Зохиолчдын анхааралд

Зохиолчдын анхааралд

“БУРХАДЫН САРХАД” ДУРСАМЖ ЦУВРАЛЫН
ДАРААГИЙН БОТИД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ ?

Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ой 2009 онд тохиож байгаа юм. Тиймээс энэ түүхт ойд зориулж 81 зохиолчийн дурдатгал бүхий “Бурхадын сархад” номын нэгдүгээр боть оны эхэнд хэвлэгдсэн нь монголын үе үеийн зохиолчид төдийгүй уншигч олны талархлыг хүлээж уг боть сарын дараа дахин хэвлэгдсэн билээ.

Зохиолчийн ертөнц, андлал, ой санамж бүхий “Бурхадын сархад” дурсамж цувралын хоёр, гуравдугаар ботийг бэлтгэж байна. Дурсамжийн цуврал “Зохиолчийн номын өргөө буюу Зохиолчийн байгууллагын тухай”, “Зохиолчийн оюуны өргөө буюу зохиолчын өөрийн учир”, “Зохиолчийн андлал буюу зохиолч зохиолчийнхоо тухай” гэсэн гурван бүлгээс бүрдэнэ.

“Зохиолчийн номын өргөө буюу Зохиолчийн байгууллагын тухай” бүлэгт МЗЭ-ийн хороонд ажиллаж байсан, мөн сонгуульт ажил үүрэг гүйцэтгэж байсан бүхий л хүмүүс тухайн үеийн ажил үйлс, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ямар ч асуудлаар бичиж болох бөгөөд гагцхүү тэр нь МЗЭ байгууллагын хувьд хэрхэн хөгжиж, төлөвшиж байсныг өөр өөрсдийн мэддэг болон гардан хийж явсан хийгээд бусдын тухай баримтаар өгүүлсэн байвал зохино.

“Зохиолчийн оюуны өргөө буюу зохиолчын өөрийн учир” бүлэгт тухайн уран бүтээлч өөрийнхөө сор бүтээлийнхээ тухай өгүүлэх юм. Миний бодлоор энэ бүлэг хамгийн чухал нь бөгөөд зохиолч өөрийн уран бүтээлийн гал тогооны нарийн нандин зүйлсийг дэлгэн тавихад чиглэгдэж байна. Энд өөр өөрийн шилмэл бүтээл, төр засгийн болон уран бүтээлийн өндөр шагнал хүртсэн туурвил, түмэн олонд ам дамжин тархсан домогт зохиолууд байх нь мэдээж бөгөөд ялангуяа аль ч шатны сургуулийн сурах бичиг, хөтөлбөрт орсон бүтээлүүдийн тухай байвал нэн сайхан байна.

“Зохиолчийн андлал буюу зохиолч зохиолчийнхоо тухай” бүлэг “Дурсамж” цувралын хамгийн өргөн хүрээтэй хэсэг нь юм. Чухамхүү энэ бүлэгт монголын уран зохиолын үе үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн халуун дурсамж бичигдэж буй бөгөөд энэ нь монголын уран зохиолын түүхийн нэгэн чухал бүрэлдэхүүн болох нь тов тодорхой юм. Ерөөс “Бурхадын сархад” дурсамж цувралын үндсэн санаа нь зохиолчийн дурсамж бол зохиолчийн оюуны архив төвийгүй монголын түүх, соёлын маргашгүй чухал хэсэг гэж үзэж буйд оршино.

Дурсамж, дурдатгалаа бичихэд тань хэрэг болуужин хэмээн “Бурхадын сархад” цувралын нэгдүгээр ботийн оршил болох “Зохиолчийн дурсамж-оюуны архив” өгүүллийг дахин сонордуулж байна.

МЗЭ-ээс эрхлэн гаргаж буй “Бурхадын сархад”
дурсамж цувралыг санаачлагч, хөтлөгч, редактор Ү.Хүрэлбаатар

u_khurelbaatar@yahoo.com
u_khurelbaatar@tugeemel.mn

No comments:

Post a Comment