Варшавын өдрүүд: Хааны цэцэрлэг

Бөмбүүлэй замд бууж Батжаргал, Батхишиг бид гурав Хааны цэцэрлэгт очив. 1998 онд Батжаргалтай хамт энд ирж байсан тул танил санагдаж байлаа. Гэвч үзсэнээсээ илүү үзээгүй нь их, санахаасаа илүү мартагдсан нь их байв. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд Хааны цэцэрлэг аль хэдийн ногоорч цэцгийн хүрээлэнд умбаж байлаа.

Варшавын өдрүүд: Хааны цэцэрлэг

Бөмбүүлэй замд бууж Батжаргал, Батхишиг бид гурав Хааны цэцэрлэгт очив. 1998 онд Батжаргалтай хамт энд ирж байсан тул танил санагдаж байлаа. Гэвч үзсэнээсээ илүү үзээгүй нь их, санахаасаа илүү мартагдсан нь их байв. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд Хааны цэцэрлэг аль хэдийн ногоорч цэцгийн хүрээлэнд умбаж байлаа.
-Зун болжээ гэж би дуу алдав.
-Энэ жил хавар болж өгөхгүй байна. Хүйтэн гэж Батжаргал хэлэв.
-Сая намайг гардгийн урд шөнө монголд цас орсон. Саяын хэдэн өдөр говийн нутгаар цасан шуурга тавьж сүйд хийх шиг боллоо гэж би нэмж хэлэв.
Монголтой харьцуулахад зун болж, Варшавын хавартай харьцуулахад хавар жинхэнэ утгаараа ирээгүй нь үнэн байлаа. Гүймэг хөнгөн салхи сэвэлзэж цаанаа л жихүүн янзтай. Надад бол дан байг гэхэд давхар цамцтай явах өдөр байна. Хүмүүс хувцсаа хөнгөлсөн боловч цув цуухтай хүн ер харагдсангүй.
-Өдийд Варшавынхан бараг шалдан нүцгэн шахуу явдаг. Энэ жил тийм биш байна гэж Батхишиг Батжаргалын хэлснийг батлах мэт хэлэв.
Бид гурав хамгийн түрүүнд Henryk Siennkiewicz яруу найрагчийн хөшөөнд очив. Польшийн нэрт яруу найрагчийг мэдэхгүй хүн үгүй бөгөөд явагсад голдуу л зогсч хүндлэх нь үзэгдэнэ. Үүд хавьцаа байх тул тэнд төдий л удсангүй цаашилж Шопенийн хөшөөнд хүрэв. Алдарт хөгжмийн зохиолч Шопений сүрлэг сайхан хөшөө цогцолбор болон сүндэрлэж байна. Хөшөө өөрөө аварга том бөгөөд түүний өмнө үлэмж том усан оргилуур үзэгдэнэ. Эдүгээ ус үгүй, хоосон байх нь “хавар болж өгөхгүй” байгааг илэрхийлнэ. Эргэн тойронд нь ширдэг шиг ногоон нимгэн зүлэг хивс мэт зуларна. Хөшөөний ард өндөр модод ургасан нь байгалийн аравч мэт тансагхан. Усан оргилуурын өмнө тал тэр аяараа хүмүүсийн ая тухад зориулагдсан байх бөгөөд хоорондоо сийрэг зайтай тавьсан хүрэн дэрэвгэр сандлууд бүгд хүнтэй үзэгдэнэ. Сандлуудын хооронд дөрвөлжлөн зассан хар хөрст талбайд сарнайн хүрэн болцуут ногоон шилбэт иш суулгасан нь дэлбээлж амжаагүй байна.
Би хөшөөний зүүн урд талын сандалд суув. Хамгийн сайхан харагдах байрлал нь энэ санагдаж байв. Харах тусам бөөн эрчим хүч бадарч байгаа мэт болох юм. “Тэр харц, тэр баруун гарын нь эрхий, долоовор хурууг хараа” гэж өөртөө шивнэж суулаа. Хөшөөг урлаачид Шопений цоглог, эрчимлэг аялгуунд нэгэнтээ хөглөгдөж, түүний нэгэн эгшинг хөшөө болгон “царцаахад” энэхүү зохиомжийг сонгосон бололтой. Түүний баруун өвдгийг түшин үл ялиг урагш тэмүүлэн өндийсөн аварга том модны чилгэр нурууны мөчир намираа борооны усан хөшиг мэт арагш пансарч хун шувуу, аварга матар, үрт жимс мэт түмэн дүрст хувилан зүмбэрлэх бөгөөд тэр нь Шопенийн бие, толгой дээгүүр ид шидэт нөмрөг мэт шүхэрлэжээ. Ажваас бодь модны дор бясалгал хийж буй Будда бурхны нэгэн хувилбар хөрөг мэт. Буддагийн бясалгал төв амгалан, төгс гэгээрлийн утгыг илтгэх бол Шопенийн бясалгал бурхны өгөгдөхүүнийг ая тан болгон амжин буулгах гэсэн уран бүтээлчийн шидэт долгисын зураглал болсон байна.
Шопений гар, нүд, чих гурав нэгэн цэгт төвлөрч тэр нь аялгуут утсаар холбогдсон нь мэдрэгдэж байв. Би тэсэлгүй Шопений харц тунасан яг тэр цэгт нь очиж зогсоход ер бусын эрчим хацрын шар үс ирвэгнүүлэн өнгөрөх шиг болов. Мэдээж Шопений цоо ширтэх тэр газарт эрчимлэг, тансаг аялгуу байгалийн нот мэт тунарч, түүнийг нь төгөлдөр хуурын товчлуурт баруун гарын савхан гоолиг хурууд дамжуулж, сэтгэлийн мухарт чих хангинуулан аялгуу эгшиглэсэн байж таарна. Зүүн гар зүүн өвдгөн дээр, хоёр хөл модны хэмнэлээр ялигүй урагш тэмүүлэн зэрэгцсэн, мөрний арын нөмрөг мөчрийн үзүүрт үнсэлдэж намирсан, үс нь хүртэл долгионтсон зэрэг нь надад нэг л бадрангуй санагдана.
Хөшөө бүхэлдээ хүрлэн хөхөмдөг саарал өнгөтэй, ажвал хүрлийн байван мэт ногоовтор туяа нугалаа зуравсуудаас солонгорно. Суурь нь зэсэн шаргал өнгөтэй бөгөөд барьж үзэхэд зүгээр л шороон хавтанг өнгө оруулсан төдий байлаа. “Энэ суурийг Эрдэнэтийн зэсээр өнгөлөхсөн” гэх бодол зурвасхийв. Элчин санаачилж ийм юм хийвэл Польшийн ард түмэн үеийн үед Шопентай хамт дурсах болно. Ер нь Шопен Польшид төрсөн болохоос дэлхийн хүн. Тиймээс монголчууд яагаад дурсгалд нь хувь нэмрээ оруулж болдохгүй гэж. “Хөшөөний суурийг монголчуудын хөрөнгөөр зэс болгов” гэсэн үг уг хөшөөг 1946.X.17-д барьж байгуулж, 1958.5.11-нд олон нийтийн сангаас санхүүжүүлж сэргээн засварласан тухай бичсэнтэй зэрэгцэн байвал ямар догь вэ”. Би ингэж бодож явав. Бас Балхжавыгаа дурсаж байв. Балхаа маань Польшид сурч байхдаа Шопений хөшөөн дээр олонтаа ирж, юу гэж бодож явсан бол. Уран бүтээлийн ухарч няцашгүй тэмүүлийг эндээс мөнгөн бороо мэт хүртэж явсан нь гарцаагүй.
Бид тэнд нэлээд сууж амраад Хааны ордонд хүрэв. Дөрвөн баганат үүд бүхий хоёр давхар шаргал байшин дээрээ олон суутнуудын хөшөө дээдэлчихсэн налайж байна. Үүдэнд нь утас татаж харуулын бололтой хүн зогсох нь дотогш оруулахгүй байгаа бололтой. Байшингийн баруун урд багавтархан хөшөө тойруулж улаан цагаан хосолсон намхан ишт үзэсгэлэнт цэцгийг дагнан тарьсан байх бөгөөд тэнд хөх цэнхэр солонгон хүзүүт эр тогос өд сөдөө цэвэрлэн тансаглах нь олон ч хүний зургийн хальсанд бууж байна. Тээр жил харахад урт мулзан хүзүүтэй онцгүй бор амьтан харагдаж байсан. Гэтэл тийм бус, үнэхээр үзэсгэлэнт шувуу ажээ. Эм нь охор сүүлтэй, дагзан дээрээ сөөвгөр хэдэн өдтэй тийм цулдан бор юм байдаг юм байна. “Шувууны эм нь онцгүй, эр нь үзэсгэлэнтэй байдаг” гэж нэг нь хэлэв. Нээрээ нугас гэхэд бас тийм юм байна. Эм нь эржгэр бор, харин эр нь тагтаан саарал, бас судалтай. Завины дэргэд ганц бор эм нугасыг дагаж арван хоёр эр нугас “найрч” байгаа харагдана. Эм нугастай хамгийн ойр сэлэх гэж хэрэндээ өөр хоорондоо өрсөлдөх нь өхөөрдмөөр. Эм шувууны анхаарлыг татах биологийн дохиолол нь эр шувууны өнгө зүс нэн чухал болох нь илэрхий. Бурхан багш тийм болохоор эр тогосыг бүтээсэн бололтой.
-Эр тогос элбэг байх юм. Эм нь цөөхөн байдаг уу гэж намайг асуухад
-Эм нь олон. Нэг газар бөөнөөрөө яваа байх гэж Батхишиг хэлэв.
Нээрээ тийм байлаа. Гэвч эм тогосыг сонирхож байгаа хүн цөөн. Харин эр тогосыг хүүхэд, хөгшидгүй шохоорхоно. Үнэхээр сайхан амьтан юм аа. Өдөт сүүл нь ертөнцийн гайхамшиг. Түүнд энэ орчлонгийн бүхий л сайхан өнгө солонгон хувилбараараа нэгдэж ер бусын тансаглалыг бүтээжээ. Ийм өнгөний иж бүрдэл эм тогосыг бүү хэл эр хүнийг ч уяраамаар. Түүнийг амьдаар нь, бодитойгоор нь харж гэмээ нь сая ухаарна. Ер нь “тогосын өдийг бодит байдалтай нь адил зурсан зураач ер үгүй, тэр ч байтугай гэрэл зургийн хальс дутуу буулгадаг юм байна” гэж би бодож явав. Ертөнцөд будгийн өнгөд шингээгүй өнгө бас байдаг юм байна. Ийм сайхан өдтэй амьтан алхаа нь намбалаг, толгой хүзүү нь өндөр атал дуу нь хахир муухай юм аа. Үе үе “гийеэ” хэмээн хүүхдийн цангинасан шингэн хоолой хахир харир татаж байсан нь тогосын дуу болохыг мэдээд сонирхол буурав. “Эр тогост алтан гургалдайн хоолой заяагаагүй нь ертөнцийн гурван дутуугийн нэг ч байж магадгүй. Тэгш, төгөлдөр бусын хууль энд үйлчилж ч байж болох”. Би ингэж бодоод тогосын өдийг нь бус толгойг нь ажиглав. Хөх цэнхэр урт хүзүүнд багадсан юм шиг “тахиан толгой”-д хурц нүд огцом огцом анивчих бөгөөд толгойн араас салаалан өндийсөн өдний үзүүр молцоглон цацарчээ. Нүдний нь ард шар зурвас сар мэт тахиралдана. Эржигэр бор далавч нь ногоовтор туяат их биеийг халхлан хом аятай хоёр бөөрөнд нь “наалдаастай”.
-Талхыг булаацалдаад иддэгсэн. Цатгалан байгаа юм байх даа гэж Батжаргал хэлж байна. Үнэхээр шидэж өгсөн талхыг үл тоон ихэмсэглэнэ. Тэр тогос хайс давж цэцэгт ногоон зүлгэн дээр цэмцэгнэн хэвтээд урд байгаа навчийг залхуутайяа ганц тоншин сэгсрээд идэхчээ аядав. Би шувуу ногоо идэж байхыг гайхан харсан боловч тогос юу иддэгийг лавлан асуусангүй.
Хааны ордны өмнөх нуурын эрэг, гүүрийн дээрээс загасанд талх шидэж хэсэг зогсов. Ус хар хүрэнтэж булингартсан байх тул гүний загас үл харагдах бөгөөд усанд хөвөх талхны үртсийг “хоп” хийн үсэрч үмхэхэд тод үзэгдэнэ. Загас багтаж ядах мэт олон бололтой. Хүмүүсийн шидсэн талх голдуу зүйл рүү сүрэглэн дайрахыг үзэхэд усны мандал хүрэнтэн бараантана. Олон загасны нуруу тэгж харагдана. Хоёр урт сөвгөр сахалтай хавтгай амт жижиг загас том талхны буланг үмхэж чадахгүй хөөн мунгинах нь инээдтэй. Харин хагас алд хэрийн том загас ганцхан “хап” хийгээд шумбан алга болно. Нуурын усанд сом, карп загас их байдаг гэнэ.
-Энэ карп загас баярын ширээн дээр байдаг том загас мөн үү гэж Батхишигийг асуухад Батжаргал:
-Тийм гэж хариулаад надад баярын үеэр худалдагч нар том акуарумд хийж карп загасыг амьдаар нь зардаг тухай хуучлав. Манайхаар бол хонины шинэ ууц тавихтай адил бололтой.
Хааны ордын өмнөх нууранд бяцхан завиар хүмүүс зугаална. Тийм үйлчилгээ байдаг бололтой. Завины хоёр эгнээ суудалд 5-6 хүн суух юм. Завины эзний нуурын ероолд тулж урагшлах тулгуураар багцаалбал нуурын гүн хоёр метрээс хол хэтрэхгүй дэг ээ. Завьтай цуг тагтаан өнгөтэй, нуруундаа хар судалт эр нугас хөвнө. Зарим нь нуурын толионд бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг үе үе үзэгдэх шаргал тавцан дээр үүрэглэн сууна. Шувуудын амрах бяцхан дугуй “арал”-ыг хүртэл тооцоолсоос үзэхэд хааны цэцэрлэг бүхэлдээ хүн, амьтны диваажин ажээ.
Хааны ордны өмнөх талбайд байх нэг сонин үзмэр нь чулуун суурин дээр байрлуулсан наран цаг юм. Гэрийн буйр шиг дув дугуй чулууг орчин үеийн цагны хуваариар хэсэгчилэн хувааж ромбоор тоо тавьсан байх бөгөөд тэг голд нь их гарын төгөлдөх хуурын таг шиг хэлбэрт зэс төмөр байрлуулжээ. Түүний сүүдрээр наран цаг “ажилладаг” байна. 1786 онд Анно Домин гэгчийн тооцоолон урласан энэ цагийг мөнхийн цаг гэлтэй. Яг ийм зарчмаар хааны цэцэрлэгийн нэгэн буйд зайнд бас нэг чулуун цаг хийсэн байв. Харин голд нь ороонгоны эвэр шиг булцуут хурц үзүүрт төмөр шигтгэжээ.
-Манайд ийм үхэр чулуу бишгүйдээ бий дээ
-Хүний санаа, санаачилга л дутаж байна.
Бид ийн ярилцав. Хөдөө бага нас бодогдоод явчихав. Хааяа хонинд явна. Говийн нар хөлийн таваг улайстал хална. Ам ангана. Гэртээ хурдан харихын түүс болно. Тэгээд л элсэн дээр дэрс хатгаж наран цаг харна. Бид ингэж л өссөн. Гэтэл бидний багадаа хэрэглэж явсан наран цаг энд элсэн дээр бус чулуун дээр байж байна. Харин Улаанбаатарт маань байгаасан бил үү. Үгүй дээ.
Бид явсаар концертийн их танхимд очив. Танхим гэдэг нь тэр аяараа байгалийн зохиомжтой юм. Дээвэр нь хөх тэнгэр, тайз нь усан дээрх арал, суудал нь эх газрын давхраат үелсэн толгод юм. Надад ингэж л харагдав. Хоёр талдаа найм, найман чулуун багана бүхий тайзны урд хоёр үзүүрт том хэрмэн ханан хаалга босгожээ. Зүүн талын бахим хаалганы өмнө чулуун арслан хэвтэж толгойгоо цонгойлгон өргөсөн бол баруун талынхад нь гүүр хийсэн нь эх газар, арал болон үзэгч тайз хоёрыг холбожээ. Тайз зүүн тийшээ харсан байх бөгөөд мэдээж түүнийг эсрэгцүүлэн үзэгчийн суудлыг тав таван эгнээгээр гурав үелж засчээ. Энд Польш дахь монголчуудын энэ жилийн үндэсний баярын өдөрлөг наадмын концертийг тоглуулах юм байна. Хааны цэцэрлэгт Шопений нэрэмжит Олон улсын хөгжмийн наадам болдог тул монголчуудын үндэсний баярт зориулсан концерт энд болох нь бас ч тохиолдлын зүйл бололтой.
Хааны цэцэрлэгт хүрээлэнгийн хийморь болсон амьтан нь хэрэм юм. Түүн дээр хэдэн сайхан буга согоо нэмчихвэл ч гараад өгнө л дөө. Хэрэм бол өхөөрдөм амьтан юм. Соотон чих, тормон нүд, цайвар энгэртэй хүрэн хэрэм мод дамжин дүүлэхийн зэрэгцээ газраар туулайчлан дэвхэрч цахилах агаад үе үе зогсосхийж хойт хөл дээрээ суун өндийж эргэн тойрноо хараачлах нь эгдүүтэй хөөрхөн. Хүмүүсийн гараас самрын боргоцойг залбирах мэт гуйх мөртөө аливхийн шүүрэн аваад шалавхийн эргэж хэд дэгдсэнээ газар ухан булах буюу эсвэл тэр дороо хурц хоёр үүдэн шүдээрээ сурмаг гэгч цөмөн бувар бувар иднэ.
-Газар булсан хэдэн зуун самраа дараа нь яг олдог гэж Батжаргал хэлэв.
-Нээрээ тийм гэнэ лээ гэж Батхишиг баталж байна.
Тэр зуур монголын ой тайгын олон хэрэм хэрхэн үрэгдэж байгаа тухай гунигт бодол төрөв. Хөвч тайгад хэдэн зуугаараа самарчид гарч, бүүр тайгын гүнд самар цайруулах хятадын машин суурилуулж, тэр байтугай цөмж, хотод авчран савлаж урд хөрш рүү мөн ч олон жил зөөлөө. Хэдийгээр сүүлийн хэдэн жил хил гааль дээр хориг саад тавьсан боловч саяхан телевизээр хэдэн арван тонноор нь шуудайлж хураасан цайруулсан самрыг үзүүлж байгаагаас үзэхэд самрын бизнес зогсоогүй нь илт. Тэр тоолонд хөөрхий муу хэдэн хэрэм сүйрч байгаа. Үүр үүцээ ухуулж өвлийн хүнсэнд хураасан самраа алдаад шидмэс томж боож үхсэн хэрмийн явдал домог биш бодит байдал болоод удаж байна. Хятадууд хэрэмний арьс өндөр үнээр авч хядуулсан нь үнэн хэрэгтээ боож үхсэн хэрмийн дүр зургийг хагаслаж, хугаслах гэснээс л үүдсэн хэрэг.
Хааны цэцэрэлгийн ногоон байгууламжийн талаар ярих юм даанч алга, гайхалтай. Олон төрөл зүйл бүхий ногоон модод бие биеэ дэрлэн битүү бүрхсэн байх агаад ширмэл ширдэг мэт номин ногоон зүлэг газар хөглөрч шар, хөх, улаан цэцэг нүд аргадан алаглана. Бас хар хөх, хүрэн том далбагар навчис хаа сайгүй, гэхдээ үзэмж хээ мэт дэглэгдэн ургажээ. Аварга том модод хаа сайгүй хүглийнэ. Нэг том хүрэн навчит мод бусдаас онцгой харагдана. Түүний диаметр лавтайяа 20 метр орчим байх. Ёроолын гол хэсэг нь хонхойн алга болсон аварга моддын зарим салааг тайрсан, түүний үзүүрт модны хөх саарал ур уруугаа харан ургасан нь таарч байв. Нарийхан “олс” мэт мөчрөө доош гүвэн уруугаа ургасан модод ч байна. Цэцэг бол бүр ч онцгой. Үүдэнд оруут их таван хантын буурь шиг зүлгэн ногоон дугуйд сар хэлбэрээр байршуулан тарьсан хоёр төө хэрийн өндөр шилбэт тулпан хэмээх улаан судалт шар цэцгийг сарнай гэж андуурмаар. Сарнай бол янз янзаараа. Хамгийн сонирхолтой нь монголын ойд ургадаг шар, хөх, улаан, улаан хүрэн цэцгүүд зэрлэг байгалиараа юм шиг энд тэндгүй ургасан харагдана.
Бидний Хааны цэцэрлэгээс гарч явахад хуримын чандган цагаан даашинзтай бүсгүй, тас хар пиджактай хүүтэй хөтөлцөн орж байгаа харагдсан. Тэд хурим хийхийнхээ өмнө энэ мэт дурсгалт газруудад гэрэл зургаа татуулж хурим дээрээ зочиддоо гэрэл зургийн цомог болгон бэлэглэдэг уламжлалтай юм гэнэ. Манайд тэгж яагаад болохгүй гэж.

2009.04.26. Ням гариг

No comments:

Post a Comment