Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл

Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл

Өглөө эрт 7 цагт явна гэсэн тул 5 цаг хагаст босов. Хүү унтаж байна. Намайг 6 цаг хагаст сэрээнэ гэсэн хүн өөрөө сэрэх арай болоогүй бололтой. Би ороо хурааж, ширээн дээрх номуудаа хүүгийн бэлтгэж өгсөн номын тавиурт эгнүүлэн өрөв. Тэгээд усанд орж биеэ бэлтгэв. Батжаргалтай хамт Дорота явах юм байна. Энэ польш эмэгтэй олон жилийн турш Байгалмаатай хамт ажиллаж буй найдвартай түнш юм.

Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл

Өглөө эрт 7 цагт явна гэсэн тул 5 цаг хагаст босов. Хүү унтаж байна. Намайг 6 цаг хагаст сэрээнэ гэсэн хүн өөрөө сэрэх арай болоогүй бололтой. Би ороо хурааж, ширээн дээрх номуудаа хүүгийн бэлтгэж өгсөн номын тавиурт эгнүүлэн өрөв. Тэгээд усанд орж биеэ бэлтгэв. Батжаргалтай хамт Дорота явах юм байна. Энэ польш эмэгтэй олон жилийн турш Байгалмаатай хамт ажиллаж буй найдвартай түнш юм. Би энд ирснээсээ хойш түүнтэй уулзаагүй бөгөөд уг нь тэднийх айл хөршүүд билээ. Тэрбээр миний ээж, дүү нарыг андахгүй сайн мэднэ. Би түүнтэй урд өмнө тухтай уулзаж байсангүй. Намайг сая ирэхэд гэрийнхээ цонхоор харсан гэх бөгөөд “Батаагийн аав гэхээр хөгшин хүн байх гэсэн залуу хүн байна” гэж Байгалмаад ярьсан байсан.
Батжаргал гэрээсээ гарч би зам дагуу тосч зогсов. Тэгээд л бид гурав зам нийлж Варшав хотоос 150 км зайтай мужийн төв хот руу давхив.

Вужь хотоос гараад нэг их холдоогүй замын хойно содон дотор нэгэн цагаан хувцаст мануухай босгочихсон сонин байшин тааралдав. Бид тэнд түр буудалж хооллохоор саатав. Chatuna хэмээх хоолны газар гэнэ.
-Дээр үеийн ийм хоолны газар элбэг биш. Би анх удаа ийм газар үзэж байна гэж Батжаргал хэлэв. Дорота ч гайхсан байдалтай байв.
Хашааны намхан хайсны шон болгон дээр зэвэрч хуучирсан элдэв данх, бетон сав хөмрүүлэн тавьж, морины хуучирч элэгдсэн тахаар хаалгаа “гоёжээ”. Хашаанд уурын машины анхны загвар болов уу гэмээр модон вагончик хэвтэнэ. Бас түүний хажууд морин тэрэгний сэг, пивоны хэд хэдэн хар торх хайш яайш хөндлөн гулд хөглөрчээ.
Хөндлөн хар хөх нарийвтар модоор дээвэрлэж үүдний цагаан пиндээ хаалга гаргасан нэг давхар тэр цагаан байшингийн хаалгаар дотогш оров. Дотор нь ч бас хуучны эд зүйлс дээвэр, туургагүй өлгөгдөж, шалаар нэг тарсан байна. Тэгэхдээ тэр бүр яагаад ч юм байр байрандаа зохицож, гадаа ч, дотор ч новш болон харагдахгүй байна. Харин ч сонин бөгөөд эмх замбараагүй эд юмсын эмх замбараатай дэглэгдсэн ер бусын үзмэр мэт бодогдоно. Бас цэвэрхэн ч гэмээр. Төмөр зүйлс зэвтэй боловч хир тоосгүй.
Үүдэн хавьцаа нэг мерт гаруй өргөн, хоёр метр гаруй урт улаан тоосгон пийшин байна. Түүн дээрх төмөр сараалжин дороос нүүрсний хөх саарал дөл төөнөнө. Сараалжны дөрвөн өнцгийг гинжилж дээр нь тонгойн байх тэг дөрвөлжин салхивчийн голын дэгээнээс сулавтархан дүүжилжээ. Лавтайяа мах шардаг нь илт.
-Дууяа ямар хоол идэх вэ гэж Батжаргалыг асуухад
-Хөдөө тосгоны үндэсний ямар хоол байна гэж би урдаас нь асуув.
Тэр хоёр зөвлөлдөж хоол захиалав бололтой. Би тэр зуур бахим бүдүүн гуайлинг тэг дундуур нь хувааж хавтгай талыг нь дээш нь харуулж хоёрыг зэрэгцүүлэн хийсэн модон ширээнд залрав. Төдөлгүй хоол ирэв. Эхнийх нь тавган дээр тавьсан талх аж. Батжаргал бид хоёрын өмнө хоёр тавганд хийж тавьсан бага гарын дугуй шаргал талхыг гайхан харав. Дээд хэсгийг хэлтгийдүүхэн малгайвчлан зүсэж, дээр нь бөхчүүдийн малгайн оройн сампин аятай нэг ширхэг боорцог суулгаж бариул хийсэн нь бүр ч эгдүү хөдөлгөв.
-Энэ юу бэ?
-Энэ үү, шөл.
-Шөл гэнэ ээ. Польшоор юу гэж нэрлэдэг юм ?
-Жүрик гэдэг юм. Польшууд цагаан шөл ч гэж бас хэлдэг.
-Тэдний үндэсний хоол уу ?
-Тийм
-Ямар үнэтэй юм ?
-Хямдахаан. 6 злот.
Би урдаа байгаа талхан битүү тавагны сампин оройт тагыг болгоомжтой өргөв. Тагны эрмэг хэсэг нь нимгэн болохоос голынх нь зузаан бөгөөд гурвалжилан болсон гурил багсаржээ. Таг авангуут хав халуун уур савсхийж тарваганы боодог задлах шиг шинэ шөлний ориг үнэр хан хийв.
-Оо, ямар сайхан юм.
Өглөөнөөс хойш хоол идээгүй болоод ч тэр үү, эсвэл тэр шөлний үнэр үнэхээр тийм хамар цоргим байв уу, би өөрийн эрхгүй ийн дуу алдав. Манайхны хийдэг дугуй талхыг оройвчлон онгойлгоод доторх гурилыг нь ухан авч ханыг нь бас ч чамгүй нимгэн болгожээ. Хамгийн сонирхолтой нь шөл хав халуун авч талхыг үл нэвчих аж. Би шөлийг амтархан халбагдаж, хааяа нэг зүүн гарт байх тагыг хачир болгон үмхэж байв.
-Манай монголчууд шөлийг нь идчихээд талхыг нь аваад явна гэдэг юм
-Яагаад ?
-Талхан дотор шөл хийж идсэн гэхээр итгэхгүй тул аваачиж үзүүлнэ гэдэг юм.
-Нээрээн ч итгэмээргүй юм байна шүү.
Би шөлийг дуустал нь идэж, бас талхан “тогоо”-ны ирмэг хавиас нь цөмлөн авч идэж үзэв. Тийм ч хатуу биш авч гурил нь цавуулаг ихтэй тул барьцалдах шинж сайтай нь илэрхий.
Журикийг “юурик” болгож гэдэс гарсан тул тасалгаан доторхыг сонирхож эхлэв. Үнэхээр сонин аж. Гурвалжин оройт дээврийг хормойлж янзан бүрийн зүйлийг хадаж тогтоосны ихэнд нь жаазалсан зураг байх аж. Ихэнх нь өнгөрсөн зууны хорь, гучаад оны моод бүхий хувцас, үс засалттай хосууд байна. Зарим нь тэр үеийн алдарт хүмүүсийн хөрөг аж. Тэдний хажуугаар морин шуудангийн хүрэн ширэн богц, урт оосортой адил өнгөт ширэн цүнх, томоо гэгч чемодан нэг багц болон өлгөгджээ. Бас зэс тогоог зэс халбагуудын хамт дүүжилсэн харагдана. Хананд бол байхгүй юм гэж алга. Майжийсан шаахайнаас эхлээд төрөл бүрийн цаг, морины тоног, жингийн туухай, дэнгийн гэр, сарьмас, сонгино, хонгор зул цэцэг, шувуу, хярсны чихмэл бүгд байна.
Дараагийн хоол гахайн тагалцаг аж. Манайд бол хүндтэй хүндээ гахайн тагалцаг өгвөл ёстой боож үхнэ. Харин энд хүндэтгэлийн дээдэд ордог аж. Том төмөр тавагын ирмэгийг халиах шахуу давуулан тавьсан цагаан саарал зузаан бинг хурц үзүүртэй зүйлээр цоохор болтол нь хатгажээ. Түүний гол бүдүүн ширхэгт хорголын чинээ хоёр мах, чимхийн төдий ногоо, бас цагаан гаа байх аж. Би битүүхэндээ тагалцаганы ясыг эрж байв. Тэнд яс, үс даанч байсангүй.
-Энэ чинь гахайн тагалцаг мөн үү
-Мөн, мөн.
-Тагалцганд ийм бөөн мах байдаг юм уу
-Их том мах байдаг. Эдний тагалцаг дэндүү жижиг юм.
Би тэр бүдүүн ширхэгт улаан махыг пивоор даруулан байж арайхийн барав.
Бид хооллож дууссан тул явах болов. Тэр хооронд ертөнцийн хамаг юмс цугларсан тасалгааг дахин нэг тойруулан харав. Төрөл бүрийн махны машин байна. Үхрийн гуя орчихмоор бүдүүн том нэгэн байхад оёдлын машин шиг дугуй эргүүлдэг өчүүхэн жижиг махны машин бас байх юм. Эртний язгууртны хэрэглэж байсан юм уу гэмээр хийц хэлбэр сайтай кофейны машин цонхны тавцан дээр байна. Чихрийн таваг, сав суулга ёоз ёозоороо. Харин зэр зэсвгийн шинжтэй зүйл ер харагдсангүй. Бас дорно дахины амьсгал, хийцтэй юм үзэгдсэнгүй. Ихэнхдээ эгэл жилийн польш иргэдийн эрт дээр үед хэрэглэж байсан зэс гуйлан эдлэл дийлэнх аж.
Тэндээс Варшавын зүг давхиж явахдаа “Манайхан бас хуучны эдлэл хэрэглэлээ ууш зоогийн газрынхаа дизайн чимэглэлийн нэг бүрэлдэхүүн болгож эхэлсэн. Гүндалай гишүүн гэхэд зэс, гуйлан домбо, сонин хийцтэй амгай зуузай, битүү цутгамал дөрөө зэрэг зүйлсийг Аттила баарандаа тавьсан байсан шүү” гэж би хуучилж явав. .

No comments:

Post a Comment