Онхи танхийн тухай зургаан зурвас

Ү. ХҮРЭЛБААТАР
ОНХИ ТАНХИЙН ТУХАЙ ЗУРГААН ЗУРВАС
НЭГ.
Жаргалын Барамсай хэмээх цав цагаан сэтгэл, ёж ухаан хослуулсан онги, танхи эрхэмтэй далаад оны сүүлчээр Улаанбаатар хотын захиргааны баруухан талд хэсэг хүмүүстэй сүрэглэн зогсч байхтай нь анх таарсан билээ. Жанжин Сүхийн хөшөө тэр үед хамгийн сүрлэг нь байсан бөгөөд хонгор халзан морины хонго тал нь нарны гэрэлд туяаран байсныг бодоход ажил тарж байсан цаг байх.

Нэг тэгжгэр залуу “Энэ шог зохиолчдын малгай нь хүртэл левомецины өнгөтэй байх юм” гэх. Үнэхээр тэр дунд шавилгахан биетэй шоволзсон шар залуу шар бреткин малгай духдуулж, гартаа тал шил архи барьсан зогсох бөгөөд тэрбээр мөнөөх залуугийн үгийг газар унагалгүй тосон авч “Хог зохиолч уу, шог зохиолч уу харж бай” гэх зуур нөгөөхөө хэд сүрхий зайлан эгэлдүүлснээ тэр чигт нь тонгойлгож орхив. Хор шар хосолсон тэр омголон залуу хожимын нэрт шог зохиолч Ж. Барамсай байсан юм. Миний анх харсан нь тэр бөлгөө.

Хоёр.

1981 оны урь орсон хавар цаг байсан санагдана. Барамсай маань намайг утсаар дуудав. Дуу хоолой нь цээлхэн бөгөөд нэг л ажил хэрэгч шинжтэй. Тэгээд л зааж зааварласнаар нь тэр үеийн гангар дэгжин байшингуудтай 12 дугаар хорооллын сэргэлэн сайхан дэнжид хүрч очив. 48 дугаар сургуулийн баруун талын 28 дугаар байрны гурван давхрын 54 тоот хоёр өрөөнд зохиолч Жаргалын Барамсай айл гэр болон аж төрөн суудаг юмсанж. Гэртээ ганцаараа байж байна. Эхнэр хүүхэд нь тэр өдөр юунд ч гэлээ юманд явсан гэнэ. Тэр үед миний бие ганц нэг шүүмж хэвлүүлчихсэн явсан үе. Шүүмжлэгч, шог зохиолч хоёр нэг тэрэгний хоёр дугуй мэт санагдаж байсан тул бид хоёрын яриа хөөрөө яв цав нийлэх бөгөөд тэр шөнө шавайгаа ханатлаа ярьж нэг орон дээр тэврэлдэн хонов.
Нэлээд оройхон нэг бүсгүй утсаар хэд дахин залгав. “Гэрэл гэнэ үү, яруу найрагч гэнэ. Чи таних уу” гэж надаас асууж байна. Би танихгүй гэлээ. Сүүлийн яриа нэлээд уртасч “Утсаар яриад хүүхэдтэй болчихвол яана аа гэнээ” гэж тас тас инээж байна. Барамсай маань шог, хошин зохиолын санааг ийнхүү хаанаас л бол хаанаас алтан загас шүүрдэх мэт олж авдаг байсан. Түүний нэг нь энэ. Хожим нь миний ярьсан шинэ даргаа ширүүхэн шүүмжилж нэр олж авах гээд өөрөө баларсан овилгогүй нэгний тухай ярихад дараахан нь “Шөргөн гал” хэмээх өгүүллэг бичээд нийтлүүлсэн байж билээ.
Ж. Барамсай “Хэцүү урилга” анхны номоо хэвлүүлээд удаагүй, дараагийн номоо хэвлэлд бэлтгэчихсэн, гагцхүү нэрэн дээрээ эргэлзчихсэн байсан юм билээ. Тэр шөнө бид хоёрын гол зорилго шинэ номын нэр олох явдал байв. Барамсай “Бичигт хад” гэсэн нэрэндээ дуртай байв. Тэр нь төрсөн нутгийнх нь нэр байсан байх. Би түүнд “Ийм сайхан нэрээ хадгалах хэрэгтэй. Шилмэл түүврээ гаргахдаа л хэрэглэхгүй юу” гэж зөвлөж байсан санагдана. Тэгээд тэр үед олон нийтийн санаа бодлыг танин мэдэх, санал цуглуулах өвөрмөц хэрэгсэл болж байсан “Санал гомдлын дэвтэр” нэрийг сонгосон билээ. Алдаагүй байх аа.

Гурав.

Донровын Намдаг багшийн гэрийн сургуульд шавилсан цорын ганц шог зохиолч бол Ж. Барамсай байсан юм. Хувь заяаны эргэлтээр бид хоёр нэг багшийн шавь нар болов. На багшийн шууд санаачлагаар тоглогдож байсан “Хонгор зул” хамтлагийн хамаг уран бүтээлийг Барамсай туурвиж байв. Хошин шогийн энэ хамтлагийг Намдаг багш маань чин сэтгэлээсээ дэмжиж “Энэ сатирийн театр болно. Тэгээд миний нэрэмжит болно, мөн үү” гэдэг байсансан.
Барамсайн авьяасыг багш маань ихэд үнэлж “Энэ юм болно” гэдэг, тэгэхдээ хошин шогийн авьяас гэдэг авьяасын авьяас юм гэж хэлдэг байсан юм. Барамсай ч На багшийг их шүтнэ. Намдаг багшийн насан хэвийх сүүлийн өдрүүдэд Барамсай дэргэдээс нь салаагүй юм. Тэгээд бид хоёр хамтдаа сууж “Эхийн сэтгэлээр бичсэн минь үнэн” хэмээх хөшөөний үгийг бичиж билээ. Оролмаа эхийн үгийн “хэлсэн” гэдгийг л “бичсэн” болгоод тэр хэвээр нь авсан хэрэг л дээ. Тэр тухайгаа юун дээр ч билээ Барамсай маань дурсан бичсэн байдаг. Д. Намдаг багшийн шавь болсон нь Барамсайг театрын тайз руу эргэлтгүй татсан бөгөөд түүний бичсэн жижиг үзэгдлүүд дэндүү тасархай байдаг байсан. Барамсайн шог, хошин өгүүллэгүүд нь шимтэй, цаанаа л нэг мөлчүүртэй, ил далд утгын огтлолцол болдог байсан нь Намдаг багшийн “драм”-ын тусгал мөнөөс мөн бөгөөд өдийд сэрүүн тунх байсан бол хошин шогийн энэ олон прадакшнуудын урын сан улам төгөлдөршиж, улсын хэмжээний том хошин шогийн театр байгуулагдчих байсан байх.

Дөрөв.

Барамсай маань ер бусын “хор малтагч” байсан. Юмыг заавал давхар хальсанд боож түүнээ байцааны навч хуулах мэт нэг нэгээр нээх бөгөөд тэр нь яв явсаар байцааны цагаан гол болдог шиг ёж санаагаа хурааж авдаг байсан юм. “Орчин цагийн алтан загасны үлгэр” ийм л аргачлалаар бичигдсэн. Тэр үед “Үнэн” сонин тэргүүн өгүүлэлдээ түүнийг этгээд үгийг түгээн дэлгэрүүлэгч хэмээн навс шүүмжилж байсан. Харин ч үр дүн нь эсэргээрээ эргэж монгол хэлийг мохоо болгож байсан гаж этгээд үгс лааны сүүлийн гэрэл мэт бадамлаад арилсан юм.
Барамсай маань албан ажлынхаа ширээн дээр бичгийн цаасыг босоогоор нь хувааж үдээд босоогоор нь тавьчихсан байдаг байсан. Түүнд татлан бичсэн хошин шогийн дүүрэн санаа чихэлдэн байдагсан. Тэгээд л түүнээсээ уншиж “энэ ямрав” гэнэ. Надад бол дандаа л боловсорчихсон санаанууд шиг бодогддог байв. Төдий л удалгүй тоглоом шоглоом шиг хэлж байсан үгс нь “Тоглоом шоглоом”, “Миний талд ороогүй хүмүүс”, “Цагаан сүүдэр” ч гэдэг юм уу ном болчихсон байдаг байв. Ер нь хурдтай бичнэ л дээ.

Тав.

Манайх, тэднийх хоёр ерээд оны эхэнд айлсав. 13 дугаар хорооллын гурван өндрийн дундахад тэднийх орсон бөгөөд чанх урдах 5 дугаар байранд манайх байдаг байв. Барамсайнх 6 давхарт, манайх бас 6 давхар тул цонхоор бие биенээ харахад төвөггүй. Барамсай манайх 13-ын 13 гэнэ. Гэр нь 13 тоот юм байна л даа. Манай эхнэр намайг сонжиж “Барамсай гал тогооноосоо салахгүй юм. Чи гал тогоондоо ганц ч орохгүй юм” гэнэ. Би тэгэхээр нь “Барамсай хоол хийж байгаа биш хоол эргүүлж байхгүй юу” гэж хариу барина.
Нэг өдөр 4 дүгээр байрны баруун хойт талын подвал дахь дэлгүүрт ортол Барамсай маань худалдагч хийчихсэн зогсч байх юм. Царай нь гундуухан ч намайг хараад хань татах мэт болж хайр хүрмээр нэг сайхан инээмсэглэв. Худалдан авагч гээд байхаар хүн бараг үгүй тул бид хоёр удтал ярилцав. Уран бүтээлийн тухай асуухад “шог зохиолч бус хог зохиолч болсон” гэж мушийв. Ардчиллын шуурган жилүүдэд шударга сэтгүүлчийн туг болон намирч, ардчилсан үндсэн хуулийг батлалцаж явсан энэ эрхэм газрын давхарт ганзагаар ирсэн дэл сум юмыг зарч зогсох нь яав ч зохисонгүй. Тэгээд л би “Улаанбаатар” сонинд сурвалжлагчаар тэр дор нь томилж маргааш ажилдаа ор гэж эр бар хэлэв. Сонины ерөнхий эрхлэгчийн шийдвэрийг хэн л эсэргүүцэв гэж. Ийнхүү Ж. Барамсай 1996 оны сүүлчээр сэтгүүлчийнхээ дуртай ажлаа манайд үргэлжлүүлж хурц сайхан нийтлэл олныг бичиж шуугиулж явлаа.
1997 оны цагаан сараар би гэрт нь очиж золгов. Хүрэн улаан дээлээ хагас сугалдаргалчихсан халамцуухан сууснаа намайг ороход дэвхийн босч “Эрхлэгч ирлээ” хэмээн сүйд болж билээ. Энгэрт нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ганцаараа ланхайж байвч одон нь Барамсайг бус Барамсай одонг чимж байж билээ. Золгуутаар ирсэн залуу голдуу улсад намайг ихэд магтан дээдэлж үгийн сайхнаар харамгүй зочилж байсансан.

Зургаа.

Нэг өдөр их барзгар царайтай хаалгаар шагайснаа хав хийн хаагаад чимээгүй болчихов. Айхгүй ч гэсэн аягүй гэсэн үг бий л дээ. Би жаахан азнаснаа өрөө рүү нь утасдаж “Ороод ир” гэж дуудлаа. Хөөрхий минь нэг их гэм хийчихсэн амьтан шиг миний нүд агнан харсаар орж ирэв. Би юм ч хэлсэнгүй ширээнээсээ нэг шил юм гаргаад аяганы баганх тал хийж дуугүйхэн сарвайв. “Ёох, ингэж айлгах гэж. Би өрөөнийхөндөө эрхлэгчдэд баригдчихлаа гэж хэлээд гараад ирсэн” гэж хүүхэд шиг толгойгоо илж билээ. Тэр тухай мөн ч олон хүнд ярьсан байдаг.
Барамсай маань сэтгүүлчдийг хамгаалсан нэг сайхан нийтлэл бичиж шударга үнэний төлөө монголын сэтгүүлчид саарал ордон руу үзгээ шидэцгээе хэмээн уриалж байсан. Надад бол хир халдаахгүй. Ер нь бичсэн бүхэн нь хүнд хүрнэ. Өөрийн шүтэн бишрэгчтэй дуучин шиг өөрийн шүтэн бишрэгч уншигчтай сэтгүүлч байсан юм. Тэр хэрээрээ “Улаанбаатар” сонины нийтлэлийг бодлогод үлэмж нөлөө үзүүлж сонины захиалгын тоо, нэр хүндийг зад өргөж билээ.
Найз маань сүүлийн үед ажилдаа нэг л ирэн очин болчихов. Асуухаар зүгээр л гэнэ. Жаахан юм бичээд, биеэ үзүүлээд гэхчилэн тайвшруулах зүйл хэлнэ. Би түүнийг цаг үгийн сурвалжлага энэ тэрд хэрийн явуулахгүй. “За хөө час хийсэн юм хийгээрэй” гээд жолоо цулбуурыг нь эвхээд тавьчихдаг байсан юм. Гэтэл хаврын хавсрагатай хэдэн өдөр ажилдаа ирсэнгүй. Тэгээд л үүл хуйсгануулж, үнэнийг үлдээгээд Барамсай маань “Хэнд ч хэлээгүй нууц”-аа тэврэн тэнгэр болчихсон байж билээ. Түүний нэгэн цагт танилдаа хэлж тэмдэглэлийн дэвтэрт нь бичүүлсэн “Энэ орчлонд би эхийн сэтгэлээс бусдыг шоолно” гэсэн үгийг хөшөөнд нь бичүүлэхээр сонгосныг дэмжин суухдаа Намдаг багшийгаа эрхгүй дурсаж байв аа.
Жаргалын Барамсай хэмээх цав цагаан сэтгэл, ёж ухаан хослуулсан онги, танхи эрхэмийг ерээд оны сүүлчээр хамгийн сүүлийн удаа харсан нь тэр бөлгөө.

No comments:

Post a Comment