Ү. Хүрэлбаатар
ШУВУУНЫ МӨР
/Гурван мөрт зүс үгсийн найрсал толь/
Зүүдний хонгор амраг минь
♥ ♥ ♥
Зүүдний хонгор амраг минь
Зүгээр л намайг орхи
Зүүд шүү дээ, чи
♥ ♥ ♥
Намайг энд бэтгэртлээ санаж буйг
Гоо бүсгүй чи мэдэх үү
Азгүй бүсгүй чи анзаарахгүй л дээ
♥ ♥ ♥
Ногоон навчит цагаан хусны дэргэд
Цагаан хувцаст залуу бүсгүй зогсоно
Болзоот залуу нь ямар хувцастай ирэх бол
♥ ♥ ♥
Тас тэвэрмээр нарийхан бэлхүүс туялзаад
Тас хар алаг нүд нь харц соронздоод
Тас шиг элэн халин бүжих бүсгүй оньсого мэт
♥ ♥ ♥
Люси цэв цэнхэр нүдтэй
Хэнри нов ногоон нүдтэй
Хүүхэд нь ямар нүдтэй бол
♥ ♥ ♥
Нүд, хамар хоёр нь
Нүгэлтэй адилхан юм
Нүгэлгүй адилхан юм
♥ ♥ ♥
Хайрыг хайраар аргамжина
Хатууг зөөлнөөр аргамжина
Хацрыг нулимсаар аргадна
♥ ♥ ♥
Хэлэх үг алга, жаргалтай сайхан
Нэмэх үг алга, журамтай сайхан
Ийм цатгалан жаргал байдаг аа
♥ ♥ ♥
Зуны шөнө амгалан – зүрх шиг
Алхах нь хүртэл амгалан – зураг шиг
Чи бид хоёрын зүрхний хэм ижилсжээ
♥ ♥ ♥
Охид хөвгүүдийн цоглог дуу сонсогдоно
Оройн бүрийд чимэг мэт санагдана
Залуу нас салхины чимээ шиг алсарна
♥ ♥ ♥
Царайлаг бүсгүйд бардам зан илүү
Авьяаслаг дуучинд илүү маяг илүү
Илүү юм илүү л байдаг даа
♥ ♥ ♥
Энэ баячуудаас чи баян юм
Тэд хөрөнгөө манан тарчилж хононо
Харин чи дурлалдаа жаргаж тайван хононо
♥ ♥ ♥
Болжмор шиг жиргэн дуулах уу
Бүргэд шиг элэн халин дуулах уу
Бүүр больчих уу
♥ ♥ ♥
Цонхны тавцанд цэцэгтэй ваар
Өнөөдөр дэлбээгээ нээх нь
Их байгальдаа тэмүүлэх зүүд мэт
♥ ♥ ♥
Цагаахан юм даа, цасанд гарсан мөр шиг
Бодлогогүй юм даа, бороонд норсон цаас шиг
Халуухан юм даа, хар дарсан зүүд шиг
♥ ♥ ♥
Зүү орох зайгүй тас тэврэлдээд
Зүр цэцгийн анхилам үнэрт тас согтоод
Зүрхэн нууранд хос залуу зүрхээ тольдоно
♥ ♥ ♥
Ямар их хүлээнэ вэ, гурван хоног
Ямар их хүсэв дээ, гучин жил
Ямар их жаргал вэ, чи минь амьд
♥ ♥ ♥
Бусдын хайр ямар байдгийг би мэдэхгүй
Булиглах зүрх юу хүссэнийг би мэднэ
Хайрын өмнө би даан ч өчүүхэн
♥ ♥ ♥
Дурлал хайрыг дуу шиг зохиож болдог бол
Дууны дахилт шиг дурлал дахидаг бол
Од тоолон дурлалын дуу дуулам уу, би
♥ ♥ ♥
Зүрхийг сэтгэл гэж андуурав, алджээ
Сэтгэлийг зүрх гэж алдуурав, оножээ
Андуурах, алдуурахын завсар юу байна вэ
♥ ♥ ♥
Далдхан хүслээ дарж ядав
Далавчийг нь хяргаж нэг үзэв
Дарагдсангүй, дураар нь тавьяа даа
♥ ♥ ♥
Ногоон шулуун ишэнд тогтож ядах
Ягаан дэлбээ дээш тэмүүлэх нь
Янагийн дууллын төгсгөл мэт
♥ ♥ ♥
Тэврэлдэн суух бид хоёрын сүүдэр
Цохилж буй зүрх мэт болоход
Бид хоёр зэрэг босон харайв
♥ ♥ ♥
Гунигтай ая сонсжээ суухад
Баясах сэтгэл гэнэт оргилов
Гудамжны үзүүрээс хэн ирж байна, хар даа
♥ ♥ ♥
Уйтгарт шөнийн бодол
Оймс адил хөглөрөхөд
Бүсээ би бүслэв
♥ ♥ ♥
Санан санахуй
Санасангүйгээ санан санахуй
Санааны үзүүрт торж дээ, чи
♥ ♥ ♥
Хуримын олон зочдын дунд
Хуучин нөхөр нь зогсож байна
Хуурамч бөгж шиг холхиж байна
♥ ♥ ♥
Жаахан хүү, сайхан бүсгүй хоёр
Жаазтай зураг шиг инээлдэнэ
Жаргал, зовлон шиг үзэгдэнэ
♥ ♥ ♥
Хөшигний цаана саран мандсан байгаа
Хөхний даруулга амарч байгаа
Нүд аниастай ч би мэдэж байна
♥ ♥ ♥
Хажуу өрөөний бүдэгхэн чимээ
Хана нэвтэлнэ
Дэндүү танил аж
♥ ♥ ♥
Чихнээс чинь үнсье, хов бүү сонсог
Уруулаас чинь үнсье, хор бүү амсаг
Нүдийг чинь үнсье, нүгэл бүү хараг
♥ ♥ ♥
Яагаад хаврын цаснаар
Яргуй цэцэглэдэг юм бэ
Яг чиний ирэх шиг
♥ ♥ ♥
Савлуур дээр эмгэн, өвгөн хоёр
Дүүжин даажиндах нь
Сар, нарны дуртгал шиг хөөрхөн
♥ ♥ ♥
Зэгзгэр өндөр бүсгүй нулимстай зөрөв
Зэм хийсэн мэт би эргэн харав
Нуруунаас нь хүртэл гуниг үзэгдэв
♥ ♥ ♥
Ганцхан юм асууя
Галзуу юм асууя
Чи надад хайртай юу
♥ ♥ ♥
Яруу эгшигт одтой цагаан бич өдөр
Яг чанх дээр долоон бурхан эргэлдэхэд
Янагийн дууллаа чамдаа зориулж бичсэн
♥ ♥ ♥
Уучлал гуйх хэрэггүй дээ, хонгор минь
Урсах нулимсны дусал бүр чинь
Уучлал байсан
♥ ♥ ♥
Гунигтай харц чинь мөрөө даван унахад
Гутрал бус тохуурхал нуугдаж байсан
Гуйлгахын хөшиг татсан байсан
♥ ♥ ♥
Хаврын өдөр
Намрын шинж орох нь
Чи байж
Шувууны мөр
Labels:
Яруу найраг
No comments:
Post a Comment