Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг

Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг

Хүү маань “Зайсангийн ам” гараад ирье гэв. Бид хоёрт одоогоор хийх ажил байхгүй тул би ч дуртай зөвшөөрөв. Үнэхээр л Улаанбаатарт бол Зайсан толгой руу явж байгаа юм шиг урд зүг зүглэв. Варшав хотын урд зах аж. Барилга бариагүй үлдсэн талбай нэлээд байна. Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хотын хөгжлийн нөөц газар гэж байдаг юм байна.

Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг

Хүү маань “Зайсангийн ам” гараад ирье гэв. Бид хоёрт одоогоор хийх ажил байхгүй тул би ч дуртай зөвшөөрөв. Үнэхээр л Улаанбаатарт бол Зайсан толгой руу явж байгаа юм шиг урд зүг зүглэв. Варшав хотын урд зах аж. Барилга бариагүй үлдсэн талбай нэлээд байна. Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хотын хөгжлийн нөөц газар гэж байдаг юм байна. Түүнийг хэн нэгэн мөнгөтэй хүн аваад хашаа татчихдаггүй бололтой. Харин хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу бодитой хөтөлбөр боловсруулсан групп эрхийг авдаг байна. Тиймээс нөөц газар Варшавын урд хэсэгт нэлээд үзэгдэнэ.
Тэр бүхний дундуур хэсэгхэн давхиад бид хүрэх газраа хүрлээ. Тэр нь “Park Kultury Powsin” аж. Повшенийн соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Зайсанархуу толгод бөгөөд тэр нь нэлдээ ой юм. Машин тавих газар зүлэгтэй бөгөөд оруут цаасан тасалбарт ирсэн цаг, минутыг тавиад өгч байна. Цагийн 2 злот бөгөөд түүнээс нэг минут л хэтэрвэл дараагийн цагт оруулж нэмэн тооцдог юм байна. Машинаа тавиад бид хоёр моддын дундуур зурайх салаа замын уулзварт ирэв. Нэг нь дугуй, нөгөө нь явган аялагчдын зам юм байна. Хүүгийн араас би сажлав. “Өвдөг нэг л биш ээ” гэж өглөө би хүүдээ ярьж байсан. Тэгээд л өвдөгний шар усыг тарааж байгаа нь энэ юм байх.
Ой модны намуун, тайван орчин намайг бүчээд авах шиг болов. Хаа нэгтээ дуугарах шувуудын жиргээн, модны үзүүрийн салхин хөөмий мэт бүдэг аялгуу, цээж дүүрэн нэвтрэх сэнгэнэсэн агаар дунд хүү бид хоёр гангар гунгар хийн алхаж явав.
-Хот гэдэг тэр аяараа стресс. Түүнийг тайлах, саринуулах гол орчин нь байгалийн амралт, зугаалгын бүс, газрууд юм. Варшавт ийм газар олон бий л дээ гэж хүү маань хэлж байна.
-Энэбиш дарга л энэ тухай их ярьдаг хүн байсан. Одоо хийх нь бүү хэл, ярьдаг ч хүнгүй болоо шив. Улаанбаатарын Соёл амралтын хүлээлэнг тал талаас нь мэрээд, элдэв шалдав байшин барилгаар хүлээлээд юу ч биш болголоо. Хөл гишгих газар байв ч газрын наймаачид хашаад авдаг болчихож. Уг нь Хүүхдийн парк, Зайсангийн ам, Оргил рашаан сувилал зэрэг цөөхөн ногоон байгууламж байсан. Одоо устаад алга болох нь алга болж байна гэж би хаа хамаагүй хол орших Улаанбаатарын тухай ярьж явав.
-Бидний очих газар ойртож байна. Энд Бөмбүүлэйн америк сургууль байдаг юм
Батхишигийн хэлсэн баруун тийш харахад ой мод болсон сайхан газар харагдана.
Повшенийн соёлын цэцэрлэгт хүрээлэн нь иргэдийн амралт зугаалгын чөлөөт бүс юм байна. Тиймээс хэн ямар зорилгоор ирсэн, түүнийхээ дагуу явах, очих бүрэн боломжтой. Дугуйтай нь өөрийн тойрог замтай. Явган явагчид тус тусын жимтэй. Төөрч будилах юм нэгээхэн ч үгүй. Учир нь зам, жим нь тодорхой, тэмдэглэл сайтай, ойлгомжтой юм. Жишээ нь би гэр бүл, хамт олонтойгоо зүлэг ногоонд тарвалзанхан биеэ наранд шарж, махан шарж идсэн шигээ байя гэвэл зориулалтын бэлэн модон саравч, дүнз модоор бахимхан хийсэн сандал, ширээ байна. Задгай галд мах шаръя гэвэл бас л бэлэн. Хүмүүс голдуу хэсэг бусгаараа, хос хосоороо тэнд амарч байна. Дээр хөх тэнгэр, доор зүлэг, дэргэд ой модод. Байгалийн сайханд зугаалахад өөр юу хэрэгтэйсэн билээ.
Хүү бид хоёр явсаар Amfiteatr хүрэв. Энэ задгай театрт монголын хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгий тоглолж байсан гэнэ. Зөвхөн хийл тоглох гэж бурхнаас заяагдсан гэлтэй энэ хийморлиг бүсгүй хэрхэн тоглож байсан нь нүдэнд харагдах шиг болов. Цав цагаан даашинзтай, хүзүүндээ урт пансан цагаан алчуур ороочихсон Дээгий урагш нисэх мэт тэмүүлэн зогсоод магадгүй “Хэнтийн өндөр ууланд” аязыг агаарт зурах шиг тоглоо байлгүй. Задгай театрын тайз нь пүмбэгэр оройт сүмийг тэг дундуур нь зүссэн мэт талласан зохиомжтой бөгөөд модон өнгөн дээр зурвас хүрэн өнгийг судалтуулан буулгаж, баруун, зүүн талд тэр өнгөөр хос хос урт нарийхан банз босгон хашсан нь бүгд хоорондоо авцалджээ. Тайзны шалны гурван гишгүүр ч түүнтэй зохицжээ. Үзэгчдийн суудалд орчин үеийн ногоон нийлэг сандлыг 17 эгнээ болгон байрлуулсан нь нэг зэрэг дор хаяад хоёр зуун хүн багтахаар санагдав. Польш дахь монголчуудын наадмыг энэ паркид хийхдээ энэ задгай театрт лав тоглолт хийсэн л байж таарна.
Бид хоёр цааш явав. Хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, гольфийн жижиг талбай байна. Хүмүүс их тоглодог бололтой нэг дор шахам гар бөмбөгийн 6, сагсан бөмбөгийн 2, хөл бөмбөгийн 2 талбай бүгд дүүрэг тоглогчтой харагдана. Хөл бөмбөгийн жижигхэн талбайд хоёр өвгөн хөл бөмбөг тоглох бөгөөд гурав дахь тоглогч нь улаан цээживчин уяатай жижигхэн халтар нохой байна. Бөмбөг хаашаа л өнхөрнө, түүнтэй хамт бөмбөг шиг давхих нохой өөрийн үүргээ чадварлаг гүйцэтгэж байв. Бидний цааш алхаж байхад араас гурван дугуйтай хүн ирсний эхэнд нөгөөх нохой уяанд орчихсон дугуйны урд чарганы нохой шиг урт хэлээ унжуулчихсан давхиж явав. Энэ нохой над шиг хөлийн чилээ гаргах бус эзнээ баясгах гэж сунаж унатлаа зүтгэж явнаа хөөрхий. Цэвэр байгалийн орчинд, тийм газар шороонд гар бөмбөг, сагс, хөлбөмбөг тоглохын зэрэгцээ мэргэжлийн бэлдмэл талбайд мэргэжлийн гэмээр хүмүүс цэвэр агаар амьсгалан бас тоглож байх юм. Сонголт үнэхээр баялаг аж.
Ой мод дунд зориудын гэмээр том цойрхой байна. Тэр зайнд газар хагалж уринш хийжээ. Шороог нь имэрч үзлээ. Шим шүлт үгүй цагаан нутаг шороо байна. Хамрын тамхи мэт энэ нутаг шороо салхинд тоосрон алга болох мэт харагдавч эргэн тойрны тэнгэр баганадсан өтгөн модод түүнийг хамгаалдаг бололтой. Элс нь бас дэндүү жижиг ширхэгтэй юм. Манай торгон элснээс ч нарийн ширхэгтэй тул элс бус шороо гэмээр. Бас цайвар цагаан өнгөтэй юм. Моддын дунд сохор номины овоолсон шороо нэлээд тааралдсан нь бас ийм цагаан цайвар өнгөтэй байлаа. Ийм хөрсөнд тийм сайхан ургамал, мод тарьж ургуулсан байхад манай монголын шимт хөрс шороонд юу ч тарьж ургуулж болох нь дэндүү ойлгомжтой санагдлаа.
Ноднингийн бололтой хатсан далбавгар хөхөмдөг навчис хөлийн гишигдэлд хөг оруулах мэт бутран хугарч шажигнана. Хааны цэцэрлэг, Повшенд ч монголын ойн сэнгэнэсэн сайхан үнэр л үгүйлэгдэж байв. Түүний учрыг шар цэцэгнээс мэдэв. Варшаваар нэг тархсан шар цэцгийг зориуд тасалж үзэхэд ишинд нь байдаг исгэлэн хөөс, хээрийн сайхан зэрлэг үнэр алга. Тэгэхээр арга ч үгүй биз. Хэдхэн хоноод нутгаа санасных уу надад ингэж бодогдож байв. Бас аав минь санагдлаа. Намайг сургуульд ороход манайх Завхан аймагт байсан. Тэнд Байгалмаа гарсан. Арван нас шүргэх үесэд аав маань намайг дагуулж ойд мод бэлтгэдэг, мориор шургааг чирүүлдэг байсансан. Өндөр уулнаас бэл хүртэл арван настай хүүхэд мориор мод чирч явсан гээд бод доо. Үнэндээ бартаагүй болсон замаар явж сурсан мориор мод чирүүлж байсан хэрэг байх. Хүүхдээ багаас нь хүн болгох дасгалыг аав маань ингэж хийж байсан тухай хүүдээ би ярьж явлаа.
Замд боломжийн барьсан ресторан, бас задгай пивоны газар байна. Тэндээс ихэд танил аялгуу эгшиглэхэд зог тусав. Ширээн дээр хөх саарал хуучивтар хүрэмтэй шингэн цагаан сахалтай орос өвгөн баян хуур хөгжмөөр Манжуурын толгодыг маршийн хэмнэлээр чадварлаг тоглож сууна. Тэндээс булгийн цэвэр ус авав. Уг нь үхэр хаднаас цоргоор гоождог байсан гэнэ. Одоо бол орчин үеийн байдалтай болж. Усыг нь уухад жаахан шороо амттай болохоос уулын цэвэр ус болох нь тодорхой байлаа.
Замаар цанын таяг шиг савхан хоёр таяг гартаа бөрьсан хүмүүс толгод өөд зөрнө. Бид уруудаж яваа хэрэг.
-Аав аа таньд ийм таяг авч өгдөг байж дээ
-Хэрэггүй дээ. Буцаж явахад. Тэгээд ч өвдөгний маань шар ус сайн тараг.
Бид хоёр инээлдэв. Тэгээд машиндаа суугаад Варшавын төв рүү яаран давхилаа. Учир нь Батжаргалын хүү Тэмүүлэнгийн төрсөн өдрийн баяраар түүнд нохой бэлэглэх гэж тэд нар нохойн зах дээр ирчихээд бид хоёрыг хүлээж байв. Батжаргал дахин дахин утасдаж Тэмүүлэн чамайг ирэхээс нааш сонголт хийхгүй нь ээ гэж байна. Үнэхээр тэд нар Паркоwa гудамжинд ирчихсэн, нэг хөөрхөн цагаан гөлөг барьчихсан биднийг угтав.
-Алив Дууяа энэ гөлгийг монгол маягаар шинжээтэх гэж Байгалмаа хэлэв.
-Болох юм уу, эзэн нь дургүйцэхгүй биз гэж би хаширлав.
700 злот буюу 200 орчим долларын үнэтэй ламлейр үйлдвэрийн тэр цагаан гөлгийг овоодож өргөхөд бүдэгхэн гийнав. Сүүлнээс нь өргөхөд дуугарсангүй. Нохойны эзэн намайг гайхсан байдалтай дургүй харцаар ширтэж байгаа. Би хараагүй боловч мэдэж байна л даа.
-Уг нь ухаантай бололтой хөөрхөн гөлөг байна. Гэхдээ өөр сонголт байхгүй юу гэж би Тэмүүлэнг харав. Тэмүүлэнгийн харц арын машины ар руу чиглэнэ. Түүнийг үзэхэд Воксер үйлдвэрийн зодоонч нохой байв.
-Долоо хонож байгаа гөлөг нь энэ гэж заахыг харвал монгол идэр нохой шиг том юм байна.
-Том болоод хэр болох бол ?
-80 кг болно гэсэн. Ийм болно, Та хар даа гэж Бөмбүүлэй утасныхаа дэлгэцэнд том нохойн зураг үзүүлэв. Дэргэд нь суугаа охиноос том бүдүүн занзгар нохой аж.
-За даа, хөдөө айлд биш, хотын гэрт нэг л биш дээ, наадах чинь. Ямар үнэтэй юм.
-1200 злот буюу 400 орчим доллар. Ийм яриа болоод өнгөрөв.
Бид нар бөөнөөрөө зарах нохдыг тойрч үзэв. Нохойн зах гэгч нь ням гаригт л Паркоwa гудамжинд цугладаг машинтангууд аж. Машиныхаа арын багаажинд зориулалтын торонд хийсэн ноход байх аж. Зарах нохой нь мэдээж дөнгөж төрөөд хэдхэн хонож байгаа гөлгүүд бөгөөд тэд нарыг морь аятай цоллож магтаж байна гэж жигтэйхэн. Зодоонч ноход, цасны ноход байдаг юм байна. Бас үнэг шиг, хярс шиг гөлөг, ихэнх нь сагсгар хав байх юм. Үүлдэр бүхэн өөрийн нэртэй боловч тэр бүхнийг би ялган нэрлэж чадахгүй л дээ.
-Тэмүүлэн эзэн нь юм чинь өөрөө л сонго. Ер нь хүн өөртэйгээ адилхан нохой л сонгодог юм гэнэ лээ гэж би хэлэв. Тэмүүлэн:
-Заавал өнөөдөр аваад яах вэ. Надад таалагдах нохой алга. Цагаан нохой чинь өвгөд эмгэдийн нохой шүү дээ. Манай хөдөө өвөөгийнх ийм нохойтой гэж байна. Түрүүнээс хойш цааргалаад байсны учир тэр байж.
Бид түүний саналыг дагаж энэ удаа нохой авахаа болив. Тэгээд Батжаргалынд очиж усны хувцас хунараа аваад Батхишиг, Бөмчүүлэй, Тэмүүлэн бид дөрөв усан бассейнд цагийн хязгааргүй орохоор давхив. Тэндээс би усны хувцас, нүдний шил авч өөрийн өмч, хэрэгсэлтэй болов. Тэмүүлэнгийн хөлийн шарх эдгээгүй тул усанд орох хориотой. Тиймээс биднийг дээрээс хараад суух үүрэгтэй үлдэв. Бид гурав бассейнд орлоо. Бөмбүүлэй, Батхишиг хоёр намайг сэлж сургах гэж зөндөө л зөвлөлгөө өгөв. Өмнө нь хоёр удаа ирж бас ч нэлээд зүгширлээ гэж бодсон чинь бүр байдаггүй ээ. Хүн чинь дахин дахин хийх тусмаа дадлагажидаг байхад би эсрэг үр дүн үзүүлж эхлэв.
-Та сэлж сурах нь уу гэж арга ядсан байдалтай Бөмбүүлэй асууж байна.
-Чадна аа. Заавал сурна гэж би хульчгардуухан хариулав.
Тэндээсээ гарч бид дөрөв гэрийн хажуугийн Их дэлгүүрийн гурван давхарт хооллов. Тэнд Батжаргал бил хоёр бас хооллож байсан билээ.
-Чиний сургууль хол юм байна.
-Харин тийм ээ. Сургуулийн автобусаар цаг явдаг. Машинаар бол гайгүй ээ.
-Одоо хэдэн хэлтэй болж байна.
-Дөрөв. Орос, англи, польш, монгол.
-Танай сургууль ямар хэлээр хичээлээ үздэг юм.
-Англиар.
Бөмбүүлэй бид хоёр ийн ярьж явав.
-Тэмүүлэн хэдэн хэлтэй болж байна.
-Орос, польш, англи, монгол. Одоо франц хэл үзэж байгаа. Тэгэхээр тав.
Тэмүүлэнийн яриаг залгуулж Бөмбүүлэй:
-Ээж зөв ажилласан байгаа юм. Намайг эхлээд орос сургуульд оруулсан. Суурь сайтай болсон учраас бусад хэлийг амархан сурсан. Грек хэл гоё тийм ээ гэж хэмж хэлэв.
Батжаргалын охин нь 17, хүү 14 настай. Цаашдаа мөн ч их юм сурна даа. Батхишиг тэр хоёрыг хүргэхээр явж би гэрийн зүг ганцаар алхав.

2009.04.29. Лхагва гариг

No comments:

Post a Comment