Хаянхярваа “Халх голын марш”хоёр давхцсан өдөр

2009.07.30. Пүрэв гариг

Хаянхярваа “Халх голын марш”хоёр давхцсан өдөр

Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч, судлаач П. Хаянхярваатай уулзах гэж “Наран туул” захын урд замаар давхив. Яг 11 цагт Офицеруудын ордонд хүрч Дандар баатарын морьт хөшөөний баруун талаар шурхийж дотогш ороод нэг давхарт байрлах “Ахмадын хороо” гэх өрөөнд очив. Хаалга онгорхой байх атал хүнгүй. Зэргэцүүлэн тавьсан хоёр ширээний хойнох мухар ширээн дээр хар савхин цүнхний дээр саравчтай цагаан малгай байх нь түүний байгааг илтгэнэ. Би хаалганы дэргэд хүлээв. Нэлээд хэдэн минут болох шиг болов. Гэтэл Хаянхярваа хурандаа “00”-ын өрөөнөөс баруун гартаа таяг, зүүн гартаа дүүрэн устай сав барьчихсан гарч ирдэг юм байна. Угийн шавилгахан хүн бүр божин бор өвгөн болчихсон мөжиг мөжиг алхангаа бас намайг харж инээхчээн аядаад “Ирчихэв үү” гэж байна. Би урдаас нь тосч устай ус буцлагагчийг нь авч өрөөнд нь түрүүлэн орж, түүний заавраар цонхны тавцанд байх суурь дээр нь авчирч тавив. Тэр хооронд П. Хаянхярваа Цэргийн дуу бүжгийн чуулгын нэвтэрхий толийг хийж байгаа тухайгаа хэлээд авав. Түүнийг түүнээс өөр хэн ч хийх вэ дээ.
-Ялангуяа ансамбалийн дөчөөд оноос хойших түүхийг надаас өөр мэдэх хүнгүй болчихоод байна л даа. Миний үеийнхэн байхгүй болчихлоо. Би багаасаа цэргийн ансамбельтай ойрхон байсан хүн чинь хүнээ танина хэмээн П. Хаянхярваа ярьж байна.
Би түүнд “Халх голын марш” дууны шүлгээ үзүүлэв.
-Өчигдрөөс хойш бодоод л явлаа. Миний аав Халх голын ялалтын парадыг зохион байгуулалцаж байсан юм.
-Өө тийм үү. Ямар сайхан учрал вэ?
Бид хоёр ингэж хоёр биенээ сайхан сэтгэлээр тосч авлаа.
П. Хаянхярваа дууны шүлгийг эхнээс нь тэмтрэн унших шиг болов.
-Их сайхан санаа байна. Тэр ингэж хэлэв. Надад түүнээс илүү шагнал гэж юу байх билээ.
-Анхны парад яг хэдэнд болсон юм бэ?
-Халх голын ялалтын парадыг 1939 оны 10-р сарын хорьдиор хийсэн юм шиг байгаа юм. Судлаачид үндсэндээ 22-нд гэж тогтож байх шиг байна. Манай аав Цэргийн Ерөнхий сургуулийн хөгжмийн дарга, хошууч Банзарын Пүрэвжав гэж хүн байсан. Зөвлөлтийн талаас Монголын Армийн хөгжмийн бүх цэргийн байцаагч, одоогоор бол Армийн хөгжмийн албаны дарга Роман Решетняк гэдэг хурандаа байсан. Аав, Решетняк хурандаа хоёр Халх голын парадыг гардан зохион байгуулсан байгаа юм. Тэр үед манай ардын хөгжимчин цэргүүд цоохор цэрэг шиг янз бүрийн өмсгөлтэй формтой байж. Нэг өдөр бэлтгэл дууссаны орой Жуков жанжин тэр хоёрыг дуудаж “Маргааш өглөө гэхэд хөгжмийн цэргүүд жигд хувцастай гарахгүй бол та хоёрыг жагсаалын өмнө буудна” гэж хэлсэн гэнэ. Жанжины үг жанжны л үг шүү дээ. Одоогийн Сэлбийн гүүрний зүүн дор цэргийн бэдтгэлийн хувцасны агуулах байж (өдгөө оюутны хотхон). Тэнд тэр хоёр шөнөжин суугаад цэргүүдийнхээ хувцсыг жигдэлж. Тэр үед ямар чийдэн байх биш ил гал, лааны гэрэлд л хувцас хунарыг нь жигдэлж, янзалсан юм байх. Өглөө зургаан цагаас өмнө бэлэн болгоод гадаа гарч, тэр хоёр бие биенээ харж нэг хөхрөлдсөн гэдэг юм. Сонирхолтой нь тэр хоёрын нүүр хав халтар тортог болчихсон байж л дээ. Тэгээд биесээ шоолсон хэрэг.
- Жанжин юу гээ бол ?
- Жуков жанжин өглөө найман цаг жагсаалын бэлтгэлийг үзчихээд сайн ч гээгүй, муу ч гээгүй, юу ч хэлэлгүй явчихсан гэдэг. Юу ч хэлэх вэ дээ, үүрэг нь тэр юм чинь.
Түүнтэй ярилцаж суухдаа түүнийг ажиглаж байв. Явж байхдаа түүртэнгүй байсан хүн ширээнийхээ ард жолооны ард суусан шиг золбоотой харагдав. Хяранхярваа гуайн яриа нь цэгцтэй, алив үйл явдлыг нүдэнд харагдтал дүрслэн ярина. Ер нь яриа сайтай, хүнд итгүүлэх тал дээрээ гарамгай нэгэн л даа. Ганц нэг тааралдах төдийгөөс хэтрээгүй боловч би түүнтэй уулзах дуртай байдаг юм. Үгээр өвч хучигдсан түүний яриаг телевизийн нэвтрүүлгээс хар залуудаа олонтой сонсч ялангуяа хөгжмийн урлагийн онолын мэдлэгийг нь биширдэг байснаа саналаа. Хөгжим судлагч П. Хаянхярваа Монгол телевизээр хэдэн онд ч билээ дээ цуврал нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм.
Намайг бодлыг далайд ийнхүү хөвөх үед түүний өрөөнд хоёр ч хүн орж ирж яриа хөөрөө дэлгээд гарсан. Нэгийг нь Бүдсүрэнгийн Банзрагч гэх. Цэргийн чуулгын бүжгийн ноён нурууг нугалж байсан хүн гэнэ. Хаянхярваа гуай түүнийг “Манай цэргийн бүжгийн амилуулсан хүний нэг дээ” хэмээн магтаж байна. Дараагийн хүнийг Дашдондог гэх. ЗХУ-ын удирдагч Л. Брежневийг монголд ирэхэд хүндэт харуулын рапорт өгч байсан хүн юм байна. Тухайн үед сайхан эр байсан байж таарна. Одоо ч хуучин бууны хугархай гэсэндээ танагтай сайхан үзэгдэнэ.
Ардын жүжигчин П. Хаянхярваа ярианыхаа сэдвийг огцом өөрчлөв. Тэрээр:
-Чамайг ирнэ гэж сонсоод өчигдрөөс хойш нэг зүйлийг бодоод л байна. Хоёулаа нэг оперет хийе. Хошин дуурь шүү дээ. Ирэх жил 45 оны дайны 65 жилийн ой болно. Миний нэг ийм санаа байгаа юм. Үйл явдал нь 45 оны дайнд монголд олзлогдон ирсэн япон цэргийн нэг хүн байх юм аа. Тооцож үзвэл одоо 90-92 настай. Тэр үед энд байхдаа монголын тал нутагт сэтгэлтэй болсон. Бас сувилагч монгол бүсгүйд сэтгэлтэй болж. Гэтэл түүний хүү орчин үеийн монгол бүсгүйд дурласан байна. Үнэхээр 1946 онд Богд уулын Бумбатын аманд мод бэлтгэж асан япон цэргийн эмч Ватанабэ-надад, шураг гэгч тоглоом хийн өгсөн явдал буй. Ийм сюжетээр хошин аястай баймаар байна. 10-аад хуудас байхад болно. Диалоги нь хошин яриатай. Оперет чинь яриа, хөгжим, бүжиг гурав шүү дээ гэж байна.
-Ийм үйл явдал бараг бодит зүйл байсан байх аа. Хэдэн жилийн өмнө телевизээр ийм сэдвээр эрэн сурвалжлах нэвтрүүлэг явж байсан санагдана. За яахав оролдоод үзье гэж би хэлэв. Нээрээн ч болмоор санагдаад явчихлаа. Харин хошин болгохын тухайд андуурал, эндүүрэл болон ойлголцол үл ойлголцлыг монгол, япон сэтгэхүйд хэрхэн буухыг төсөөлөн ядаж суулаа.
Бид хоёрын яриа үндсэндээ дуусч би явахаар завдав. Гэтэл унаа ирээгүй бололтой. Ядаж Эрдэнэ утсаа авдаггүй.
- Манай эхнэрийн Эрдэнэ гэдэг. Одоохон ирнэ. Энэ хооронд би таниас түүний өмнөөс нэг зүйлийг асууя. Эхнэр маань жараад оны дууны яруу найргийг судалж байгаа юм. Таниас энэ үеийн дууны тухай асуух байсан юм гэж би хэлэв.
- Жараад он чинь манай нийтийн дууны цэцэглэлтийн эхэн үе шүү дээ. Жараас ер, наяад онд цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн. Жараад оны эхэнд дууны шүлэг дээр одоогийн энэ томчууд арай төрөөгүй байсан. Тэр үеийн дууны яруу найргийн гол төлөөлөгчид нь Ш. Сүрэнжав, Ш.Шажинбат, Ж.Бадраа, Д.Батсүрэн, С. Долд, Б.Түвшинжаргал нар юм. Эдэн дээр мэдээжийн хэрэг Ч. Чимид, Б. Явуухулан, Д. Пүрэвдорж, Ц. Гайтав нарын томчууд жагсана. Ц. Гайтав гэхэд л Улаанбаатарын дуу, өөр юу юу ч билээ, Хуримын шог дуу гээд гоё гоё дуу нь орж ирж байсан үе. Миний мэдэх лав эд нар байна.
- Хөгжмийн зохиолчдын тэр үеийн гол төлөөлөгчид хэн хэн байв ?
- Хөгжмийн зохиолчдоос манай аваргууд л байхгүй юу. Гол нь С. Гончигсумаа Л. Мөрдорж хоёр. Дээр нь Д. Бадарч, Г.Дарамзагд, М.Норсонжав нар. Ж.Шараагийн цоорч гарч ирсэн үе нь. Ш.Эрдэнэбат амжилттай алхмуудаа энэ үед хийж эхэлсэн. Дунд үеэс Г.Алтанхуяг гарч ирсэн. Сүүл үеэс З.Хангал орж ирнэ. Г.Алтанхуяг, З.Хангал хоёр бол дууны аяыг эгшгийн хувьд нь баяжуулж өгсөн шинэчлэгчид байсан. Г.Алтанхуяг, З.Хангал, Баатарын дуу зохиогдонгуутаа нийтийн дуу болчихдог увьдастай байсан цаг шүү. Зундуйн Батсүх байна. Б.Цогоо, Хаймчигийн Баатар орно. Ч.Сангидорж орж ирнэ. Гол нь энэ хэд юм даа. Би яах вэ 61 онд орж ирсэн хүн. Ийм хүмүүс жараад оны дууны гол нүүр царай нь болж байсан. Эндээс л жараад оны дуу яг харагдана аа. Бас Пунцагийн Лувсан гэж хүн бий. Одоо 95 настай байж байгаа. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хүн. “Цэргийн вальс” гээд тэр үеийн цэргийн гол дууг энэ хүн бичиж байсан юм. Орбитод байдаг. Би сар бүр биеийг нь асуудаг. Гэртээ л байж байдаг юм.
-Таны өөрийн тань анхны дуу жараад онтой холбоотой шүү дээ?
-Тийм. Миний хамгийн эхнийх нь “Цэргийн нөхөр Цэрэнтэй”-гээ гэдэг дуу бий. Дуу зохиогоогүй байж байгаад зохиосон нэг номерийн анхны дуу маань байгаа юм.
-Хэдэн он билээ ?
-1961 оны 7-р сарын 19-ний юм аа. Би мартдаггүй юм. Долд надад шүлэг авчирч өгөөд, би “пээ, би дуу бичдэггүй юм” гэхэд минь “Яаж болдог юм чи, шинэ ажилд орж байгаа хүн дуутай оч” гэж надад шүлэг өгөөд энэ дууг хийлгүүлж байсан юм. Самдагийн Долд олон хүнийг дуутай болгосон хүн шүү. 1966 онд С. Долдын шүлгээр “Пуужинт цэргийн дуу” гэж дуу хийж байлаа. Бид 2, олон дуу хамтарч хийсэндээ.
-“Цэргийн нөхөр Цэрэнтэй” дууг анх хэн гэдэг дуучин дуулсан юм бэ ?
-Анх Төв аймгийн Соёлын ордны Гийнаа гэж хүн дуулсан. Манай дуучин байсан юм. Дараа нь хэд хэдэн хүн дуулсан. Хамгийн их алдаршуулсан хүн нь Гончигийн Жанчив, Д. Дорждэрэм хоёр. Энэ хоёр энэ дууг эн тэнцүү тэгшхэн дуулсан.
-Дараагийн дуу нь ?
-Аюурзанын Мял гэж ХААЯ-ны ажилтан, шүлэг сонирхогч хүн байсан. Түүний шүлгээр “Ардын арми” гэдэг дууг 1964 онд зохиосон. Энэ дуу олон жил дуулагдсаан. Одоо үг нь таарахаа байчихаад дуулахгүй болчихоод байгаа юм. “Ардын хувьсгалаар дуунд төрсөн” /өөрөө аялав/ гээд Цэрэндорж гуай, Дашжамцын дуу бий ш дээ. Тэр дууны дараачийн гарч ирсэн дуу нь энэ байгаа юм. Түүнээс хойш ардын армийн дуу гэж олигтой юм гараагүй л байна.
-Энэ дуунууд тань хэвлэгдсэн үү?
-Би ганц дууны түүвэртэй. Тэр маань 16 дуутай жоохон юм байдаг юм. Би цэргийн дуун дээр л ажилласан хүн. Харин сүүлийн үед л нийтийн дуу хийдэг болж.
Бид хоёр ийнхүү ярилцав. Хаянхярваа гуай ямар нэгэн юманд яарах шиг санагдав. Би ч явахаар бослоо. Намайг өрөөний хаалгыг нь хаах үесэд миний шүлгийг хэзээний барьчихсан суугаа нь нүдний үзүүрт зэрвэсхийн харагдав. Тиймээс би баяртай гэж дахин хэлэх гэснээ хэлээ татав. Хаалга хаагдав.
Офецеруудын ордны хашааны гадна яруу найрагч Батнайрамдалтай тааралдав. Нутгийн хэдэн хүнтэй явж тэдний цэргийн хүүхдийг нь хугацаанаас нь өмнө халуулах гэж хөөцөлдөж өгсөн гэнэ. Нөгөө хэд нь машинаасаа гар ирээгүй тул би бас үл тоон уулзалсан ч үгүй.
Төдөлгүй Эрдэнэ ирж Офицеруудын ордноос Төв шуудангийн ард байх Түгээмэл төв дээр очив. Намайг очиход Харцага дээд сургуулийн захирал Энхтуяа ирчихсэн байж байна. Би түүнтэй хэдэн зүйл ярьж, дараа нь Түгээмэл төвийн нягтлан Энхтуяатай уулзаж ажил төрлийн юм ярьж байтал утас дуугарав. Хаянхярваа гуай ярьж байна.
-Нөгөө шүлгэнд сайхан марш хийчихлээ. Нэг асуух юм байна. Хоёрдугаар бадгийн хоёрдугаар мөрний “Тун чиг эрэмгий зоригт шонхрууд тулалдаж байсан юм” гэдэгт нэг үг илүүдээд байна, яахав гэж байна.
-“зоригт” гэдгийг нь хасчих.
-Ээ дээ болоод явчихлаа. “Тулалдаж байсан юм” гэдгийг “тулалдсан юм” гэчихвэл бүр болоод явчихмаар байна. Утга нь өөрчлөгдөхгүй биз ?
-Утга ч өөрчлөгдөхгүй л дээ.
-Гуравдугаар мөрийн “болохоор” гэдэг үг мөн сайхан зохицож байна шүү.
-Яамай даа. Та яасан хурдан хийчихэв ээ. Би очиж сонсно оо.
-Тэгээрэй, тэгээрэй.
Утас тавиад би Энхтуяад
-Хаянхярваа гуайд цаг гаруйн өмнө нэг шүлэг өгсөн юм. Гэтэл дуу хийчихэж. Бүр марш шүү гэж бахархан хэлэв. Хаянхярваа гуайн яарсны учир тайлагдав.
Би олон хөгжмийн зохиолчтой дуу зохиож байсан. Тэгэхдээ ийм хурдтай хийж байхыг тэр бүр үзээгүй. Тэр тусмаа далан нас хол хэвийсэн энэ гайхамшигт эрийн хувьд бүр ч хэлэх үг алга. Чухам ийм оюуны баялагийг төрийн хамгаалалтад авмаар санагддаг. Энэ хүний ой санамжид буй монголын хөгжмийн урлагийн онол, түүхийн олон баримт, үнэлэлт дүгнэлт, өөрийн биеэр гэрчлэх үйл явдал, тод сонин дурсамж, уран бүтээлийн дахин давтагдашгүй амьд яриа хөөрөг өөр хэн нэгнээр орлуулж болно гэж үү. Гэтэл би энэ эрхэм хүний цагийг хумсалж дуу хийлгэх гэж шүлэг өгч байдаг бас бөх зүрх ээ гэж өөрийгөө зэмлэн бодов. Бас Цэргийн чуулгын нэвтэрхий толь хийх техник ажлыг бодохоос түүний хайран цагийг харамлан дэмий л ганцаараа гаслан суув.

No comments:

Post a Comment