж бичсэн шүүмжээ сарвайв.
Тэр цагаан залуу ширээн дээрээ очиж миний бичсэнийг хайш яайшхан уншихдаа “Дөнгөж нэгдүгээр ангид орж байж яасан их эр вэ. Ийм юмыг ингэж бичдэггүй юм” гэж загнаж байна. Би бүр ч шалдаа бууж бушуухан гарахын түүс болж зогсов. Гэтэл хаалга сэвхийж тэвхгэр тэгш мөртэй, дөрвөлжин духтай, хамар дээрээ мэнгэтэй, цэнхэр пиджактай нэгэн эрхэм орж ирээд сонины тухай хэдэн юм асуунгаа мөнөөх шүүмжийг гарчиглах мэт гүйлгэн уншингаа намайг халт харснаа чимээгүйхэн гараад явчихав. Би ч Билигсайханы ширээний өнцөгт эв хавгүйхэн түлхэн тавьсан хэдэн хуудас шүүмжээ хамж аваад шалавхан гарав. “За дахин үүгээр орохгүй” гэсэн бодол Зохиолчдын хорооноос сургуульд иртэл салсангүй. Нөгөө хоёртоо “Та хоёр намайг алах шахлаа” гэж тунирхав. Дахин шүүмж бичих дэврүүн бодлоо тасар татан хаяж, тархиа зүлгэн зүлгэн арчив.
Нэг их удаагүй санагдана “Зохиолчдын хорооноос хүн ирээд байна” гэж хичээл дээрээс намайг диканы нарийн дуудав. Нөгөөх гайт шүүмж бодогдоод “За баларлаа” гэж сандрав. Манай хоёр намайг өрөвдөнгүй харцаар үдэж гаргав. Коридорт гартал хүн байсангүй. Нарийн бичгийн дарга доош нь зааж “Хоёр давхарт байгаа” гэж байна. Доош буутал тэнд хар бор харааны шилтэй махлаг бор залуу намайг тосч уулзаж өөрийгөө Хэлний хүрээлэнгийн Сампил хэмээн танилцуулж “Зохиолч Лочин явууллаа. Сонинд өгсөн шүүмжийг чинь үзмээр байна” гэв. Намайг Лочин зохиолчийг таньдаг гэж бодож л дээ. Би тэр хүний зүсийг ч үзээгүй нэгэн билээ. Би эргэлзэв. Тэгэхдээ тэр хүн өгөх үү яахав гэдэг утгаар бус “Нөгөөх маань хаана байгаа билээ, урчихаагүй, хаячихаагүй бил үү” гэж эргэлзсэнийх юм. Золоор хичээл завсарлаж би цүнхнээсээ нөгөөх шинээр хуулснаа өгч яс амрав. Миний шүүмжийг Билигсайханы ширээнээс авч уншсан дөрвөлжин духат нь утга зохиолын шүүмжлэгч Барын Цэдэв байсан бөгөөд тэр С. Лочинд хэлж, тэрээр над руу Х. Сампилдэндэвийг илгээсэн нь энэ аж. Миний анхны энэ шүүмж тухайн үедээ “үгээ хэл, үүргээ гүйцэтгэсэн” хэдий ч өнөө хэр хэвлэгдээгүй бөгөөд зохиолч С. Лочингийн хувийн архивт байдаг юм билээ. Ингэж би Мөнхөө багшийнхаа ажиллаж амьдарч байсан Зохиолчдын хорооны саарал байшинд утга зохиолын шүүмжийн шүүмж сугавчлан анх алхан орсон билээ.

Гурав

Нэг мэдэхэд Мөнхөө багшийн өрөөний байнгын сахиул болов. Багш маань намайг орох тоолонд бичиж байгаа юмаа албатай юм шиг хойш нь түлхэж, эсвэл бичсэн зүйлээ нэг их сүрхий тэгшлэн байж нямбайлан тавиад тамхиа баагиулан сандалаа налан тухална. Тэр туранхай биенээс гарамгүй баригаа хоолойгоо хүчлэн цөөн үгээр учирлан ярих бөгөөд үе үе үгээ таслах нь өөрийнхөө яриаг өөрөө сонсон шинжиж байна уу гэлтэй санагдана.
1979 оны хавар Ц. Мөнхөө багш маань намайг өрөөндөө дуудаж “Би Лувсанвандантай ярьчихсан. Энэ бичгийг аваачиж өгөхөөр долоо хоногийн чөлөө өгнө. Соёлын яамны жүжиг, кино зохиолын хэлтэс, Зохиолчдын хорооноос жүжгийн зохиолчдын семинар зохион байгуулж байгаа юм. Театр судалж байгаа хүнд хэрэгтэй” гэж байна. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт С. Лувсанвандан багшийн удирдлагын дор театр судлаачаар ажиллаж байсан юм. Юугаа ч мэдэхгүй улаан нялзрай намайг жүжгийн зохиолын судлал руу алхам алхмаар татан оруулж байсны нэгэн алхам нь энэ байсан юм.
Жүжгийн зохиолчдын семинарт С. Лувсанвандан, Э. Оюун, Ч. Чимид, С. Удвал, С. Дашдондог тэргүүтэй олон хүн хичээл зааж, жүжгийн зохиолчид ер бусын идэвхтэй оролцож билээ. Зөвлөлтөөс уригдаж ирсэн хоёр мэргэжилтний лекцийг С. Удвал, Э. Оюун гуай хоёр ээлжлэн орчуулж, бас Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэн, Зохиолчдын хорооноос эрдэмтэн, судлаач шүүмжлэгчид санал бодлоо ярьж, маргалдан мэтгэлцэж байж билээ. Тэр халуун дулаан, цагаан мөрт яриа хөөрөө намайг урьд байгаагүйгээр хөглөж утга зохиол, урлагийн шүүмжийн ертөнцийн гоо сайхан, итгэл үнэмшил, эр зоригийн нэгэн далд утас намайг аргамжин авах шиг санагдаж билээ. Семинар Зохиолчдын хорооны нэгдүгээр давхарт байх хурлын зааланд болсон тул хичээлийн өмнө хойно, завсарлагаанаар Мөнхөө багшийн өрөөнд давхин орно. Ер нь би Зохиолчдын хорооны бусад өрөөнд бараг орж байсангүй. Багш маань “За хичээл сайн уу” гэж нэг их шамдан асууна. Тэгээд зарим зүйлийг лавлана. Угтаа намайг түншиж, бас урамшуулж байсан нь тэр байх.
Би долоо хоногийн дараа бөөн мөрөөдөл тээсэн амьтан ажилдаа давхин очив. Юуны өмнө өөрийн ажилдаа ихэд шүүмжлэлтэй хандав. Мэдэхгүй чадахгүй юм хэрээс хэтэрсэнд бас гунив. Долоо хоногт дээд сургуулийн дээд курсийн хэмжээний мэдлэг олж авсан санагдаж өдөр хоног гэгч ямар их багтаамжтайг гайхав. Тэр үед С. Лувсанвандан багшийн Урлаг судлалын сектор монголын урлагийн түүх бичлэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан бөгөөд миний хувьд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажлын орон тооны ганц хүн нь байлаа. Энэ номын зохиогчоор Э. Оюун, С. Дашдондог, Х. Нацагдорж, С. Зориг бид тав томилогдсон байсан юм. Тэгээд театрын түүх бичлэгийн төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилмөөр санагдав. Чухам яаж өөрчлөхөө бас мэдэхгүй. Манай секторын хийж буй кино, дүрслэх урлаг, хөгжим, театрын түүхийн төлөвлөгөө дэндүү нэг загварын санагдаж, даа ялангуяа хэт намтарчилсан байдалтай, уран чадварын асуудал орхигдсон мэт байх тул секторын эрхлэгч С. Лувсанвандан багшдаа саналаа хэлэв. Багш бид нар нэг өрөөнд хамтдаа суудаг байсан юм. Багшийн нүүр улас хийснээ “Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан юм, наадах чинь” гэж билээ. Одоо бодоход Лу багш маань тэр бүхнийг зохион байгуулж, арга зүйг нь бүтээсэн байх тул би шууд утгаараа багшийгаа шүүмжилсэн хэрэг байж. С. Лувсанвандан бол миний хир халдаамгүй өмөөрөн явдаг шүтээн багш нарын маань нэг яах аргагүй мөн бөгөөд улсад биеийн хүчин үнэлж ажилд ороход анх өлгийдөж авсан ачтан билээ. Сонин хэвлэлд кино, номын хэдхэн шүүмж нийтлүүлсэн шалдар оюутан намайг төгсүүт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт суга татан авсныг би одоо хүртэл бурхны томилолт байсан байх гэж боддог юм. Би С. Лувсанвандан багштай уулзаж байгаагүй, зүс үл таних тул надад итгэж, намайг татаж авсан нь Ц. Мөнх багшийн маань санал, Дү. Мягмарсүрэнгийн идэвхтэй зуучлал тус болсон гэж бодож явдаг аа. Бурхан хоёр багшийнхаа ачаар насан туршийнхаа туурвил бүтээлийн чиг замыг олж, өөрийгөө авьяас чадварыг нээж, эцэж цуцашгүй хөдөлмөрлөх эр зориг, эрч хүчийг олж авсан маань миний хувьд хамгийн том нээлт байлаа.

Дөрөв.

Жүжгийн зохиолчдын долоо хоногийн семинарын дараа ер бусын хөөрөлд автсан миний бие хэдэн шөнө нойргүй сууж 60 нас хүртэлх амьдрал, ажил үйлс, эрдмийн ажлын төлөвлөгөөг гаргав. Хорин хэдтэй залуугийн мөрөөдөл дэндүү дэврүүн байв. Тэр их эрдмийн ажлын төлөвлөгөөний цаана гарахын тулд юуны өмнө хувийн амьдралаа цэгцлэх, эхнэр авч үр хүүхэд орон сууцтай болох, ээжийгээ асран тойлох, өнчин дүү нараа хоолонд хүргэх зэрэг амьдралын нэн тулгар олон асуудал нуруун дээр минь овоорсон байгааг ойлгов. Тэр бүхнийг Хэл зохиолын хүрээлэнгийн ганц хүний тогтмол цалингаар хэрэгжүүлэх боломж байхгүй тул ажлаа өөрчлөх, эсвэл ирээдүйн их эрдэмтэн болох горьдлого тээн бусад бүх асуудлыг “золиослох” сонголт намайг хүлээж байв. Ийм ацан салаа бодол тээн С. Лувсанвандан багшийн удирдлаганд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажил дээр чарамхийн ажиллав.
Хэл зохиолын хүрээлэнд гэршиж, эрдэм шинжилгээний ажилд гаршиж оюуны шинжээчийн их өргөөнд буйраа хэдийнэ засч амжсан боловч миний хувийн амьдралын асуудалд доривтой ахиц ер гарсангүй. Хүрээлэнгээс гарч өөр ажилд шилжих тухай миний саналыг Мөнхөө багшаас өөр хэн ч дэмжсэнгүй. Мөнхөө багш маань ч эхлээд таатай хандаагүй боловч миний үлгэр шиг төлөвлөгөөг сонсч зөөлөрсөн юм. Би тэр дороо л өргөдөл бичиж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв рүү Ч. Догсүрэн гуайг оруулж ятгуулж, Улаанбаатар хотын намын хорооноос бичиг ирүүлж байж “Улаанбаатарын мэдээ” сонинд утга зохиолын ажилтнаар шилжив. Намайг оюутан байх үеэс тус сонины нөлөө бүхий ажилтан, сэтгүүлч Ч. Дашдорж сониндоо авна гэдэг байсан бөгөөд уг сонин Улаанбаатар хотын намын хороо, захиргааны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан тул миний амьдралын түшигт тулгуур болох нь тодорхой байв.
1981 оны хавар “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болж намар нь хуримаа хийв. Хурим маань сайхан болов. Ардын жүжигчин Д. Чимид-Осор ууц таллаж, С. Лувсанвандан багш тэргүүтэй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн, Ц. Мөнх тэргүүтэй шүүмж судлаачид, “Улаанбаатарын мэдээ” сониныхон, УБДС, арван жилийнхэн, хамаатан садан гээд л тухайн үедээ хөлтэй хурим болсон юм. Хүүхэд залуучуудын паркад эхэлж Зайсангийн аманд гурван хоног үргэлжилсэн хуримын чимэг нь төдийгүй баталгаа нь болсон эрдэмтдийн цугларалтыг чухамдаа Ц. Мөнхөө багш шууд гардан зохион байгуулсан юм. Энэ тухай хожим нь Ч. Билигсайхан “Мөнхөө багш чамайг уран зохиолын шүүмжлэгчээр авч үлдэх гэж хуримыг чинь хүртэл зохион байгуулсан” гэж билээ. Тэр үнэн ажгуу. Хуримын үеэр надад бэлэглэсэн “Шог хошин зохиолын дээж” /УБ., 1981/ номын дотор хавтсанд “Ү. Хүрэлбаатар, Л. Эрдэнэ нарт. Уран бүтээл эрдэм судлалын ажилд тань их амжилт хүсье. Амьдрал чинь үргэлж цэцэглэн явахын ерөөл дэвшүүлье. Ц. Мөнх, Б. Ганбат, Д. Өлзийбаяр, Ч. Билигсайхан, Б. Цэдэв, С. Лувсанвандан, С. Лочин, Жамбалсүрэн 1981.10.17” гэж бичсэн нь миний амьдралын мартагдашгүй мөчийн тод тамга болон үлдсэн юм.
Мөнөөх өмнө тулгамдсан хувийн асуудлууд ийнхүү дэс дараалан шийдвэрлэгдэж эхлэв. Мөнхөө багштай улам дотносож уран бүтээлийн гэхээсээ илүүтэй амьдралд тохиолдож байгаа асуудлаа илэн далангуй ярьдаг болов. Багш шавийн харьцаа гүнзгийрч эцэг хүүгийн харьцаа мэт болж ирэв. Мөнхөө багш маань хар багаасаа хэлмэгдлийн хар шуурганд өртөж байсан хүний хувьд ардчилалд их ойрхон байсан юм билээ. Тиймээс алив зүйлд голч шударга хандахыг эрмэлздэг төрөлх гэмээр үндсэн чанар нь утга зохиолын шүүмжийг хөгжүүлэх насан туршийн нь тэмүүлэл болсон санагддаг. Тэр зөвхөн өөрөө шүүмжлэгч байгаад зогсоогүй монголын утга зохиолын үе үеийн шүүмжлэгчдийн бүхэл бүтэн давхаргыг бэлтгэсэн юм. Тэгээд л харц гаралт өчүүхэн намайг тэр их бодлогын хүрээнд бүртгэн авч басхүү цагийн цагт зүглүүлэн чиглүүлж чирч гулдарч, урамшуулан түшиж явсанд би үнэнхүү талархаж явдаг юм. Багш хүн гэдэг зөвхөн номын багш бус амьдралын багш байдаг юм билээ. Энэ хоёр чанарыг төгс нэгтгэж ямагт дотроосоо гэрэлтэж явсан нь Мөнхөө багшийг үлэмжийн төгөлдөр болгосон гэж боддог.

Тав.

“Улаанбаатарын мэдээ” сонины утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр арваад жил ажиллаад ерээд онтой золгов. Нийгэм тэр аяараа бужигнаж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхлэв. Ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо бодит зүйл болсон тул “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ” зэрэг нам, захиргааны давхар харьяалалтай сонинууд задарч эхлэв. Манай сонин хоёр хуваагдаж Улаанбаатар намын хороо “Нийслэлийн сонин бичиг”, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа “Улаанбаатар” сонинтой болов. Ингэж монголын хэвлэлийн түүхэнд орон нутаг буюу нийслэлийн төрийн захиргааны байгууллага анх удаа бие даасан тогтмол хэвлэлтэй болсон юм. “Улаанбаатар” сонины эрхлэгчээр миний бие тохиоон томилогдов.
Намайг шүүмжлэгч, судлаач болгох гэсэн Мөнхөө багшийн зүтгэл улам бүр алсарч байгааг би хааяа хааяахан бодож эхлэв. “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллахдаа сэтгүүлч болох гэж, бас хүү амьдралд хөлөө олох гэж хэрэндээ хичээн зүтгэсэн. Одоо Монгол Улсын нийслэлийн төр захиргааны төв хэвлэлийг удирдаж буй тул шүүмж бичих зав гарсангүй гэж өөрийгөө зөвтгөж явжээ. Мөнхөө багш минь миний ажил дээр ирэмтгий болов. Тэгэхдээ зүгээр явна гэх буюу ямар нэгэн ажлын завсар чөлөө, наана цаана яваа гэх. Тэр нь юу ч байсан ялгаагүй надад бол багшийн маань амьд сануулга болж байв. Тиймээс утга зохиолын шүүмж судлалын ажлаа үе үе сэргээн санаж, номын санд сууж, архивын материалаа цэгцэлж битүүхэндээ бэлтгэж эхлэв. Багшийгаа баярлуулах ямар нэгэн юм хийе, юутай ч шүүмжийн нэг сайхан түүвэр гаргая гэж бодсон хэрэг. Тиймээс хуучин хэдээ бичээчдээ өгч машиндуулахын зэрэгцээ шинээр ганц нэг юм хийх санаатай сүүлийн үеийн зохиол бүтээлүүдийг уншиж эхлэв.
Нэгэн нартай сайхан өдөр Мөнхөө багш маань хаалга сэвхийн татаж, шав хийн орж ирэв. Урт савхин дээлээ намируулж, хоолойгоо эрээн алчуураар ороочихсон нь угийн цэмцгэр хүнд зохисон гэдэг нь жигтэйхэн. Би ямар нэгэн баяр ёслол болсон юм болов уу гэж бодов. Багш маань мэнд ус мэдсэний дараа надаас огтын ч санал асуулгүйгээр “Та нар /шүүмжлэгч шавь нараа хэлж байна/ бүгдээрээ эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэй. Чи үлдчих гээд байна. Би Сампилтай ярьсан. Намдагийн тухай материал чамд их байх ёстой. Намдагаар хамгаалвал яасан юм” гэж тус тас хэлэв. Нээрээн ч юмаа янзалж байхад Намдаг багшийн гэрийн сургуулийн лекцээс авахуулаад элдэв бусын тэмдэглэл, ном зохиол надад түлхүү байсныг багш яасан сайн мэдэж байх юм гэсэн бодол орж ирэв. Шүүмжийн түүвэр эн тэрхэн ойрын зүйл бодож явсан надад багшийн энэ санал дэндүү ланжгар санагдсан тул “Багшаа би чадах болов уу” гэж би сулхан хэлэв. Багш маань намайг ингэж хэлэхийг сайн мэдэж байсан бололтой, намайг тохуутай гэгч мушийн харснаа “Чадна гээд л би ирж байна” гэхэд миний дотор нар мандах шиг болж билээ.
Нэг сэдэвт зохиолоо бичих гэж Нийслэлийн Засаг дарга Ж. Наранцацралтаас хоёр сарын чөлөө авав. Тэгээд Мөнхөө багшийн гэрт долоо хоног сууж төлөвлөгөө гаргаж чөлөөний хугацаандаа ажиж дисертацаа бичиж дуусав. Багш маань үе үе утсаар явцыг нь асуух бөгөөд бичсэн зүйлээ эхнээс нь үзүүлж байя гэхэд “тэгж цаг аваад яахав” гээд хөдөлсөнгүй. Харин эхний бичлэг дууссаны дараа Д. Цэнд багштай ирж хоёулаа бүтэн өдөржин миний бичсэнийг дамжуулан уншиж шууд л гардан засч, алтан сайхан зөвлөгөө сургамжаа хайрлаж билээ. Багш маань надад итгэж, бас өөрөөр минь сэтгүүлж, зүтгүүлнх гэсэн хэрэг байсан юм билээ. Тэгээд л Хэл зохиолын хүрээлэнд “Д. Намдагийн туршиц туурвил зүй” /жүжгийн зохиолын жишээн дээр/ сэдвээр эрдмийн зөвлөлийн гишүүдийн зуун хувийн саналаар хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалж тэр оройдоо Улаанбаатар зочид буудалд хүлээн авалт хийсэн юм. Тэр үдэш надад бэлэглэсэн нандин бэлгийн нэг нь Б. Ганбатын “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” /Пусан.,1998/ ном байсан бөгөөд түүн дээр “1998.05.22-ны бэлгэтэй сайн өдөр. Хэл бичгийн ухааны дэд доктор Ү. Хүрэлбаатарт. Үзэг, үйлс нэгт эрхэм нөхөр Ү. Хүрэлбаатар чинийхээ эрдмийн зэрэг хамгаалсан баярт өдрийн дурсгал болгож энэхүү номыг бэлэглэе. Доктор болохын бэлгэтэй ерөөлийг дэвшүүлье” гээд Ц. Мөнх, Д. Цэнд, Б. Ганбат, Х. Сампилдэндэв, С. Лочин, Л. Хүрэлбаатар, Ш. Цэнд-Аюуш, Г. Болд, Ш. Цэнд-Аюуш, С. Дулам … нар гарын үсгээ зурсан байж билээ.

Ү. ХҮРЭЛБААТАР

No comments:

Post a Comment