Сэтгүүл зүй өөрөө ёс зүйтэй байх учиртай

СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨӨРӨӨ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ УЧИРТАЙ

Монголын сэтгүүл зүйн хөгжлийн нэгэн тулгуур багана нь түүний судлал шүүмж юм. Ерээд оноос зогсонги байдалд орж, харин сүүлийн үесэд илт сэргэж буй сэтгүүл зүйн судлалд шинэ судлагдахуун, шинэ судлаачид нэмэгдэх болсон нь хамгийн олзуурхууштай зүйл юм. Үүний нэгэн бүтээл, бүтээлчтэй Таныг зуучлан танилцуулж байгаадаа баяртай байна.

Монгол туургатны Түгээмэл дээд сургууль нь олон улсын сэтгүүлч, орчуулагч, аялал жуулчлалын мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд тэдгээрийн нэгэн гол чиглэл нь ёс зүйн сургалт юм. Ялангуяа сэтгүүлчийн ёс зүйн асуудал өнөөгийн монголын сэтгүүл зүйн тулгамдсан асуудал болон хурцаар тавигдаж буй энэ үед Түгээмэл дээд сургууль дээр БНУУ-ын Будапешт хотод төвтэй Соросын сангийн Дундад Азийн судалгааны санаачлага /CARI/ хөтөлбөрийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлсэн нь ач тусаа өгч буйн нэг илрэл нь Нямаагийн Түмэнбаярын “Сэтгүүл зүйн ёс зүй” бүтээл юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг намын үзэл суртлын хүлээснээс алдуурч олон ургальч үзлийг дээдлэх болсон, төрийн өмчийн хүрээллээс хувийн өмчид тулгуурласан мэдээллийн бүхэл бүтэн сүлжээ бий болсон, сурталчилгааны хэрэгслээс арилжааны хэлбэр рүү шилжсэн зэрэг ерээд оноос хойших монголын сэтгүүл зүйн суурь өөрчлөлтүүд эцсийн бүлэгт сэтгүүл зүйн болон сэтгүүлчийн ёс зүйн өндөр босгыг хэрхэн даван туулах, төлөвшүүлэх их сорилтын өмнө тулж ирсэн билээ. Тиймээс монголын сэтгүүлчдийн дунд ёс зүйн шалгарал явагдаж нэг хэсэг нь хүн гүтгэх, гүжирдэхийн дон тусч хүн чанараа гээж, өөрөө бас гээгдэж, нөгөө хэсэг нь нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө алдан онон зүтгэн эхэлж байна.

Ийм чухал шилжилтийн цаг үед сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар судлаачид өөр өөрсдийнхөө байр суурь, үзэл бодлыг илэрхийлж, суурь судалгааны шинжтэй бүтээл туурвиж эхэлсэн нь монголын сэтгүүл зүйн судалгааны шинэ судлагдахуун болж байна. М. Зулькафиль, Ч. Чойсамба, Ч. Базар зэрэг олон судлаач ном бичиж, их дээд сургуулиудад магистрийн нэг чухал сэдэв болон хувирсан нь сэтгүүлчийн ёс зүйн сэдэв судалгааны гүйлгээнд нэгэнт орсныг бэлхнээ харуулж байна. Эдгээр бүтээлүүд нь сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг дагнан судалсан буюу хувь хүний тухайтад илүү анхаарч монголын өнөөгийн жишээн дээр түшиглэсэн нь нийтлэг шинжтэй байгаа бол Н. Түмэнбаярын энэхүү бүтээл нь сэтгүүл зүйн өөрийнх нь ёс зүйн асуудлыг цогц хэлбэрээр авч үзэж, түүнээ дэлхийн сэтгүүл зүйн өнөөгийн цөм болсон асуудлуудын хүрээнд татан оруулж, монголын хөрсөнд буулган идээшүүлэн бичсэнээрээ онцлог болсон байна. Тиймээс сэтгүүл зүй дэх ёс зүйн суурь ойлголтуудыг түүхэн зүйн үүднээс ул үндэстэй тайлбарлаж, сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэхэд учрах бэрхшээлийг бусад орнуудын жишээн дээр олон талаас нь шинжилж, хэвлэлийн хяналтын тогтолцоог нэлээд дэлгэрэнгүй судалсан нь анхаарал татаж байна.

Сэтгүүлчийн ёс зүйн асуудал өөрөө нэн эмзэг, хурц асуудал учраас нэг талаас сэтгүүлчийн ур чадвар, боловсрол, үзэл бодлын төлөвшилтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн нийтлэлийн бодлоготой уялдуулан оюун санаа, сэтгэлгээний эрүүл орчинг бий болгох, нөгөө талаас тэдний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, уншигчдаа ёс зүйтэй мэдээллээр хангахад хуулийн байгууллага, хуульчдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Энэ үүднээс авч үзвэл хуульч Н. Түмэнбаярын “Сэтгүүл зүйн ёс зүй” ном анхны бүтээл болж байна. Тиймээс сэтгүүл зүйн ёс зүйн эгзэгтэй олон асуудлын гарц, гаргалгааг хууль зүйн үүднээс хэрхэн авч үзсэнийг эндээс олж харж болно. Бас сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой өнөөдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хуулиудын холбогдох заалтуудыг тухайлан авч нэлээд иж бүрэн хэлбэрээр түүвэрлэн хавсралт хийсэн нь энэ номын үнэ цэнг улам нэмэгдүүлж байна.

Н. Түмэнбаяр энэхүү төслийг Түгээмэл дээд сургуульд хэрэгжүүлэхдээ сэтгүүлчийн ёс зүйн хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулсан юм. Тиймээс “Сэтгүүл зүйн ёс зүй” номд үе үе сургалтын шинжтэй зүйлс цухалзаж байгаа нь илүүц зүйл огт биш. Ялангуяа сэтгүүлчийн ширээний сургуулилт гэмээр сонирхолтой дасгалууд нь тийм жишгээр баяжуулж сургалтад ашиглаж болохыг харуулсан үлгэрчилсэн загварууд юм. Уг номд дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн олон баримтуудыг дэлгэрэнгүй оруулсан нь монголын нөхцөлд сэтгүүл зүйн ёс зүйг төлөвшүүлэхэд шинэ санаа сэдлийг өгч байгааг судлаачид төдийгүй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсье.

Монголын сэтгүүл зүйн хөгжил дэлхийн өнөөгийн түвшинд хүрэхийн тулд өөрөө зөв төлөвшиж, хүн төрөлхтний үнэт зүйлсийг үндэсний хэмжээнд идээшүүлэн дасгах, агаар ус мэт адилхан хэрэглэх, хүртэх учиртай билээ. Иймээс ёс зүйн асуудлыг сэтгүүл зүйн өөрийнх нь тогтолцооны хүрээнд авч үзэж, түүнийг нь уншигчдын боловсролын хатуу шүүлтүүрээр шүүж, эрх зүйн чадамжтай орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Мэдээллийг эрж хайх, боловсруулах, түгээх эрх чөлөөг эдлэхдээ ёс жудаг, хүн чанар, үнэнийг эрхэмлэх ардын ухаанд дэвсгэрлэж, олон улс, өөрийн орны хэмжээнд мөрдөгдөж буй хуулийн заалтад нийцүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх, боловсронгуй болгох нь сэтгүүл зүйн ёс зүйг цэвэршүүлэн төлөвшүүлэх амин чухал нөхцөл юм. Чухамхүү үүнийг Н. Түмэнбаяр сэтгэлдээ тээн “Сэтгүүл зүйн ёс зүй” энэхүү бүтээлийг туурвисан байна.

Их дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан, судлаачид төдийгүй уншигчид, нийт хүмүүст энэхүү бүтээлийг Монгол туургатны Түгээмэл дээд сургууль зориулж байна.

Түгээмэл дээд сургуулийн
захирал, доктор Ү. ХҮРЭЛБААТАР

2005 оны зургадугаар сарын зургааны өдөр

No comments:

Post a Comment