Хувь заяаны хөдөлгүүр

ХУВЬ ЗАЯАНЫ ХӨДӨЛГҮҮР

Монголчуудын түүх нь хүн төрөлхтний түүхийг нэмэн баяжуулж тодруулан бичсэн баатарлаг ард түмний хөлгөн судар билээ. Түүний эх сурвалж нь тэнгэрлэг монголчуудын хувь заяаны хөдөлгүүр болсон үе үеийн удирдагчдын цадиг түүхийн үргэлжлэл юм. Чухамхүү нэгэн улс орны хөгжил дэвшил, бууран доройтох, сэргэн мандах бүхий л үйл явц нь тухайн үеийн удирдагчдын хувь хүний төрөлх чадвар, түүний хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнгийн шууд тусгал байдаг нь тодорхой зүйл юм. Тухайлбал ХХ зууны монголчуудын түүх нь 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын түүх бөгөөд хувьсгал бүхэн өөр өөрийн удирдагч - зүтгэгч хүчин буюу хувь заяаны хөдөлгүүрийг буй болгосон билээ. Монголчуудын энэхүү хувь заяаны хөдөлгүүрийн залуурыг түүхийн нэн эгзэгтэй үед залуурдаж, өөрийн тулхтай төрөлх чанар, алсын хараатай төрийн хар хүний бодлого, цаг үеийн мэдрэмжээрээ бусдаас ялгарч шинэ зууны шинэ монголын шинэ түүхийг зөв сайхнаар эхлүүлсэн төрийн зүтгэлтэн бол Жамбын Батмөнх юм. Тиймээс энэ хүний намтар түүх нь хувь хүний хийгээд монгол төрийн түүхийн тодотгол билээ.

“ХХ зууны монгол төрийн зүтгэлтэн” цувралаар хэвлэгдэж буй “Жамбын Батмөнх” хэмээх энэ бүтээлийг түүний хань А. Дариймаа, тэдний хөрш болох утга зохиолын нэрт судлаачдын нэг Д. Өлзийбаяртай хамтран бичсэн нь сонирхол татаж байна. Нэг талаас хар багаасаа ханилан сууж жаргал зовлонгоо хуваалцан ирсэн ханийн үнэн үг, үзэл бодол, нөгөө талаас олон жил хамар хананы наана цаана бөөрөө нийлүүлэн хөршлөн амьдарсан, басхүү төрөлх нутаг ус нэгтэй эрдэмтэн судлаачийн тулхтай үг, энгийн чадварлаг бичлэг нь нийлэн нэгдэж энэхүү бүтээлийг туурвиснаараа онцлог болжээ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн намтар түүх шавхагдашгүй юм. Түүний хувь хүний хөгжлийн намтар, монголын боловсрол, эдийн засгийн хөгжил, төрийн төлөвшилтөд оруулсан хувь нэмрийг тухайлан судалсан бүтээл өнөө хэр гарсангүй. Тэр бүхий эхлэл болгож түүний хөрөг, дурсамж, захидал, гар бичмэл, ярилцлага, түүхэн баримтуудыг ийнхүү дэлгэн тавьж буй нь сонирхолтой төдийгүй судалгааны гүйлгээнд оруулж буй оновчтой шийдэл болжээ. Үнэхээр баруун хязгаарын буйдхан нутгийн эгэл малчны даруухан бор хүү хэрхэн өөрийгөө хөгжүүлэн боловсруулж, төрийн өндөрлөгт хүрч, нэгэн ард түмний хувь заяаны тонгорог шиг торгон ирэн дээр эх оронч хүний эр зоригийн шалгуур болсон түүхэн зөв шийдвэр гаргаж социализмын сүүлчийн шанг тавьж, ардчиллын эхний босгыг тулж хуучин, шинэ хоёр нийгмийн холбох улаан шугамыг бат найдвартайгаар татаж чухамхүү оготны хамраас ч цус гаргалгүйгээр ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн нь хэн хүний, тэр тусмаа улс төр судаачдын анхаарлыг татах судлагдахуун мөн болох нь гарцаагүй юм.

Номын үндсэн хэсэгт Ж. Батмөнхийн улс төрийн хөргийг бичихдээ “1984 оны үйл явдал буюу Ж. Батмөнх”, “1990 оны үйл явдал буюу Ж. Батмөнх” гэсэн он цагийн хэрэг явдлыг тухайлан авч үзсэн нь түүхийн тэрхүү эгзэгтэй, маргаантай, хурц тэмцлийн үнэн бодит үйлдлийг тодруулахад чухал зүйл болсон байна. 1984 онд Ю. Цэдэнбал нам, төрийн өндөрлөгөөс хэрхэн өөрчлөгдсөн, тэр нь хуйвалдаан байсан эсэх, түүний залгамжлагчаар Ж. Батмөнхийг хэн анх нэр дэвшүүлсэн зэрэг одоо ч нэг мөр дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа түүхийн үйл явдлуудыг баримтаар нотлон цэгцэлж, тэр бүхэн нь монгол төрийн хөгжлийн зүй зохистой шийдлүүд байсныг энэ ном өгүүлж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явдлын өрнөлт нь гадаад нөхцөл байдал, дотоод хямралт байдлын огтлолцол, халуун цэг болж байсныг тухайн үед төрийг тэргүүлж байсан Улс төрийн товчоо хэрхэн мэдэрч, түүнд улс төрийн доривтой дүгнэлт өгч бүрэн бүрэлдэхүүнээр огцрох тухай түүхэн шийдвэр гаргасан, тэр нь чухамдаа хэний санаа зориг байсныг бас эндээс тодорхой харж болно. Улс төрийн товчоо огцрох нь улс орны хувь заяаны нэн эгзэгтэй зангилааг тайлах гол арга нь мөн байсныг танин мэдэж, тооцон хэрэгжүүлсэн нь Ж. Батмөнхийн монгол төрийн мэргэн ухаанд мэргэшсэн, улс төрийн эцсийн хариуцлагыг өөр дээрээ татан авч шийдвэрлэх чадвартай улс төрч, эх оронч, баатарлаг үйлстэн байсныг гэрчилж байна.

Энэхүү номын хамгийн сонирхотой хэсэг нь А. Дариймаагийн “Батмөнхийнх гэдэг айл” хэмээх дурсамж юм. Тэрхүү дурсамжинд Ж. Батмөнхийн оюутан цагийн хайр дурлал, ажил амьдралын дурсгалтай мөчүүд, төр түмэндээ нойроо хагаслаж, чөмгөө дундартал зүтгэж явсан мятаршгүй хөдөлмөрийн он жилүүд, ханийнхаа төрсөн нутагт хамт амарсан гайхамшигт үе, түүхийн эгзэгтэй агшинд өөрийн үзэл бодолдоо тууштай байх төрөлх чадвар, бас “тойрон хүрээлэгч”-дийн хэлмэгдэлд өртсөн гунигт явдал, төрийн болон жирийн хүмүүсийн хүн чанарын олон асуудлыг хөндсөн байна.

Ер бусын цаг үед ер бусын байж, эгэл жирийн үед дэндүү эгэлхэн байж чаддаг Ж. Батмөнхийн мөн чанарын гайхамшиг нь хүн чанар, төрийн цэгцтэй бодлогын нэгдэл дунд оршин байсныг түүнтэй хамтран ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн, жирийн хүмүүсийн бичиж нийтлүүлсэн дурсамж, захидал, түүхэн баримтууд нотолж байна. Номын бас нэг үнэ цэнэтэй тал нь энэ юм. Үүнийг ерээд оноос хойш сонин хэвлэлд өгсөн Ж. Батмөнхийн удаа дараагийн ярилцлагууд нэгэн адил тодотгож байна.

Монгол төрийн түүхэнд ул мөрөө үлдээсэн, үлдээж буй хэн ч байсан, түүний гүйцэтгэсэн үүрэг эерэг, сөрөг ямар ч байснаас үл хамааран тэдний өв санг бүрдүүлэх, төрийн хамгаалалтад авах, судалгааны гүйлгээнд оруулах зэрэг бодлогын чанартай үйл ажиллагааг төрөөс дэмжиж, бас санхүүжүүлж байнгын, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх боломжийг бүрдүүлэх нь эцсийн бүлэгтээ монгол улс, төр, түмний түүхийг үнэн зөв бичих нэгэн шимт хөрс болох нь гарцаагүй. Түүний нэгэн жишиг болгож Ж. Батмөнх судлалын сан байгуулж, түүний бүрэн бүтээлийг эмхтгэж, ялангуяа хамтран ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн улбаа бүдгэрээгүй үед нь түүхийн нэн эгзэгтэй үйл явдлыг гэрчлүүлж дурсамж тэмдэглэл бичүүлэх, түүхийн үнэ цэнэтэй ховор баримт хэрэглэгдэхүүн, гар бичмэл тэргүүтнийг улсын архивт татан авах, төрийн зүтгэлтнүүдийн ар гэрийнхэнд тодорхой хугацаанд төрийн дэмжлэг туслалцаа үзүүлж байх зэрэг тодорхой хэд хэдэн ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх нь зүйтэй мэт санагдаж байна.

Жамбын Батмөнх хэмээн энэ түүхэн хүний амьдралтай бид ийнхүү танилцлаа. Тэрбээр хувь хүн, гэр бүлийнхээ хувьд төдийгүй монгол төрийн нэгэн хүчирхэг хөдөлгүүр, зүтгэх хүчин нь болж явсан нь тодорхой байна. Түүнийг хувь заяаны хөдөлгүүр хэмээн нэрлэх нь зохимжтой юм. Учир нь өөрөө хүн болж төлөвших, боловсорч гэгээрэх, улсад биеийн хүчин үнэлж зүтгэх, улмаар төрийн тэргүүн болж улс орноо удирдах гэдэг нь хувь заяаны эргүүлэг, түүний дотоод шаталтын хөдөлгүүр билээ. Хорьдугаар зууны нийгмийн гол үзэгдэл болсон социалист нийгмийн сүүлчийн “эзэн хаан”, хорин нэгдүгээр зууны монголын хөгжлийн үндсэн баримтлал болсон хүмүүнлэг ардчилсан нийгмийг өлгийдөн тосч авсан улс төрийн тулхтай зүтгэлтэн Жамбын Батмөнхийг монгол түмэн түүхэндээ мөнхөлж ямагт санан дурсаж явах учиртай.

Доктор, редактор Ү. ХҮРЭЛБААТАР

2006 оны есдүгээр сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment