“Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ?

Нэг. “Болор цом”-ын наадамд шүлэг яагаад хасагддаг вэ?

Шигшмэл хорьд үлдээд хасагдсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга енгэнэтэл уйлаад сууж байх юм гэнэ. Яав гэтэл “Би хорин минут уйллаа, одоо гучин минут уйлна” гэж байх юм гэнэ. Өхөөрдмөөр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Өхөөрдөхийн учир нь “Болор цом”-руу тэмүүлэх залуу яруу найрагчийн омголон хийгээд гэгээн тэмүүлэл, өрөвдөхийн учир нь наадам, тэмцээн хоёрын дунд тэлэгдсэн сэтгэлгээ юм. “Болор цом” бол найргийн наадмын дэвжээ болохоос начны найраа хийдэг наадмын тавын даваа биш. Одоо тэр цолны бохир наймаа бараг үгүй болсон. Тиймээс хасагдсандаа шарлахах бус шүлгэндээ харамсах нь зүй зохистой мэт. Б. Баттулгын тухайтад дунд дүйзэд шөвгөрөөд “Гэнэтийн орчлонд” шүлгээ уншсан бөгөөд тэр нь өмнөх даваанд уншсан “Эх орон” шүлгээ гүйцсэнгүй. Уг нь гоо чиний даашинз дээр хатгасан янзага гэнэт амилах мэт... гэгээн монгол минь ...ертөнцийн их ариусгал болно гэх сайхан шүлэг байсан ч “цуугчсан бодол” ч гэх шиг хэлбэржиж амжаагүй хэллэг зэрэг нь нялх занг илэрхийлж байх шиг санагдаж байлаа. Тэгээд л боловсорч амжаагүй сайхан санаа, өмнөх даваанаас суларсан ур хийц нь авах ёстой оноог нь доош дарж шүүгчдийн нийлбэр дүнгээр их дүйзээс хасагдсан хэрэг. Ийм байдал ганц Б. Баттулгад ч байсан юм биш. Даваа даваанаас шивхэрч хасагдсан яруу найрагчид өөр өөрийнхөө шүлгийг ийм хоёр шүүлтүүрээр шүүгээд үзэх хэрэгтэй. Шүүгчдийг өнгөрсөн зууны үлэг гүрвэлийн ордныхон гэхчилэн элдвээр гоочилохоос өмнө өөрсдийгөө гоочилж үнэнийг тунгаавал ихэд хол давхихын шинж бүрдэж байгаагийн зам мөр болно.
Бага дүйз буюу дөчин зургаад шалгарч хоёрын даваанаас хасагдсан яруу найрагч М. Амархүү “Болор цом”-ын тайзнаа бохир агсан тавив. Хараалын үг хэлж хачин муухай аашлав. Үзэгч олноо нулимж үг сэггүй загнав. Үгүй энэ чинь хэн болчихоод хаана, хэнд юун агсан тавина вэ? Түүний уншсан “Дайны цагийн захиа” учир зүйн алдаатай тааруухан шүлэг байсан. “Эзэнгүй захиа ээж аавд нь хэрэггүй. Эр зориггүй цэрэг эх оронд нь бүр хэрэггүй” гэсэн мөр тэр шүлэгт нь бий. Эзэн нь үгүй болсон захиа байхаас “эзэнгүй захиа” гэж байдаггүй. Эр зориг гэдэг нь эрсдэж үхэхийн нэр гэж муйхарлах буюу “сүүгээр бичсэн захиа”-ны хариуг ”цусаараа бичих”-ийг тулган шаардчихаад “Нутгаас нь ирсэн захиа цус битгий үзээсэй” гэж түүнээ тайлах нь үнэндээ шүлгийн өөрийн нь учир шалтгааны гүн ухаадас бус харин “Болор цом”-ын үзэгчдийн цөсийг нь хөөргөх гэсэн угаадас байсан юм. Шүлгээ бус үзэгчдээ бодож бичдэг нь гагц М. Амархүү бус “Болор цом”-д оролцогчдын нийтлэг эмгэнэлт дүр төрх болчихоод байна. Тиймээс “Болор цом”-ын шүлгүүд гэх алга ташилтын шүлгийн бүхэл бүтэн ай сав бий болчихоод байгаа бөгөөд хачирхалтай нь түүнээс салах эрмэлзлэл яруу найрагч, шүүгч, үзэгчдийн алинд нь ч алга.
Яруу найргийн наадмын явцад хасагддаг өөр нэг шалтгаан нь өрсөлдөгчид болон даваа гүвээгээ буруу тооцож сайн шүлгээ нөөцлөөд алддаг гэм ялангуяа залуу яруу найрагчдад их тохиолдох юм. Яруу найрагч М. Амархүү гэхэд “Амьдралын хуудас” гэх “сүүдэртэй, мадагтай ч сүүний үнэртэй” шүлгээ үл нөөцлөн уншсан бол дараагийн даваад архиар бус шүлгээрээ агсан тавих боломжтой байсан. МЗЭ-ийн шагналт яруу найрагч С. Амартайван бас нөөцөлж байж алдаж байгаа харагдсан. Түүнд өөр гал цогтой шүлэг лав байсан байх. Түүний уншсан “Харь аялгатай бүүвэй” нийтлэл шүлэг нь үгийн цэцтэй боловч шинэ уран санаагүйгээс “уулс нойрсоно, улс нойрсоно, хэзээ сэрэхийг хэн мэднэ” гэхчилэн энгийн хүүрнэхэд хүрснээс яруу найргийн үнэлэмжийг бууруулсан юм. Ай. Төмөр-Очирын хувьд ч энэ алдаа давтагдсан. Сүүлийн жилүүдийн “Болор цом”-ын шигтгээ болж буй энэ эрхэм найрагч улс төр, гоморхол хосолсон нэгэн хэвийн шүлгийн сэдвээс хальж чадахгүй байгаа нь шөвгийн дөрөвт шөвгөрөхгүй байгаагийн гол шалтгаан болсоор байна. Жилээс жилд уран бүтээл нь жигдэрч, бас өсч хөгжиж байх нь “Болор цом”-ын болор толинд тусгалаа олж байвал сайнсан.

Хоёр. “Болор цом”-ын тусгал тунгалаг байх учиртай

“Болор цом” хорин найман удаа зохиогдохдоо өөрийн уламжлалаа нэгэнт тогтоосон юм. Мэдээж түүнийг нь дэвсгэрлэн хадгалахын зэрэгцээ үеэ өнгөрөөснийг нь өөрчилж, өнөөгийн шаардлагын дагуу шинэчлэл хийх нь зүй ёсны үйл явц юм. Гэтэл сайн уламжлал нь саармагжиж муу зуршил нь өвлөгдөх гэм байсаар байна.
“Болор цом”-ын эзэн дараагийн цомоо нээж мялаалгын шүлэг уншдаг хэвт ёсон Л. Хасарын үеэс алдарсан. Энэ жил “Болор цом-28” яруу найргийн наадмыг нээх эрэмбэтэй байсан Хөөдөөгийн Эрдэнэбаатар суун таслана гэдэг шиг байн таслан хөлчүүрхээд мялаалгын шүлгээ уншаагүй. Тэгсэн атлаа “Болор цом-28”-ын салхи хагалах шүлэг гэх тодотголтойгоор “Уулын хотын өглөө” хэмээн мялаалгын шүлгээ “Утга зохиол, урлаг” сонинд ичих ч үгүй хэвлүүлсэн байх юм. Цаашид ийм томорхол тогтох нь л дээ.
Ер нь “Болор цом”-ын эзэд алдар хүндийн оргилд гарсан мэт мансуурах, бие тоох хандлага сүүлийн үед хавтгайрах болсныг Ш. Лхамноржмаагийн давилуун хөлчүү байдлаас харж болох юм. Ж. Наранцацралтын нэрэмжит утга зохиолын баяр Дундговь аймагт болоход тайзан дээр согтуу гарч агсан тавьж хашгирч гуугчин шившгээ дэлгэж байсан нь “Болор цом”-ын эзэн гэсэн их мансуурлын дэлбэрэлт байсныг би энэ хоёр циймрээрээ харсан азгүй амьтан л даа. Тэгтэл сая Дарханы “Болор цом” дээр мялаалгын шүлэг уншихдаа дэндүү давилуун, халамцуу сагсуу байхыг бас хардаг юм байна. АНУ, Францад байгаа “Болор цом”-ын эзэд Б. Ичинхорлоо, Л. Хасар нарт мэндчилгээ дэвшүүлэх нь зүй боловч сургуулийн реклам, өөрийн реклам хоёроо хэтрүүлээд зогссонгүй “Бэр гуйж бичсэн шүлгээ” бэрээ төрхөмд нь буцтал ширүүн дориун уншсан нь “Болор цом”-ын эзэн дэвжээгээ хүндлэхгүй байна даа гэх бодлыг надад л лав гүн төрүүлсэн юм. Дэвжээгээ эс хүндлэнэ гэдэг найргаа эс хүндэлнэ гэсэн үг. Энэ нь бас хорт хавдар шиг тархдаг юм байна.
“Болор цом”-ын цомыг олон жил зүүдэлж яваа яруу найрагчийн нэгэн болох Д. Энхболдбаатар тайзнаа хөтлөгчийн дуудлагыг үл сонстол дүлийртлээ унтаж шившгээ тарихад өмнөөс нь яс хавталзаж Дарханчуудаас босч уучлалт гуймаар санагдаж байлаа. Яруу найрагч гэхээр ширэлдсэн урт үс, байнгын салга согтуугаар төсөөлдөг ойлголт үеэ өнгөрөөсөн атал бас ч зохиолчдынхоо өмнө хариуцлага хүлээсэн сонгуульт албан тушаалтан ийн үлгэрлэх нь мөнөөх л хуучин муу зуршлын улбаа шинэ залуу үеэ хордуулсан хэвээр байгааг харууллаа.
“Болор цом” бол үнэндээ яруу найргийн уншлага юм. Тиймээс “Болор цом”-ын эзэд наадамдаа оролцох, мялаалгын шүлгээ унших нь уншигчдын хүсэн хүлээдэг сайхан зүйл. Тиймээс “Болор цом”-ын эздэд өөрийн тааллаар оролцох давуу эрх ямба олгосон байдаг. Энэ нь дархан аваргын ам авах дархлаа шиг гойд чамин эрхэм эрх юм. Гэтэл “Болор цом”-ын эзэд наадамдаа оролцох нь бүү хэл мялаалгын шүлэг унших нь өдрийн од мэт ховордсон. Цомын эзэн Ц. Чимиддорж, Б. Ичинхорлоо, Д. Төрбат, Г. Мөнхцэцэг, Б. Галсансүх нар ойрын жилүүдэд сураггүй. П. Бадарч хөтлөгчөөсөө, Ш. Гүрбазар дэвжээнээсээ зодог тайлсан. Ахмад, дунд үеийн ихэнх яруу найрагчид эчнээ зодог тайлсан мэт таг чиг. Энэ орон зайн дээр залуу цомын эзэд тоглож азрагалах болсон нь дээрх давилуун байдлыг үүсгэх нэг шалтгаан болсныг хэлэх хэрэгтэй. Тэр ч байтугай “Болор цом”-ын эзэн бус зохиолчид наадам дээр мялаалгын шүлэг уншиж дэг зөрчих, тэр тусмаа шүлэг гэхэд даан ч хэцүү сулхан юм хэлээд тайзнаас салж өгөхгүй байхыг хараад уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Эрхэм анд Л. Одончимид, Дарь. Сүхбаатар нарын мялаалга өргөсныг энд хэлж байна. Мялаалга нэртэй мэндчилгээ, зар сурталчилгааг цаашид болих хэрэгтэй. Ер нь ”Болор цом”-ын дэвжээнд их шөвөгт шалгарах шүлгийн түвшинд л мялаалгын шүлэг уншихгүй юм бол мялаалга бус нялаалга болох бус уу. “Болор цом”-ын тусгал тунгалаг байх учиртай.

Гурав. “Болор цом”-ын ханш шинэчлэлээр хэмжигдэнэ

“Болор цом”-ын ханш хаданд гарав. Болж байна. Түрүүлэх хүнд нутгийн зөвлөл нь хэдийнэ бэлэг бэлдэж, өргөмжлөлөө хэвлүүлчихсэн байх, орон сууц, унаа машин өгөх хүртэл нутаг нуга, ахан дүүсээрээ хөл болох, “Болор цом”-ын эзэн гэхийг Төрийн шагнал, Ардын уран зохиолчоос дээгүүр цол хэргэм гэж үзэх зэрэг нь “Болор цом”-ын ханш өндөрсөж байгааг илтгэнэ. Үүнд баярлахгүй байхын аргаггүй. Гэвч баярлах гэдэг нь бархирахын нэр биш. Яруу найргийн яруу алдрын оргилд гарсан мэт бие тоож хаданд гарахын нэр бүүр ч биш. Их мөнгө, их хүндэтгэл бас сөрөг үйлдэл дагуулдаг нь бодит байдал. Үнэндээ яруу найргийн наадмын бай мөрий нэмэгдэж, нэр хүнд өсч, зохион байгуулах хэлбэр өргөжиж, үзэгч түмний хүндэтгэл нэмэгдэхийн хэрээр яруу найргийн хөгжил түргэсч, шүлгийн чанар сайжирч байна уу гэвэл харамсалтай нь тийм биш байна. Нөгөө дэлхийн дэвжээнд дэвэх монгол яруу найргийн хөтөлбөр энүүхэндээ “Болор цом” хавьцаа ийн унаж байгаад сэтгэл зовохгүй байхын аргаггүй. Тийн ахуйд “Болор цом”-ын шүлгийн уран чадварын ханш ямар байгааг өөрийн эрхгүй эргэцүүлэхэд хүргэнэ.
“Болор цом-28” яруу найргийн наадамд ирсэн хэдэн зуун шүлгээс эхний шалгаруулалтад тэнцсэн гэх 46 шүлгийг Дархан хотноо хоёрын даваанд шүүгчийн хувьд сонсч суухад нүүр халуу оргимоор сул дорой юмс цөөнгүй байсанд гайхсан. Бас ерөөс энэ үеийн яруу найрагчдын шүлгийн түвшин ийм болчихсон юм уу гэх гунигт бодол төрсөн. Үнэндээ энэ хоёрын алиных ч бус анхан шатны шалгаруулалт хариуцлага муутай байсных л даа. Ер нь “Болор цом” яруу найргийн наадмын яруу ханшийг их шөвөгт үлдсэн, үзүүр түрүү авсан шүлгүүд өргөж харин найргийн наадамд ар өврийн хаалга ч гэх нь хаашаа юм ямар нэг байдлаар шүүлтүүр муутай орж ирсэн шүлэг, шүлэгч хоёр гутаагаад байгаа нь нууц биш.
“Болор цом” нь үзэгч, зохиолч хоёрыг холбосон гайхамшигт хөгнө, аргамжааны нэгэн хэлбэр юм. Өнөөгийн зохиолчид үүнээс өөр сүр дуулиантай яруу найргийн наадмыг бодож олоогүй байна. “Болор цом” яруу найргийн наадам сүүлийн зогсоол, сурталчилгааны хэрэгсэл хараахан биш тул байгаа зүйлээ додомдон өөд татах нь бидний эрхэм зорилго. Гэтэл ил, далд хэл ам татлаагүй “Болор цом”-ын тэмцээн ер болсонгүй. Шалтгаан нь “Болор цом”-ыг нэр алдарт хүрэх гишгүүр мэт наагуур ойлгох завсрын олдмол гэмээр цөөн хүмүүсийн “би”-гээр өвчилсний гор, атаа шөтөө, сүнс сүүдэр юм. Яруу найрагчдийн атаа бол цагаан атаа л даа. Гэхдээ түүнийг нь дэврүүлж сэгэн дээр нь хооллодог сэтгүүлч, сонин хэвлэл бишгүй бий.
Яруу найрагч хүн омголон халуун байх, өөрийнхөө ертөнцийн эзэн хаан, хатдын жишгээр аяглах нь ерийн үзэгдэл. Омголон байх нь давилуун байхын шинж бус, эрхэмсэг байх нь этгээд гажууд төрх огт биш. Тийм үгүй аваас өргөн орчлонг өөрөөр харж, өрөм шигийг нь дээжлэх үнэнийг яахан яруусан дуулах билээ. Тиймээс тэдний ааш араншинг засч, хусч болохгүйн нэгэн адил бас хэвлэж хувилж болдоггүй. Гэхдээ “Болор цом”-д хүндэтгэлтэй хандах, дэг ёсыг нь чанадлан сахих, зорилгыг нь хэрэгжүүлэхэд хүн бүхний хүчин чармайлт үнэхээр хэрэгтэй. Шүлэг бичдэггүй ч шүлэг шиг сайхан сэтгэлтэй хүмүүсийн авч өгсөн бэлэг, хандив, өргөж дээдэлсэн хүндэтгэлээр манай яруу найрагчид дутаагүй. Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан УИХ-ын гишүүн, “Төвшин сэтгэл” сангийн ерөнхийлөгч Д. Хаянхярваагийн санаачлагаар МЗЭ-ээс зохион байгуулсан Уран үгсийн чуулган, утга зохиолын өдрүүд, “Болор цом-28” яруу найргийн наадмын их хүндэтгэлийг энэ өдрүүдэд бид гүн мэдэрсэн.
Яруу найргаар ард түмэн цангаж, утга зохиолын шинэ залуу үеийг хичнээн их хүсэн хүлээж, монголын утга зохиолын энэ цагийн амьд бурхад болсон ахмад зохиолчдод ямар их хүндэтгэлтэй ханддагийг биеэр мэдрэх тэр агшинд уран бүтээлийн чанар, шалгуур, зохиолчийн ёс зүй, сайхан сэтгэл, халуун дулаан үг ямар их үнэ ханштайг ухаарч байлаа. “Болор цом”-ын ханш мөнгөн дүнгээр бус найргийн шинэчлэлээр хэмжигдэх учиртай.

Дөрөв. “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ?

“Болор цом”-д түрүүлсэн шүлгүүдийг ажихад тухайн уран бүтээлчийн сорууд нь байх юм. Ардын уран зохиолч Д. Пүрэвдорж “Би амьдралдаа хоёрхон шүлэг бичсэн. Нэг нь “Хүн төрөлхтөнд хүргэх үг” нөгөө нь “Чингис” гэж хэлэхийг сонсч байсан. Үнэхээр “Болор цом”-ыг санаачлагчийн хувьд тэрбээр тухайн яруу найрагчийн сүлд шүлгийг бичүүлэх, шалгаруулах далд мөрөөдлийг тээж явсан нь энэ наадмын анхны түрүү магнай шүлгээ өөрөө ийн өргөн үнэлснээс тодорхой харагдаж байна.
“Болор цом”-ын гурван удаагийн шагналт Б. Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, Д. Цоодолын “Миний муусайн найз нар”, “Болор цом”-ын хошой шагналт Ц. Чимиддоржийн “Малчин”, Б. Ичинхорлоогийн “Тэнгэр”, Ц. Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”, “Болор цом”-ын эзэн Т. Очирхүүгийн “Чулууны магтаал”, П. Бадарчийн “Тэмээ”, Т. Галсангийн “Жирмийн сүлжээ”, Б. Доржпаламын “Хөөрлийн шүлэг”, Д. Төрбатын “Сүү”, Г. Мөнхцэцэгийн “Чамаасаа олсон эх орон”, Ц. Бавуудоржийн “Хүрэл чоно”, А. Эрдэнэ-Очирын “Зам”, Д. Урианхайн “Мөнхийн шалтгаан”, Ж. Баяржаргалын “Дарангуйллын хаан оршил”, Ж. Мөнхбатын “Бурхан хүсэл”, Б. Галсансүхийн “Англи хэлэнд итгэж зориулав”, Ш. Лхамноржмаагийн “Хуульгүй амраг”, Л. Хасарын “Миний нэг өдөр ингэж санагдаад”, Х. Эрдэнэбаатарын “ Зуун дамжсан суварга үгс” зэрэг цомын эзэн аль ч шүлгийг үзэхэд гайхам бөгөөд үнэхээр энэ шүлгийг нь ярихгүйгээр тэдний уран бүтээлийг хэлэлцэхийн аргагүй сор бүтээлүүд нь байдаг нь “Болор цом”-ын нүнжиг юм. Тэгэхээр Д. Пүрэвдорж өвгөн найрагчийн өнийн хүслэн биелсээр явна.
Харин эдгээр уран бүтээлүүдийг судлахад ихэвчлэн хүн төрөлхтөн, орчлонгийн жам ёсыг өгүүлсэн далайцтай иргэний уянга, бодол бяслагалын өнгө аястай шүлгүүд байх бөгөөд монгол ахуй, сэтгэлгээ, борог өвсний далд чанадыг өгүүлсэн энгийн гоо дүр дүрслэлтэй монгол шүлэг харьцангүй цөөн байна. Энэ бол тохиолдлын зүйл биш бөгөөд “Болор цом”-ын наадмын өөрийн нь араншин, дүр төрх, хэв маяг нь юм. Чухам энэ байдал нь “Болор цом”-д ордог, ордоггүйгээр нь яруу найрагчдыг хоёр хувааж орхисон юм. Үнэндээ Данзангийн Нямсүрэн “Болор цом”-д ганцхан удаа орж нэгийн даваанаас эхлэн бичигч мэт өчиггүй хасагдаж байсан. Тэр уншсан нь түүний уран бүтээлийн гайхамшигт ертөнцийн гурван баганын нь нэгэн болох “Цас” шүлэг байсан юм. Тэгэхээр мэдрэмжийн шүлэг, гүн ухааны шүлэг, монгол ахуйн борог өвс мэт дүрсэл бүхий шүлэг “Болор цом”-д хол давхихгүй нь дэндүү ойлгомжтой болсон юм.
“Болор цом” ингэж зарим талаараа яруу найргийн өнөөгийн өсөлт хөгжлийг чөдөрлөж, басхүү гай тарьж байгааг олж харахад төвөггүй. “Болор цом”-ыг яруу найргийн эцсийн хэмжүүр, нэр хүндийн дээд оргил, уран чадварын тэхийн зогсоол гэж үзвэл алдас болно. “Болор цом”-ын 28 түрүүг 20 хүн эзэмшиж буй боловч эхэн үеийн аваргууд ээлж дараалан давхар эзэгнэж, сүүлийн жилүүдэд тийм дархлаа хэрэг дээрээ үгүй болсон үйл явцыг бид харж байна. Энэ нь ная, ерээд оны үед “Болор цом” сонгодог утгаараа машид өрсөлдөөнтэй явагдаж байсныг харуулна. Тиймээс цөөвтөр яруу найрагчид мөнөөх хоёр Мөнх шиг бусдаасаа тасарч түрүү өрсөлдөөн нь зөвхөн тэдний хооронд өрнөх тийм өндөр түвшинд байсан юм. Харин хоёр мянган он гараад ганц ч удаа хошой төрөөгүй нь шинэ үе гарч ирлээ гэхээсээ ижил түвшинд туурвиж буй нэгэн хэвийн уйтгарт дүр төрхийг илэрхийлнэ. Шинэ үеийн яруу найраг гэж хэлбэр хөөцөлдөх, сонгомол монгол шүлэг гэж хуучин дүрсэлтэйгээ зууралдахын аль аль нь туйлшрал бөгөөд дэлхийн дайдад сэтгэж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх яруу найргийг хүн ард маань хүлээж байна. Монголчуудын “Хүн төрөлхтөнд хүргэх үг” нь чухам яруу найраг юм. Ийм чиг хандлагаар “Болор цом” яруу найргийн наадмыг шинэчлэн зохион байгуулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна. “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ?

Утга зохиолын шүүмжлэгч Ү. Хүрэлбаатар
“Өдрийн сонин” 2011.01.03 /3703/

4 comments:

О.Элбэгтөгс said...

Болор цомын түрүү шүлгүүд тухайн яруу найрагчийн хамгийн сайн шүлгүүд байдаг гэдэг нь юу л бол...
Харин ч хамгийн тааруухан, сонсогчдод зориулж (уншигчдад биш шүү)бичсэн хөнгөн цагаан шүлгүүд байдаг шүү дээ.

- said...

энэ жилий цом нохойн баас болсон яг үнэн гэвэл Мах намын хоёрдогч бантан яруу найрагт нам хэргүй л дээ одоо мөнгөн үеийхэн больх хэрэгтэй авах юмаа авсан хийх юмаа хийсэн анх гарч ирж байснаа санаад шинэ залуу дүү нарныхаа олмыг чангалж өгөөд үлдэх хэрэгтэй тэгж чадвал монголын яруу найргийн цус ойртолтыг зогсоод чадмуй

Я.Баяраа said...

Энд бичсэн зүйлсэд ортой юм их байна аа. Гэхдээ бас хол хөндий ор худлаа зүйл их байна. Болорцом сүүлийн жилүүдэд нэг л саарал болсон шүү дээ. Үнэхээр тэр үдшийн шилдэг шүлгүүдийг шалгаруулахаасаа илүүтэй ээлж дараалан авах ёстой байсан юм шиг л. Тэр Х.Эрдэнэбаатарын түрүүлдэг жил нутаг усных нь бүгд ирчихсэн өөрөөр хэлбэл түрүүлэхийг нь аль хэдийн мэдчихсэн байсан бэлэг дурсгал баяр хөөр болоод л. Харин Хулан түрүүлдэг өнгөрсөн жил жинхэнэ бантан болсон. Хэлээд юу гэхэв. Хүрэлбаатар ахаа Болорцомын Болорцомын шүлгүүд, борог өвсний найрагчидыгаа зэмлэхээс илүүтэй тэр бантан болгоод байгаа дарга даамал, давилуун ардын уран зохиолчдын охид хүүхнүүдийг дэг жаягтай байлгамаар юм бишүү

Anonymous said...

Эрхэм хүндэт Хүрэлбаатар танаа Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн Алтанцэцэг багшийн шавь, нийт 11-р ангийн сурагчдын зүгээс МУСГЗ хэмээх эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрдэм оюун дэлгэрэх болтугай.

Post a Comment