"Бурхадын сархад"-ын ширээнд тавтай морилно уу?

ЗОХИОЛЧИЙН ДУРСАМЖ – ОЮУНЫ АРХИВ

“Бурхадын сархад”-ын ширээнд тавтай морилно уу

Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ойд зориулан энэхүү “Бурхадын сархад” хэмээх дурсамжийн номыг эмхтгэн гаргав. Урд өмнө ийм уламжлал хэдийнэ бий болсон бөгөөд МЗЭ-ийн 40 жилийн ойгоор “Итгэл зүтгэлийн жилүүд” /1969/, 60 жилийн ойгоор “Эргэн дурсах жилүүд” /1988/, “Нөхрийн тухай үг” /1988/ ном болон зохиолчдын түүвэр, эмхтгэл, сонин сэтгүүлд олон арван дурсамж нийтлэгдсэн нь утга зохиол судлаач, уншигч олонд юугаар ч сольшгүй өв эрдэнэ болж байна. Энэ буухиаг үргэлжлүүлэхийн тулд өнөөгийн зохиолчдод хандан “Утга зохиол, урлаг” сониноор зар тархааж, ихэнхтэй нь уулзаж, учирлан хүсч дийлэнхийг нь шинээр бичүүлсэн бөгөөд өмнөх үеийнхнээс цөөвтөр дурсамж, дурдатгалыг сонгон авч энэхүү эмхтгэлд оруулав. Цаг охор, зарим нь байнгын харилцаа холбоо муутай, утга зохиолын амьдралд төдий л идэвхтэй оролцдоггүйн харгайгаар тэр болгон хамрагдаж чадаагүйг учирлахын хамт дурсамжийн түүврийг МЗЭ цаашид цуврал болгон эмхтгэн гаргахаар болж байгааг дуулгаж дараа дараагийн цувралд тулхтай сайхан дурсамж олныг ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

Нэг.
Монголын зохиолчдын ой санамжид хадгалагдан буй дурсамжууд нь утга зохиолын оюуны үнэт архив юм. Түүнийг цааснаа буулгаж, улмаар түүвэрлэн эмхтгэх нь оюуны архив үүцээ нээж байгаа хэрэг. Тэр үүц нь зохиолчдын эгэл жирийн амьдралын дүр төрхөөс эхлээд утга зохиолын хөгжлийн хичнээн чухал олон зангилаа асуудлын учгийг тайлах оньс болохыг тодорхойлон хэлэхэд бэрх. Тиймээс зохиолчийн дурсамжийг бүтээл туурвил төдийгүй архивын үнэт хэрэглэгдэхүүн гэх нь зүйд нийцнэ. Ер нь монголын утга зохиолын архив хоёр жигүүртэй бөгөөд нэг нь бүтээл туурвил, нөгөө нь зохиолчдын дурсамж юм. Чухамхүү энэ хоёр жигүүр нэг нь нөгөөгөө нөхөж гэмээ нь иж бүрдэл болж өд сөд нь гүйцэж утга зохиолын хөгжлийн тодорхой асуудалд тулхтай дүгнэлт хийх зайлшгүй нөхцлийг бүрдүүлж, эш хэрэглэгдэхүүн болох нь тодорхой юм. Тэгэхдээ дурсамжаас архивын цэгцтэй байдал, түүхийн яс баримтыг хэт шаардаж бас болохгүй.
“Хүн төрвөл нэгэн үе, өвс ургамал нэгэн намар” гэж их зохиолч В.Инжинаш нэгэнтээ хэлжээ. Үнэхээр зохиолчид үе үеэ эзлэнхэн төрж, өөр өөрийн оргил уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөр хэний ч үл мэдэх дулаан сэтгэгдэл, халуун дурсамж, дурдатгалыг сэтгэлдээ тээн явдаг байна. Чухамхүү зохиолчийн тэрхүү үе цаг, үеийнхнийхээ тухай бичсэн шигшмэл сайхан дурсамж бүр нэгийг өгүүлж, хоёрыг бодогдуулна. Тиймээс Мишигийн Цэдэндорж “Өөрийн үеийн гайхамшигт хүмүүстэй хамт амьдрахаас илүү гавьяа үгүй” бахархсан буйзаа. Тэрхүү өөрийн үеийн гайхамшигт хүмүүсийн хамгийн ойрын алтан аргамж нь зохиолч зохиолчийнхоо тухай бичсэн дурсамж болох нь гарцаагүй юм.
Ерээд оноос өмнө зохиолчийн дурсамж, дурдатгалд ихэд болгоомжтой хандаж “Монголын зохиолчдын эвлэлийн тухай дурдатгал”, “Ахмад зохиолчдын дуртгал” гэх зэрэг тодотголтойгоор “партизан” зохиолчид, ахмадуудын хүрээнд бичүүлж, хэвлүүлж байсан нь тодорхой харагддаг. Тиймээс тэдгээр нь “албаны” талдаа бөгөөд дурсамжийн хамгийн гал цог нь болсон “амины” шинж илт үгүйлэгддэг. Энэ нь нэг талаасаа дурсамж бичигч болон бас юун тухай бичих нь олон давхар сонголтыг даван туулдаг байсантай холбоотой. Үүнд бас ч буруу үгүй, тэр хэрээр дэл сул бичигч, бичвэр үгүй болж гагцхүү тухайн үйл явдлыг гэрчлэгчдийн үзэл санааны тусгал болсон нь анзаарагддаг. Үүгээр баримжаалж тэр үеийн Зохиолчдын байгууллага, зохиолчдын тухай олон зүйлийг мэдэхэд архивын бичмэл албаны тэмдэглэлээс хавьгүй илүү сэтгэл, сэрэл мэдрэмж, мэдээллийг олж авч болдог. Энд л зохиолчийн дурсамжийн нэгэн давуу тал оршиж байна. Зохиолчдын албан ёсны бичмэл архивыг баяжуулагч нь зохиолчийн дурсамж болох нь гарцаагүй.. Зохиолчийн дурсамжийг шүүгч нь цаг хугацаа, бусдын үнэлэлт, архивын бичмэл эд хэрэглэгдэхүүн юм. Дурсамжийн үнэн зөвийн хэн нэгэн нь шүүхгүй. “Өчүүхэн эрх чөлөө өндөр хувь заяагаар холбогдсон байдаг” гэсэн Юлий Цезарийн үгийг мартаж болохгүй.
Үнэндээ зохиолчид маань амаа хамхиулах амьтас биш. Тиймээс аль ч цаг үед зохиолчид бичье гэсэн дурсамжаа бичсээр л ирсэн. Харин түүнийг хэвлэн нийтлэх нь ерээд оноос өмнө хязгаартай, даруулгатай байсан байх. Яруу найрагч Долгорын Нямаа “Бидний үед хамгийн зальтайгаар намтраа бичсэн хүн бол Лодонгийн Түдэв. Бага насныхаа тухай “Хорвоотой танилцсан түүх”, аавынхаа тухай “Эцгийн дүр төрх”, ээжийнхээ тухай “Дайрлага дайравзай” намтар тууж бичсэн” гэж хэлж байна. Эдгээр зохиолын “би” баатар нь зохиогч өөрөө учир түүнийг гурамсан дурсамж тууж гэж үзэж болох юм. Д.Нямаа бас “Үе үеийн зохиолчид дундаас Чимидийг дурсахгүй хүн гэж байхгүй шиг санагддаг. Энэ нь сонин боловч яагаад гэдгийн учрыг би тайлж чаддаггүй юм. Чухам үүнд л Чойжилын Чимид гэдэг тэр их хүний нууц учир, давтагдашгүй содон чанар оршин буй” гэж дуу алдсан нь бий. Үнэхээр энэ эмхтгэлийг бэлтгэх явцад ч Чойжилийн Чимидийн бишрэл төрүүлэм дүр төрх, С.Дашдооровын хээ шаагүй байдал, хүр хүр инээд, С.Удвалын ухааны намба, Д.Сэнгээгийн яруу тэмүүлэл, Л.Түдэвийн сэтгэлгээний цараа, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ц. Мөнх нарын багш шавийн хэлхээ холбоо зохиолч нөхдийнхөө сэтгэлд амьд домог болон мөнхрөн үлдсэн нь тод мэдрэгдэж байв. Тиймээс багагүй тохиолдолд зарим зохиолчийн тухай бичлэг давхцаж байсныг төдийлөн танаж хассангүй. Учир нь энэ давтамж бас оюуны архивын дотоод мөн чанарын нэгэн төрхийг давхар илэрхийлж байгаа юм.
Ер нь зохиолч зохиолчийнхоо тухай дурсамж бичнэ гэдэг цээжинд бэлэн яваа тэр л ой санамжаа бараг шууд л урсган буулгасан хэрэг. Энэ нь он цагийн шалгуурыг нэгэнт даван туулж, шижир мэт тунаж, мартагдахын мананг нэвтэлсэн дотоод сэтгэлийн хамгийн нандин охь дээж байж таарна. Тиймээс дурсамж бичигчийг оюуны архивч төдийгүй бурхдын үгийг дамжуулагчид гэмээр санагддаг. Ерөөс зохиолчдыг ер бусын хүмүүс, бурхад мэт тэнгэрийн заяатан гэх уншигчдын хандлага, хүндлэлийг эш болговол тэдний дурсамжийг бурхдын сархадтай зүйрлүүлэхэд болохгүй юм ер үгүй. “Бурханд итгэдэг хүн олон байдаг ч бурхан цөөн хүнд итгэдэг” гэж Финляндийн зохиолч Мэртти Лэрни хэлсэн. Бурхны итгэдэг тэр цөөхөн хүний хүрээнд зохиолчид байж л таарна. Хэдийгээр “Бидний хэн маань ч бурхан болж чадна” гэж Эльберт Хабард хэлсэн боловч зохиолч хүн зохиолоороо төдийгүй бодол санаа, хүн чанар, дурсамж дурдатгалаараа бурханлаг байхын одонд төрсөн хэмээн ухаарч энэхүү номыг “Бурхадын сархад” хэмээн нэрлэсэн болно. Учир нь Ф.М.Достоевский “Агуу хүмүүс л агуу гунигийн мэдэрдэг” гэж зүгээр нэг хэлээгүй байх аа.

Хоёр.
Дурсамжийг бичихэд мэдээж бэлэн жор байхгүй. Гэвч зайлшгүй харгалзан үзвэл зохих стандарт гэж байна. Түүнийг ноён хутагт Данзанравжаагийн “Хүний сайн муу нь удаан ханилбал мэдэгдэнэ. Ус зэрэглээ хоёр мөн бус нь дэргэд очвол мэдэгдэнэ” гэсэн үгнээс гаргалгаа хийж томъёолж болох юм. Тухайлбал эндээс дурсамж, дурдатгал гэдэг нь нэгд, андлал, нөхөрлөлийн шалгуур, хоёрт, ёс зүй, хүн чанарын хэмжүүр, гуравт, бодит үйл явдлын амьд гэрчийн үг гэж ойлгож болохоор байна. Тиймээс эдгээр гурван зарчмыг дурсамж бичихэд баримтлах зайлшгүй шаардлагатай бөгөөд тэр нь эрхбиш утга зохиолын амьдралтай холбоотой зангилаа асуудлыг л сонгон бичнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дурсамжийг яаж бичих вэ гэдэг нь туйлын чухал бус юуг бичих вэ гэдэг нь өөрөө стандарт юм.
Дурсамжийг уран сайхны хэлбэрээр, дан баримтаар, бас баримт уран сайхныг хослуулах зэргээр гурван янзаар бичиж байна. Д.Намдагийн “Учиртай гурван толгой” бол уран сайхны хэлбэрээр бичигдсэн сонгомол дурдатгал юм. Тиймээс олон удаа хэвлэгджээ. Бид ч энэ удаа түүнийг бас сонгов. Сонгосны учир нь бичигдэж буй уран бүтээл нь өөрөө монголын шилээвэр бүтээл “Учиртай гурван толгой”, зохиогч нь Дашдоржийн Нацагдорж, бичигч нь Донровын Намдаг учраас тэр. Энэ нь дурсамжид хэн, юуг, яаж бичив гэдэг нь анхаарал татах гол хүчин зүйн болохыг харуулж байна. Яаж бичсэний тухайтад Д.Намдаг дурсамжаа дүр бүтээж, орчин байдлыг дүрчилэн, зураглан бичжээ. Тиймээс энэ дурсамжийг уншихад тэр үеийн хүрээний байдал, театрын уур амьсгал, “Учиртай гурван толгой”-г хэрхэн зохиох болсон шалтгаан, тайзнаа анх тавьсан түүх төдийгүй найруулагч Намдаг, зохиогч Нацагдорж, үзэгч Ишдорж тэргүүтний зан авир, дүр төрх нүдэнд харагдах мэт тод зурагдсан байдаг. Бодит хүний уран сайхны дүр бүтээж, түүнийг орчин нөхцөлтэй, орог саарал амьдралтай нь нүдэнд харагдаж, сэтгэлд тэмтрэгдтэл ингэж бичнэ гэдэг дурсамж бичих өндөр уран чадвар юм.
Дурсамж бичих хоёр дахь үндсэн хэлбэр нь дан баримтыг шүтэх явдал юм. Энэ талаар зохиолч Д. Батбаяр “Чин үнэнийг хэлэхэд алив нэгэн зохиолчийн тухай дурсамж бол их бага хэмжээгээр зохиомол зүйл байдаг. Зохиомол зүйл биччихье гээгүй ч үзсэн дуулсан, туулсан бэдэрсэн үнэнээ бичлээ ч түүнд ямагт зохиомол зүйл орсон байдаг...Миний бие Д.Намдаг багш, өвгөөдэй Дамдинсүрэн багш, Дооровын (Дашдооров)-хоо тухай дурсамж маягийн зүйл бичихийн оронд, ямар хүн байсан, юу гэж ярьж байсныг нь л тэмдэглэлийнхээ дэвтрээс хуулбарлан буулгаж энд толилуулж байна. Энэхүү зүйлд миний болон бусдын ямар нэгэн үнэлэмж байхгүй гэдгийг би батална” гээд “Дэвтэрт үлдсэн агшин хормууд” дурсамжаа бичсэн нь энэ эмхтгэлд оров. Тэгэхдээ дурсамж гэдэг нь дан цулгуй баримт бус, архив, тэмдэглэлийн дэвтрийн цаасны тасархай биш тул зохиолчийн байр суурь, хандлага заавал туссан байх нь эргэлзээгүй. Гурав дахь хэлбэрийн тухайд ихэнх зохиолчдын дурсамж бичих арга маяг нь бөгөөд баримт уран сайхны хосолмол шинж нь байвал зохих ерийн хэм хэмжээ ажээ.
Зохиолчид бичихээсээ илүү бие биедээ аман хэлбэрээр хэн нэгнийг дурсан ярих нь элбэг. Тэр нь дөнгөж саяхан болсон үйл явдал шиг, будаг нь ханхалсан шинэ ном шиг санагддаг. Дурсамж гэдэг нь оюуны галерей шиг тов тодхон ой ухааны тэмдэглэмж юм. Дурсамж бол ил тодын бичигдээгүй мандат юм. Дурсамж бол аль нэг байгууллагын тендер бус, хэн нэгний шахаа бус зүгээр л дотоод сэтгэлийн дуудлага юм. Дурсах ёстой хүнээ өөрийн эрхгүй дурсан ярьж, түүнээ ер бусын баатар, цэц мэргэдийн туйл мэтээр домогшуулан ярьдаг. “Домог бол худал, хуурмагийн тухай үнэн юм” гэж И.С.Таранов хэлжээ. Дурсамж, дурдатгал бол домогшсон үнэний тухай зохиогчийн ой санамжийн амьд зураглал, өөр өөрийн өнгө аяс бүхий зохиогчийн бодол санаа юм.
Дурсамжийг дэндүү гар хурууны үзүүрээр бичих хандлага их байна. Ялангуяа магтаалын магнаг торгоор хучихаас аль болох зайлсхийж, бодит байдлыг гэрчлэн бичих нь туйлын чухал юм. Дурсамжийг бичихдээ хэт магтан туйлшрах, эсвэл өөрийгөө томчуулын дунд хавчуулж хөөрөгдөх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Бас ач холбогдол багатай зүйлийг, тухайлбал идсэн уусан, архидсан согтсоноороо гул барьж бичих нь зохисгүй. Архи гэгч идээний дээж хэдий ч анд нөхөрлөлийн дурсамжийг сэргээх өдөөгч төдий зүйл байтал зөвхөн түүнийг л ой ухаандаа тогтоосон мэт эргэцэх нь гайхмаар. Дурсамж бичихдээ ялангуяа он цагийг сайтар нягтлах хэрэгтэй. Бас хүний нэр дурдах, тэдний хэлсэн үгийг иш татахдаа ихэд болгоомжтой хандах нь зүй. Тэр тусмаа бурхан болоочийн нэрийг дурдаж ишлэхдээ үнэнийг чанад сахих учиртай. Дурсамжинд зохиолч өөрийн санаа бодлыг тулгаж, муйхарлаж болохгүй. Өөрийн бодол өөртөө зөв хэдий ч бусдад төдий л хүртээлтэй бус. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч аар саар зүйлээс ангижирч, их утга зохиолын эрх ашгийн төлөө бичих нь зүйн хэрэг юм.
Үнэн худлын хайчин дунд, санах мартахын зааг дээр дурсамж бичигддэг. Дурсамжинд бичигдсэн бүхнийг үнэн, худлын эцсийн шалгуур гэж үзэх боломжгүй. Тиймээс дурсамжийн үнэн худлыг тухайн бичигчийн ёс зүйт байдал, хүн чанар, шударга зөн билигт л найдахаас өөр замгүй. Энэ нь дурсамж бичсэнээрээ ёс зүйн хариуцлагыг зохиогч өөрөө өөртөө сайн дураараа үүрч байна гэсэн үг. Ёс зүйгүй явдал бүрийн цаана их буглаа байдаг. “Сайн санаа тэнэглэл хоёр харш” гэж Аристотель бичжээ. Үнэхээр дурсамж нь зохиогчийн иргэний үүрэг, хариуцлагын дотоод механизм дээр оршин тогтдог эмзэг зүйл. “Ер нь амьдралыг гутаахад тун амархан, харин чимэглэхэд яггүй хэцүү байдаг” зохиолч Ч.Лодойдамба бас хэлжээ. Хатуу үг хэлэхийн тулд гарцаагүй шалгагдсан баримт хэрэгтэй. Үнэн үг гашуун, бас элдэв эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгэхдээ “Гашуун үнэнийг хэн нэгэнд хэлэхийн өмнө хэлнийхээ үзүүрт зөгийн бал түрхэх хэрэгтэй” гэсэн Араб ардын үгийг цаг ямагт санаж байх учиртай. Уншигчдад зөв сингал өгөх нь дурсамжийн гол, тэр тусмаа элитүүдийн үүрэг юм.
Дурсамж бол жирийн санал сэтгэгдэл бус, өргөмжлөл бүр ч биш харин бодит байдал, үнэлэмж, байр суурь юм. Дурсамж бол үйл явдлын эргэн тойрны орчин бус харин түүний мөн чанарын батламж юм. Тиймээс зохиолч хүн дурсамжийг зохиож болохгүй. Дурсамж нэрээр бусдыг гутааж, нэр төрд нь халдаж болохгүй. Түүхийг гуйвуулж бүр ч болохгүй. Зохиомол бичвэр зохиолчдын эв нэгдэлд цав суулгаж, сэтгэлд тундас үүсгэнэ. Шар сонинуудад зохиолчдыг гутаасан гүтгэлэгийн үер хүчээ авч байна. Үнэн хэрэгтээ түүнийг зохиолчид өөрсдөө л санаа сэдлийг нь гаргаж, заримыг нь бичиж өгч байгаа. Сэтгэл санааны хүчирхийлэл, мэдээллийн хүчирхийлэл хамсраад ирэхээр түүхийн үнэн гуйвж алиагаа алдна. “Хагацашгүй нөхрийг марташгүй үгээр бүү хорсого” гэсэн үгийг мартаж болохгүй. Ер нь дурсамж бичихдээ өөрийнхөө бодлыг бусдад тулгах, өрөөлийн бодлыг үл зөвшөөрөх нь ёс зүйгүй асуудал. Худлаа юм бичиж нэр төрөө түймэрдэх хэрэгггүй. Тиймээс яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүний нэрийг бүтэн хугалсан хүн өөрийнхөө нэрийг хагас хугалдаг” гэсэн бол Америкийн философич Сантаяна “Түүхээ мартдаг хүн – түүний эргэлтэн дээр сүйрнэ” гэжээ,
Дурсамж бол чөлөөт индэр юм. Тиймээс дурсамжийг хэн ч бичиж болно. Зөвхөн настангууд, алдартангууд дурсамж бичдэг гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн тул их багын ялгал гэж үгүй. Харин ч тухайн үйл явдалд оролцогч “гишүүд” нь тэр томчуудыг томруулж, гэрчилж, үйл явдлын үнэн зөвийг хамгийн шударга үнэнээр нь нотлогчид юм. Тиймээс нэр нь үл дурдагдах үлдэгсэдийг энэхүү “Бурхадын сархдад” аль болох хамруулахыг хичээсэн болно. Улсын наадамд барилдах 512 бөх бүгд л бөхчүүд бөгөөд улсын цолтон, үзүүр түрүүний бөхийг тодруулагчид нь тэд юм. Тиймээс зохиолчид биеэ голж, хойш суулгүй энэ тэгш боломж, нээлттэй байдлыг ашиглах хэрэгтэй. Дурсамж бичихэд оны ялгаа, шагналын ялгаа огт байхгүй.
Дурсамж бичлэгт дутагдаж буй гол зүйл бол утга зохиолд шинэчлэл хийсэн тэр үйл явдлуудын тухай төвлөрч чадахгүй байгаад оршино. Тэр зангилаа асуудлын зангилааг тайлах нь дурсамж бичихийн анхдагч шалтаг, шаардлага юм. Түүнээс биш хэдүүлээ нийлээд, багыгаа дэлгүүр гүйлгээд, хоорондоо хэн нь том болохоо маргалдаад байх нь үнэндээ их утга зохиолын дурсамжийн туслах л объект юм. Энэ нь тухайн хүний санааны мухарт сүүмэлзэх дэнгийн гэрэл мэт хувь сэтгэгдэл төдий зүйл. Ер нь сэтгэгдэл, дурсамж, дурдатгалыг ялгаж хэрэгтэй. Сэтгэгдэл бол таны бодол санаанд торж үлдсэн тэр зүйл юм. Дурсамж бол таны байр суурь, үзэл бодол, гэрч баримт юм. Дурдатгал бол таны төдийгүй утга зохиолын хөгжлийг углуургаар нь танин мэдэх нотолгоожсон баримт, оюуны архивын…тоот данс бүхий хэрэглэгдэхүүн юм. Дурсамжийг “хялбарчилбал” сэтгэгдэл, “хүндрүүлбэл” дурдатгал болно. Тиймээс сэтгэдэл, дурсамж, дурдатгалыг элбэг төлөөлнө хэмээн үзэж дурсамж гэдэг үгээр төлөөлүүлэн бичиж байна. Ер нь дурсамж, намтрыг насны бөгсөнд, хийх ажилгүй болсон үедээ ч юм уу, хэн ч тоохгүй болоход өөрийнхөө “том” явсныг мэдүүлэх гэж бичих гэх гоморхол, цөхрөлийн ойлголтоос нэг мөсөн салах хэрэгтэй. Идэр залуу зохиолчийг дурсамжаа бичихийг хүсэхэд зарим нь илт сэжиглэнгүй, зарим нь үл тоомсорлох, тэрч байтугай “дурсамж бичих нас болоогүй” гэх нь ч таарч байв. Тийм ч биз, үгүй ч биз.

Гурав.
Дурсамж оюуны өмч мөн үү? Мөн бол түүнийг хэрхэн үнэлгээжүүлэх, үнэ цэнтэй болгох вэ? Энэ нь зөвхөн Зохиолчдын эвлэлийн ажил мөн үү? Төрийн зүгээс ямар дэм тусламж хэрэгтэй вэ? Эрх зүйн хувьд түүнийг хэрхэн баталгаажуулах вэ? Энэ мэт олон асуултууд хариулт үгүй хэвээр байна. Дурсамж бол түүх, түүх бол дурсамж юм. Тиймээс зохиолчийн дурсамжийг хувь хүний жирийн сэтгэгдлээс ангид, тухайлбал тэдний уран бүтээлийн түвшинд авч үзэж, ач холбогдол өгч байж үнэ цэнэтэй болно. Өөрөөр хэлбэл дурсамжийг оюуны өмч, түүний ханш сайтай бүтээгдэхүүн гэж үзэх ёстой. Өмч л юм бол үнэлгээтэй байх учиртай. Түүнийг төр л гүйцэтгэж чадна. Улсын архивын онцгой нэгэн салбар нь зохиолчдын оюуны архив биш гэж үү.
Үнэндээ монголын утга зохиолын түүхийн ховор нандин дурсамж, дурдатгалын хэвлэгдээгүй олон ботиуд зохиолчдын тархи толгойнд явж байна. Хамгийн харамсалтай нь дурсамж бол алганы хээ шиг давтагдашгүй агаад ганцхан хувь байдаг зүйл. Тэр нь тэр хүнтэйгээ хамт оршин байдаг, бас үгүй болдог. Үүнд л хамаг учир, үнэ цэнэ нь байна. Бэлтгэл хурандаа Г.Дорж телевизээр ханийнхаа тухай ярихдаа С.Удвал гуайг бие муу байх үедээ “Маарамба гуай минь надад гурван жилийн нас хайрлаач. Би дурсамжаа бичмээр байна. Түүнээ бичиж амжаагүй яваа хүн шүү дээ би” гэсэн тухай өрөвдөлтэй түүх хүүрнэсэн…Сономын Удвал гуай шиг түүхэн хүнийг дурсамжтай нь хамт алдах тоолонд түүхийн мөр балардаг” гэж яруу найрагч Д.Нямаа нэгэн дурсамждаа харамсан өгүүлжээ. Үнэхээр их утга зохиолд түүхэн үйл явдал, түүхэн хүн гэж байна. Түүнийг дан архивын материалаар сэргээн санах боломжгүй. Ямар ч архивын материалаас илүү дурсамж нь амьд харьцааг үүсгэдэг. Нэгдүгээр биеэс өгүүлэмж нь гардаг. Биечлэн оролцсон гэдэг нь өөрөө үнэ цэнтэй төдийгүй тухайн цагийн шингээлт юм. Хоосон шуудайг босгож болдоггүйтэй адил үйл явдалд оролцоогүй хүн дурсамж бичих боломжгүй. Тиймээс дам дурсамж гэж үгүй. Хэдийгээр хүний яриаг дам дамжуулж байвч тэр нь театрын тайзнаас жүжиг үзэж буй мэт амьдлаг байдаг. Тэгэхээр дурсамж бол туулсан амьдралын цадиг түүх, туулах амьдралын гэрэл гэгээ, тэмүүлэл юм. Түүнийг одоо цагт л бичдэг. Тэгэхээр дурсамж гэдэг нь зөвхөн өнгөрсөн цагийн бичвэр бус гурван цагийн зохирол билээ. Өнгөрсөн цагийг өнөө цагт дархлан үлдээж ирээдүйд гэрч болгон илгээж байна. Энэ бол дурсамж юм.
Дурсамжийг үзэх хоёр хэтэрхийлэл байна. Нэг нь хэт шүтэх, нөгөө нь хэт үгүйсгэх хандлага юм. Хэн нэгний бичсэн дурсамжийг түүхийн батламж болгож, түүгээр бусдыг үгүйсгэх бороохой болгож болохгүй. Дурсамж бол нэг л баримт юм. Бас дурсамжийг үл тоомсорлогчид нь залуучуудыг дурсамж бичих нас болоогүй, дурсамж бичиж томорлоо гэх атлаа ахмадуудыг үхсэн хүнээр нэр төрийн бизнес хийлээ, дурсамжаа бичитлээ шалдаа буулаа гэхчилэн дарамталдаг. Тэд “Найз нөхөр эрдэггүй хүн өөрөө өөртөө дайсан” гэж Шота Руставели хэлснийг үл анзаарч байна. Үгүйсгэгчид дурсамжийн үнэ цэнийг энэ мэтээр хулгана шиг мэрж бүдгэрүүлдэг. Үнэхээр Дэмчигдоржийн хэлсэнчлэн “Нөхөр ханийн харилцан туслах хүчийг олохгүйгээр ганцаар гавьяа бүтээсэн нь нэгээхэн бээр үгүй” билээ.
Дурсамж гэдэг бол мэдээж ой санамж юм. Юуг хэзээ яаж дурсах вэ? Цаг үеэ олсон дурсамж үнэ цэнэтэй. Дурсамжийг цаг хугацааны цаашдын хүчин зүйл улам үнэ цэнэтэй болгодог. Гэрчлэх гэрчгүй болсон хойно нь, үнэн худлыг үл таамаглах тэр орчинд бус харин ч халуун сэргэг дээр нь дурсамжийг бичиж үлдээх нь утга зохиолын хөгжлийн түүхийг зөв тодорхойлоход дөхөмтэй юм. Гэхдээ яг үйл явдлын торгон ирэн дээр хэвлүүлэх нь дурсамжийн үнэ цэнээ алдагдуулах тохиолдол ч бий. Тиймээс дурсамжийг хэзээ нийтлүүлэх нь хэзээ бичих вэ гэдгээс илүү ач холбогдолтой санагддаг. Дурсамж нийтлүүлэх хамгийн тохиромжтой үе нь олон нийтийн анхаарал төвлөрсөн цэг буюу их ой тэмдэглэх үе юм шиг байна. Дурсамж нь өгүүлэгдэхүүний хувьд утга зохиолын тухай, хувь хүний тухай, зохиол бичсэн түүх, гадаад дотоодод хамт аялсан, наргиж цэнгэсэн гэх мэтээл эрээвэр хураавар зүйлс мэт байвч ямар ч тохиолдолд их утга зохиолын улаан шугамаас хазайж яахан болно.
“Зүс сайт хурдан морь гайхагдах атал журам сайн хүмүүн яаж орхигдомуй” гэж Лувсандамбажанцан хэлжээ. Эдүгээ цаг дор дурсамжийг хүндлэх, үнэ цэнэтэй болгох, бодлогоор цуглуулах, архивлах нь нэн чухал болж байна. Үнэхээр дурсамж гэдэг нь хувь хүний ой санамж төдийгүй түүхийн оюун ухаан, сэтгэлгээ, дүгнэлт, гаргалгаа мөн юм бол түүнийг төрийн зүгээс анхаарах л учиртай. Шууд утгаараа монгол хүний дурсамж гэдэг нь монгол түүхийн сан хөмрөг, архив, оюуны үйлдвэрлэл, ой санамж гэж хэлж болно. Тиймээс төр оюуны банкаа хамгаалалтад авч төсвөөс хөрөнгө зарж эх хэрэглэгдэхүүнээ авч үлдэх ёстой. Дурсамжийг төрийн бодлогоор хамгаалах, хадгалах, эрх зүйчүүлэх шаардлагатай. Бас нэг хойшлуулшгүй анхаарах зүйл бол дурсамжийг бүтээгч төдийгүй түүнийг судлаачдыг бэлтгэж болох юм. Яагаад дурсамж, дурдатгал судлаач гэж байж болохгүй гэж. Дурсамжийн өв сан, мэдээллийн санг бүрдүүлэхэд зохион байгуулалт л дутаж буйгаас өөр хориг саадыг би олж харахгүй байна.
Зохиолчдын дурсамжийг олшруулах олон янзын арга байж болно. Ерийн горимоор бичээд хол явахгүй. Түүнийг онцгой байдалд авч үзэх хэрэгтэй. Ялангуяа настайчуудыг эн тэргүүд анхааралдаа авах, дэргэд нь шавь шавилуулах, судлаач тавих, мэргэжлийн судлаачдыг санхүүжүүлэх, бас залуучуудыг залуу гэж орхиж болохгүй. Үе үеэ хамгаалж дурсамжийг зохион байгуулалттайгаар бичүүлж болох мэт. Түүнчлэн хамгийн наад зах нь зохиолчдын дунд уралдаан зарлах, урамшилтай болгох, сан бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлэх төдийгүй дурсамжийг хуульчлан баталгаажуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. “Зохиогчийн эрхийн тухай” хуульд “утга зохиолын аман буюу бичмэл бүх төрлийн бүтээл”-ийг зохиогчийн эрхэд хамаарах бүтээл гэж үзсэн нь бий. Үүнд зохиолчийн дурсамж хамаарах эсэх нь тодорхойгүй. Байдал ийм л байна. Дурсамж үлдээх нь эр зориг, иргэний үүрэг юм. Түүнийг дэмжих хүсэл эрмэлзэл мэргэжлийн байгууллага болох Зохиолчдын эвлэлд байгаагийн нэг илрэл бол энэхүү “Бурхадын сархад” түүвэр юм. Харин төр, засагт энэхүү бодлогыг тууштай дэмжих хүсэл сонирхол байна уу? Эрх зүйн орчинг бүрдүүлэх оюуны дархлаажуулалт байна уу?
Дурсамжийн түүвэр, эмхтгэл үнэхээр чухал санагдана. Энэ бол оюуны буян хураалт, ургацын баяр юм. Тиймээс МЗЭ-ийн 80 жилийн ойн босгон дээр “Зохиолчдын намтар судлалын төв”-ийг байгуулж энэхүү “Бурхадын сархад” эмхтгэлээр монголын зохиолчийн дурсамж, дуртатгалын байнгын цувралыг эхэлүүлж байна. Монголын зохиолчийн дурсамж, дурдатгал нь оюуны архив юм бол тэдний ой санамж оюуны банк байж таарна. Энэ банкыг байнга сааж, бас түүнд зохиолч бүр оюуны хөрөнгө оруулалт хийж дурсамж, дурдатгалын бороо уриан залбал яасан юм бэ? Үгүйдээ гэхэд үе үеийнхэн өөр өөрийн дурсамжийн ботийг бэлтгэж, хэн нэгэн зохиолчдын ой тэмдэглэхдээ заавал дуртгалын ном гаргаж хэвшвэл үеийнхэн хийгээд үе цагийн үнэлэмж болох мэт. МЗЭ-ийн даргаар ажиллаж байсан Д.Нямаа “Би МЗЭ-ийн даргын ажилд томилогдоод хамгийн түрүүнд зохиолчдын дурсамжийн 4 боть гаргая гэж бодсон. Тэр нь өргөжөөд 108 боть болоод явчихсан. Миний үед гэхэд л гучаад зохиолч бурхан болсон” гэж ярьж байна.
Зохиолч хүн дурсамж бичсэнээсээ бичээгүйн хариуцлага их байх шүү. Ганцхан та л мэдэх тэр түүхийн “гэрчийн мэдүүлгийг” нуун дарагдуулах эрх байхгүй мэт. Энэ талаас нь үзвэл дурсамж бичих нь тухайн зохиолчийн сайн дурын хэрэг бус, зайлшгүй гэрчлэн үлдээх иргэний үүрэг юм. Дурсамж нь нэг талаас түүхийн амьд гэрчийн үг, нөгөө талаар хувь хүний бодол санаа, тухайн үйлд хандах хандлага юм. Тэгээд ч энэ оюуны архивыг нээх нууц код нь өөр хэнд ч бус гагцхүү тэр зохиолчийн өмчлөлд байдаг нь байдлыг хялбаршуулж, бас хүндрүүлж байгаа юм.
“Хүний зорилго нь амьд явахдаа бус амьдрахдаа” гэж Жек Лондон хэлжээ. Уран бүтээлчийн амьдралын ил хийгээд далд түүхийг яахын аргагүй дурсамж, дурдатгал нөхнө. Ямар дурсамж бичснээр тань таныг ямар хүн байсныг бүгд санах болно. Тэгэхээр дурсамж бол хувь хүний хувь сэтгэгдлээс хэтийдсэн ариун тунгалаг сэтгэл, оюуны соёл юм. Дурсамж бичнэ гэдэг та бусдад хэрэгтэй байгаагийн л шинж төдийгүй утга зохиолын амьдралд идэвхтэй оролцогч, түүний биет төлөөлөгч мөн болохоо харуулж байгаа хэрэг.
“Мэргэдэд ханилбаас цэцэн болъюу” гэж Раашпунцаг хэлжээ. Цэцлэхийн тулд мэргэд ханилан хэр цэцэглэсэн нь чин сэтгэлийн дурсамжид л гэгээн мөрөө үлдээнэ. “Бурхадын сархад”-ын ширээнд тавтай морилж уран бүтээлийн халуун дурсамжаа харамгүй хайрлана уу. Дурсамж бол шавхагдаж дуусашгүй оюуны ай сав билээ.
Редактор Ү.Хүрэлбаатар

No comments:

Post a Comment